Гашуун яриа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар ЦЕГ-ын Урдчилан сэргийлэх газрын Гэмт хэрэг зөрчлөөс урдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Б.Ариунгуатай ярилцлаа. Тэрээр олон нийтэд сэрэмжлүүлэг болгох үүднээс цахим мөрийтэй тоглоомын хор уршгийн талаар хэлсэн юм. Ингэхдээ цахим мөрийтэй тоглоомыг хар тамхинаас илүү донтолт үүсгэдэг тухай онцоллоо.
-Ярилцах санал хүлээн авсанд баярлалаа. Үзэгчид таныг хөтлөгчийн дүрээр нь сайн мэдэх байх. Цагдаагийн албанд ажиллах хэр байна даа?
-Сайн байна уу? Би Билэгсайханы Ариунгуа байна. Одоогоор цагдаагийн ахлах дэслэгч цолтой. Төрийн тусгай албанд ажиллаад таван жил боллоо. Цагдаагийн ажил бол эмэгтэй хүнд их хэцүү мэргэжил. Манай нөхөр ч гэсэн цагдаагийг алба хаагч. Тэгэхээр ар гэртээ зарцуулах цаг их хомс байдаг. Гэр бүл зохиож, хүүхэдтэй болоод гэртээ суугаад бараг дөрвөн жил болсон. Энэ хугацаанд яг хүүхдүүддээ анхаарлаа хандуулж байгаад, ажилдаа орох нь нэг бодлын гоё байна. Яагаад гэхээр, дандаа гэртээ суугаад л хоёр хүүхэдтэйгээ байдаг байсан. Манай нөхөр ч гэсэн цагдаа болохоор өглөө, оройгүй л ажиллана. Эргүүл, жижүүр гээд дандаа л ажлын ачаалал ихтэй байдаг юм. Би хүүхдүүдтэйгээ гэртээ л байж байдаг байсан даа. Нийгэмдээ хөл нийлүүлээд эхэлсэн чинь амьдрал арай л сонирхолтой, гоё болж эхэлж байна. Бидний ажил бол иргэдээ гэмт хэрэг, зөрчлөөс урдчилан сэргийлдэг.
Ажлаа сайн хийвэл гэмт хэргийн гаралт ч буураад, алба хаагчдын маань ачаалал буурах боломжтой учраас ажилдаа их дуртай.
-Нэг хэсэг СУИС-д сурч байсан уу?
-Яг өөрийнхөө дуртай, хийж чадна гэсэн мэргэжлийг сонгох хамгийн чухал юм билээ. Яагаад гэхээр би өөрөө өөр сургууль сонгож, нэг жил алдсан хүн. Дээрээс нь аливаа зүйлд хүрэх гэж нэг их яараад байх шаардлагагүй юм болов уу гэж бодож байгаа.
-Өнөөдөр олон нийтэд сэрэмжлүүлэг хүргэхээр уулзсан шүү дээ. Гол яриандаа орох уу?
-Цахим орчин илүү хөгжингүй болж байгаатай холбоотой, цахимаар үйлдэгдэж байгаа гэмт хэргүүд ч гэсэн ихсэж байгаа. Цагдаагийн байгууллагад Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс гэж байсан бол Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар болоод, цахимаар үйлдэгдэж байгаа гэмт хэргүүдийг илрүүлэх, таслан зогсоох, урдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Фэйсбүүк цахим орчинд реклам нь яваад байгаа тоглоомыг хараад хүмүүс ихээр хохирч байгаа юм. Би цахим мөрийтэй тоглоомын талаар ярих гэж ирсэн. Нэг бичлэг үзэж байгаад, гүйлгээд харахаар, “би мөнгө хожчихлоо” гээд гэр бүлээрээ баярлаж инээлдээд л, дансанд нь мөнгө ороод л, эсвэл цахим дүр гарч ирээд, манай аппликейшныг татаад маш их хэмжээний мөнгийг хурдан хугацаанд аваарай гэх бичлэгүүд их цацагдах болжээ.
Ялангуяа Poker 2 гэсэн апп бий. Энэ нь цахимаар мөрий тавиад, дотроо өрөө үүсгэж тоглодог тоглоом. Надад жишээ нь 10 мянган төгрөг байлаа гэж бодоход, би 10 мянгын өрөөнд сууна. Ингээд өөрөө бодохдоо, надаас бусад долоон хүн яг өөртэй нь адилхан утсаараа тоглож байгаа хүмүүс гэж бодож байгаа юм. Гэвч яг үнэндээ цахим мөрийтэй тоглоомыг зохион байгуулж байгаа хүмүүс гэж байдаг. Энэ нь мөрийтэй тоглоом зохион байгуулах буюу Эрүүгийн хуулийн 20.17-д зааж байгаа хууль бус үйлдэл. Энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж буй хэсэг бүлэг этгээдүүд нэг дор сууж байгаа гэсэн үг. Студи, оффис, зочид буудлын өрөө, түрээсийн байранд зургаан хүн нэг дор суухаар нэгнийхээ модыг харах боломжтой болдог байх нь. Найман хүнтэй ширээний зургаа нь нэг дор хамт байгаа юм чинь, нөгөө хоёр хүний мөнгийг авах боломжтой шүү дээ. Тоглогчдод ганц хоёр удаа 50 мянга, 80 мянга гэх зэрэг мөнгийг нь хожуулчихна. Тэгэхээр нь хүмүүс би 20 мянган төгрөгөөр тоглосон чинь 50 мянган төгрөгтэй болчихлоо. Энэ бол мөнгө олох боломжтой юм байна. Маш хялбар аргаар, гэртээ утсаа оролдож байгаад л мөнгөтэй болчих нь байна гэсэн амар аргаар мөнгө олъё гэсэн бодол нь хүмүүсийг уруу татаад байгаа.
Хүмүүс өөрсдөө бол, “Би донтоогүй, завсар зайгаараа л тоглодог. Хааяа л нэг ороод тоглочихдог” гэж яриад байгаа хирнээ, өөрийгөө донтож байна гэж огт мэддэггүй.
Ингээд алдсан мөнгөө олох гэж илүү их бооцоо тавина. Бүр илүүг хожно гэсэн бодол толгойд нь орж ирээд, хамаатнуудаасаа мөнгө төгрөг зээлж байна. Зээлсэн мөнгөө буцаад өгч чадахгүй болоод ирэхээрээ машинаа барьцаанд тавьж байна. Машинаа зарж байна, байраа түрээслүүлэх, барьцаанд тавих зэргээр, ганц хоёр тоглоод хоёр ахиулаад авчихна гэх бодлоор илүү их зүйлээ алдаад байгаа юм.
-Мөрийнөөс үүдэлтэй гэр бүл салалт, амиа хорлолт гээд олон асуудал үүсдэг үү?
-Өөрийн гэсэн бүх эд хөрөнгөө зарсны дараа тухайн эрэгтэйн гэр бүл салсан кейс бий. Ингээд хүүхдүүд өнчирч байна. Эд хөрөнгө, эрүүл мэнд, сэтгэл санааны хохирлыг зөвхөн тэр хүн биш, түүний цаана байгаа бүх хүн амсаж байгаа юм.
-Мөрийтэй тоглоом зохион байгуулж буй хүмүүсийн өрөөнд тоглоод байгаагаа мэдэх боломж байдаг уу?
-Цахимаар тоглож байгаа тоглоомны цаана тантай адил тоглож байгаа долоон хүн, яг тантай адил тоглож байгаа хүн мөн үү биш үү гэдгийг яагаад ч мэдэх боломжгүй.
-Үүнээс яаж сэргийлэх вэ?
-Таны ойр орчимд цахим мөрийнд донтоод, эсвэл зохион байгуулаад байх юм бол 102, 262425 дугаарт мэдээлэл өгөх боломжтой. Гэмт хэрэгт хохирохоос илүү холбогдож байгаа хүмүүс байна. Түр мөнгөтэй болох зорилгоор хүмүүс мэдэхгүй, өөрсдөө холбогдогч болоод байгаа юм. Өөрийнхөө хэрэгцээний мөнгийг олж байгаа ч гэсэн энэ нь хууль бус үйл ажиллагаа юм. Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүдээ, ойр дотны хүнээ яг юу тоглоод байгаа юм бэ гэдэг дээр илүү их хараа хяналт тавиад ойр дотны хүмүүстээ зөвлөмж өгөөрэй гэж цагдаагийн байгууллагаас зөвлөмөөр байна.