32 жил Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамбаар ажилласан, Хамба номун хан Д.Чойжамц өнөөдөр албан үүргээ хүлээлгэн өгч байна. Тэрээр билгийн тооллын XVI жарны цагаагчин туулай жил, нийтийн он тооллын 1951 онд Төв аймгийн Бүрэн сумын "Хайрхан булаг" хэмээх газар лагшин мэндэлсэн. Гандантэгчэнлин хийдийн хурлын голч, Да лам, Дэд хамбын мяндаг тушаалыг 1976-1992 онд хариуцлагатайгаар хашиж, шашин номын үйлийг хичээнгүйгээр өрнүүлэн ажиллаж байсан билээ. Хамба номун хан Д.Чойжамц нь 1992 оны наймдугаар сарын 20-ны бэлэгт сайн өдөр Гандантэгчэнлин хийдийн "Тэргүүн их хамба" хэмээх өндөр дээд хариуцлагатай мяндаг тушаалыг хүлээн авч, хуучин социалист нийгмээс шинэ нийгэмд шилжих шилжилтийн хүнд хэцүү үеэс эдүгээг хүртэл энэ насны алжаал зүдрэлийг огоорч, шашин амьтны тусад хязгааргүй үйлс бүтээлийг чин бишрэл, хичээл зүтгэлээр үүтгэн бүтээсэн түүхэн гавъяатан юм. Тэрбээр Монгол Улсын Ардын Их Хурлын депутатаар 1990-1992 онд сонгогдон Монгол улсын шинэ үндсэн хууль батлалцах түүхт үйл хэрэгт оролцож, үндсэн хуульд "Төр шашнаа хүндэлж, шашин төрөө дээдэлнэ" хэмээх тэргүүтэн Бурхны шашны байр суурийг бататгах заалтуудыг оруулахад гол санал санаачилгыг гарган ажилласан билээ.
МБШТөв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, хичээнгүй зүтгэлт XXIX Хамба номун хан гавж Д.Чойжамц 1992-2023 оны хооронд буюу 31 жилийн турш дээдсийн зарлигийг доройтуулахгүйг, умар зүгийн Монгол орны шашны эзэн, оройн дээд, Очирдарын хувилгаан Богд гэгээн Жэвзүндамба хутагтын Их хүрээнээ хувьсгалт засгийн үед тасарсан болоод доройтсон уламжлалуудыг сэргээх, арвитган дээшлүүлэх хүнд бэрх үүргийг хүлээн авч шашин, амьтны төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр хичээнгүйлэн зүтгэж ирсэн. Энэ хугацаанд түүний Монголын Бурханы шашны түүхэнд гүйцэлдүүлсэн бодлогын зарим амин чухал зохиол үйлсийг нь товч сийрүүлбэл;
1. Ирээдүйд Монголын Бурханы шашныг винайн ёсны дагуу хир үгүй барих судар, тарнийн их гуу санд сонсох, санах, бясалгахын үүднээс зэргэмжлэн төгсөх лам хуврагуудын суралцах үүдийг Хутагт Энэтхэгийн оронд нээсэн.
2. Анхдугаар Богд гэгээн Жэвзүндамба хутагт Өндөр гэгээний үүтгэсэн Их хүрээний шууд залгамж болох Гандантэгчэнлин хүрээнд олон зуун хуврагуудын чуулах Батцагаан цогчэн дуган тэргүүтэй бусад хийд, дацангуудыг бүтээн байгуулсан.
3. Монголын Бурханы шашны төвийн Тэргүүн лам нарын зөвлөлийн хурлыг бий болгож аймаг, дүүрэг, сумдын сүм хийдүүдийг удирдлагын босоо тогтолцоонд оруулсан.
4. Олон улсын түвшинд Монголын Бурханы шашны эзлэх байр суурийг үнэлэх үнэлэмжийг өсгөх үүднээс улс төрийн үзэл суртлаас ангид зорилго, зорилттой олон улсын Бурханы шашны байгууллагуудтай найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлж, бэхжүүлсэн (Жишээлбэл: тогтмол үйл ажиллагаатай олон улсын Бурханы шашны гурван том байгууллагад МБШТөв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам Хамба номун хан Ерөнхийлөгч, Ивээгч, Оюун санааны удирдагч зэрэг өндөр дээд алба үүргийг одоогоор хашиж буй)
5. Нэгдсэн Үндэсний Байгууллагад бүртгэлтэй цорын ганц Бурханы шашны хөдөлгөөн болох Азийн Буддистуудын энх тайвны бага хурлыг сэргээж, хуучин бүтэц, үзэл баримтлал, үйл ажиллагаанд нь орчин цагтай нийцсэн өөрчлөлт хийж цаашдаа улам өргөжин хөгжих бололцоог эхлүүлсэн.
6. Монголын Бурханы шашныг винайн ёсны дагуу хир үгүй дэлгэрэхийн нэгэн чухаг суурь болсон Яр хайланг МБШТөв-Гандантэгчэнлин хийдэд зөвхөн гэлэн, гэцлүүдийн хүрээнд хуруулж эхлүүлсэн.
7. Дээрхийн гэгээн XIV Далай багшийг Монгол оронд 1994 оноос 2016 оны хооронд зургаан удаа залж лам хуврагууд болон сүсэгтэн олонд дээдийн номын хур, зарлиг лүндэн буулгуулах ажлыг зохион байгуулсан.
8. МБШТөв-Гандантэгчэнлин хийдийн Батцагаан цогчэн дуганд Бурхан багшийн лагшин(сэрэг дүр), зарлиг (ганжуур), таалал (их эрдэнийн ринсрэл) гурвыг залах хүсэлтийг БНЭУ-ын Засгийн газарт тавьж зөвшөөрүүлж, тэдгээр түүхэн чухал үйл явдлуудыг дээд түвшинд нарийн зохион байгуулсан.
9. IX Богд гэгээн Жэвзүндамба хутагт Жамбалнамдолчойжижанцан багшийг дахин Монголд урих, Монголын Бурханы шашны тэргүүнээр албан ёсоор залж, улмаар IX Богд гэгээн Жэвзүндамба хутагт багш өөрөөр нь дараа төрөлдөө Монгол хүн болж мэндлэхийг нь бошголуулан гэрээслүүлж, баталгаажуулсан.
10. Хамгийн амин чухаг асуудал болох Монголын Бурханы шашныг цаашдаа аливаа гүрний шашин, улс төрийн нөлөөнөөс хамааралгүй, тусгаар, бие даасан байдлаар өөрийгөө авч явах, хөгжиж дэлгэрэх түүхэн нөхцөл боломжийг бий болгосон.
Тэргүүн их хамба лам, хичээнгүй зүтгэлт XXIX Хамба номун хан, гавж Д.Чойжамц бээр “Эдгээр үйл хэргүүдийг гагцхүү зарлигийн ачит дээдс багш нарийн аврал, оройн дээд, Очирдарын хувилгаан Богд гэгээн Жэвзүндамба хутагтын Их хүрээний Ядам, бурхад, номын сахиуснуудын адистид, үе үеийн Захиргааны зөвлөлийн хурлын гишүүдийн идэвхтэй хамтын ажиллагаа, хийд орны нийт лам хуврагуудын дэмжлэг зэрэгт дулдуйдан хэрэгжүүлсэн болох нь чин үнэн билээ” хэмээн айлдсан байна.