Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн их Хамба, Номун хан, Соёлын гавьяат зүтгэлтэн, гавж Д.Чойжамц үүрэгт албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ /2023.11.01/ өгсөн ба түүний орыг Лхаарамба Д.Жавзандорж хүлээж авах ёслол /2023.11.18/ өдөр болж байна.
Монгол багш гэж олноо хүндлэгдсэн Д.Жавзандорж нь Сүхбаатар аймагт төрсөн бөгөөд 1991 оноос Эрдэнэ-Мандал хийдэд, 1993 оноос Дашчойлин хийдэд шавилан сууж байгаад 1995 оноос Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Дашчойнпэлин дацанд буддын гүн ухаанд суралцаж байсан юм. Тэрбээр 1998 оноос Энэтхэг улсын Гомон дацанд буддын гүн ухааны шаталсан сургуулиудад тасралтгүй суралцаж, 2017 онд шарын шашны гүн ухааны дээд зэрэг болох Лхаарамба цолыг нэгдүгээр байраар хамгаалсан ба энэ нь Монгол Улсад ардчиллаас хойш анх удаа монгол хүн Лхаарамба цолыг хүртсэн түүхэн үйл явдлаар болж байв.
Мөн шинэ хамба Д.Жавзандорж нь гэлэн сахилтай тул эхнэр, хүүхэдтэй болж болохгүй ба гэлэн сахил нь явдал мөр, ёс суртахууныг сахидаг, бие сэтгэлээрээ ариун хүнийг хэлдэг аж.