
Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2023 оны эхний 10 сарын үзүүлэлтийг танилцууллаа.
Монгол Улс энэ он гарснаас хойш нийт 161 улстай 20 тэрбум ам.долларын гадаад худалдаа хийсэн байна. Үүнд экспортын хэмжээ 12.5 тэрбум ам.долларт, импорт 7.5 тэрбум ам.долларт хүрчээ. Харин өнгөрсөн онтой харьцуулахад нийт барааны эргэлт 2.8 тэрбум ам.доллароор өсчээ.
Экспортын хэмжээ өмнөх оны мөн үеэс 2.4 тэрбум ам.доллароор өсөхөд:
-нүүрс хоёр тэрбум ам.доллар,
-газрын тос 136.9 сая ам.доллар,
-жоншны хүдэр ба баяжмал 132.1 сая ам.доллар,
-лаазалсан махан бүтээгдэхүүн 114.5 сая ам.доллар,
-адууны мах 96.1 сая ам.доллароор өссөн нь голлон нөлөөлжээ.
Нийт экспортын 56.5 хувийг чулуун нүүрс, 17.7 хувийг зэсийн хүдэр баяжмал, 5.1 хувийг алт, 0.9 хувийг самар, угаасан ноолуур хоёр хувийг, адууны мах 0.8 хувийг эзэлж байна.
Импорт өмнөх оны мөн үеэс 458.5 сая ам.доллароор өсөхөд:
-дизелийн түлш 106.8 сая ам.доллар,
-суудлын автомашин 86.7 сая ам.доллар,
-хар төмөр бүтэц, эд анги, барилгын эдлэл 79.5 сая ам.доллар,
-бульдозер, индүүдэгч, тэгшлэгч, экскаватор 45.8 сая ам.доллар,
-нийтийн тээврийн хэрэгсэл 36.6 сая ам.доллароор өссөн нь голлон нөлөөлжээ.
Мөн нийт импортын бүтээгдэхүүний 19.7 хувийг нефть, хоёр хувийг цахилгаан эрчим хүч, 7.5 хувийг суудлын автомашин эзэлж байгаа аж.