Дэлгэрэнгүйг дээрх бичлэгээс үзнэ үү.
“Оргилд хүрэх зам” спортын нэвтрүүлгийн эхний дугаартаа бид Волейболын спортын ОУХМ, “Алтайн барс” клубын дасгалжуулагч А.Мөнхбаярыг урилаа. Волейболын шигшээ багийн нэгэн эд эс болж, Монгол улсын нэрийн өмнөөс тэмцээн уралдаанд оролцож явсан түүний энэ л спортод зориулсан он жилүүд 20-ын тоог давжээ. Өдгөө тамирчнаар ч талбайд гарч, дасгалжуулагчаар ч ажиллан олон арван шилдэг шавь нар бэлтгэхийн зэрэгцээ “Алтайн барс” клубыг үүсгэн байгуулан энэ баг нь сүүлийн 10 жилийн хугацаанд тасралтгүй улсын аварга шалгаруулах тэмцээнд финалдахдаа 5 удаа “Залуучуудын Улсын Аварга” цол хүртээд байна.
-Нэвтрүүлгийн санал хүлээн авсанд баярлалаа. Анх яаж яваад энэ спорттой холбогдчихов?
-Миний хувьд гэвэл анх волейболын спорттой 2003 онд холбогдсон. Анх Дархан-Уул аймагт Бядаажавын Уранчимэг мөн Сатоши гээд Японы Жайкагийн тусламжаар ирдэг Япон дасгалжуулагчтай холбогдож байсан. Тэгээд яг ингээд бодоод явахаар анхны волейболын суурь Япон багштай, Монгол талаас Б.Уранаа багштай эхэлж байсан. Шигшээ баг дээр Япон багштай байсан. Ерөнхийдөө Япон стил. 2003 онд анх волейболын спортод орчихоод 2005 онд өсвөрийн улсын аварга, одоогийн Идэрчүүдийн Улсын аварга л даа. 18 хүртэлх насны гэсэн үг. Тэнд Дархан-Уул аймгийн өсвөрийн багийн 20 жил тасарсан медаль байсан. Энэ тэмцээнд анх удаагаа хүрэл медаль авч байлаа.
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН АЙМАГТ ӨСВӨРИЙН АНГИЛАЛД 20 ЖИЛ ТАСАРСАН МЕДАЛИЙГ АВЧИРЧ БАЙЛАА
-Волейболын спортод 20 жил болохдоо 2013-2017 онуудад Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж явсан. Яг тэр бүрэлдэхүүн волейболын спортын дунд үеийн шижигнэсэн төлөөлөл байсан даа?
–2013 оноос 17 оны шигшээ багийн тухайд гэвэл тухайн үед 2013 оны волейболын холбоо, алтан түнш Витафит буюу “Гоё кап” гээд болдог байсан. Тэр үед Витафит компани авснаас хойш шигшээ багийг арай өөр түвшинд авч явая. Шигшээ багаа тогтвортой 4-5 жил бариад явая гээд Волейболын холбоонд “Витафит” групп удирдлага болоод явж байсан.
Энэ үед 2013 онд хамгийн анх Тайваньд болсон Зүүн Азийн АШТ-д бид хэд анх оролцоод яг тэндээс үндсэн багийн тэр гол цөм маань 2017 он хүртэл явсан. Дунд нь нэг шинэчлэл явагдсан нь юу вэ гэхлээр 2015 онд Монголд болдог Зүүн Азийн АШТ тэрэн дээр Япон улсын дасгалжуулагчийг “Багийн ахлах дасгалжуулагч”-аар авчирсан. Тэгэхээр энэ үеийн шигшээ багт илүү анхаарал тавьж, гадаадаас дасгалжуулагч авчраад илүү нөгөө Монголын Волейболын үе шат гэдэг юмуу, хөгжлийн үе шатыг арай өөр түвшинд авчирсан яг эхлэл цэг нь болсон юмуу гэж харж байгаа. Тэр үеийн шигшээ багаас одоо гэх юм бол тухайн үед тоглож байсан А.Даваажаргал маань одоо шигшээ багийн ахлагч хийгээд явж байна.
2013-2017 ОНУУДАД МОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ХӨГЖЛИЙН ҮЕ ШАТЫГ ӨӨР ТҮВШИНД ХҮРГЭСЭН ЭХЛЭЛ ЦЭГ
-“Алтайн барс” клубыг хэдэн онд үүсгэн байгуулав. Залуучуудын УАШТ-д 10 удаа тасралтгүй финалд шалгарсан гэхээр “Зөв баг”-ийг бүрдүүлж чаджээ?
-Клубээ 2013 онд анхлан Б.Мөнхнаран багш бид хоёр хамтран байгуулж байлаа. Энэ цагаас хойш 2023 он хүртэл нийтдээ 10 удаа улсын аварга шалгаруулах тэмцээнд, дунд нь 2021 онд тэмцээн болоогүй.10 удаа орохдоо дандаа финалдсан. Энэ жил 5 дахь удаагаа Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний Аваргын цомыг өргөлөө. Манай клубын хувьд бол нийтдээ 10 удаа оролцохдоо5 удаагийн алтан медаль, 2 удаа мөнгө, 2 удаа хүрэл нийтдээ 9 удаа медаль авч байлаа. Багийн эзэн өөрөө волейболын Спортын мастер, волейболоор хичээллэдэг С.Бямбацогт гэж эрхэм бий.
“АЛТАЙН БАРС” КЛУБ 10 УДАА ЗАЛУУЧУУДЫН УАШТ-Д ОРОЛЦОХДОО БҮХ ЖИЛҮҮДЭД ФИНАЛД ШАЛГАРЧ 5 УДАА АВАРГА БОЛСОН
-Волейболын спортыг нэг үгээр илэрхийлээч? Мөн энэ спортоос мэдэрдэг аз жаргал, кайфыг тодорхойлбол хэрхэн яаж тодотгох вэ?
-Волейболын спортыг анхны багийн ахлагч Мөнхдөлийн хэлснээр нэг тодорхойлолт миний сэтгэлд үлдсэн байдаг. “Волейболын спорт бол гоё гэгээлэг спорт” би ингэж л тодотгож хэлмээр байна. Энэ л спортоос мэдэрдэг аз жаргал гэвэл
Тамирчны хувьдбэлтгэлээ хийгээд, бөмбөгийг пасс авах, цохих, оноо авчихаад эмоци үзүүлэх, доторх бүх юмаа тэсэлж гаргах энэ бүхэн дээрээсээ кайф авч тэр бүх стресс, нэрвтсэн бүх зүйл алга болж байдаг. Нөгөөтэйгүүр дасгалжуулалтан дээр ямар кайф авч байна вэ гэхээр дасгалжуулагч хүн бол өөрөө хүүхдүүдэд зааж сургаад, хүмүүжүүлээд зөвхөн зааж сургаад байх бус төлөвшүүлж зөвөөр зааж чиглүүлнэ гээд зөндөө гоё зүйл бий. Ингээд дасгалжуулаад явж байхад хүүхэд залуучууд маань өөрсдөө илүү сайжраад тэрүүгээрээ амжилт үзүүлээд тэмцээн уралдаанд амжилттай оролцоод явж байхад нь тэрийг нь хараад илүү бахархаад сэтгэл баярлаад хөөрөөд сайхан байдаг. Эндээс л илүү аз жаргал авдаг даа.
ВОЛЕЙБОЛЫН СПОРТООС ҮГЭЭР ИЛЭРХИЙЛЭХ АРГАГҮЙ АЗ ЖАРГАЛ, КАЙФЫГ МЭДЭРДЭГ
-Өөр өөр нутаг, сургуулиа өөрийг тань зорин ирсэн хүүхэд, залууст волейболын спортоо зааж сургаж байна. Олон хүнтэй ажиллах хүнд болоод сайхан тал нь?
-Дөнгөж дунд сургуулиа дүүргээд зорин ирж буй хүүхэд, залуусыг зөв залж, чиглүүлж, хүмүүжүүлж, төлөвшүүлээд Зөв хүн болгохыг л зорьж явдаг даа. Аав, ээжийнхээ нөмөр нөөлөгнөөс гараад ирж буй учраас энэ үе нь маш чухал. Тиймээс дасгалжуулагч бид л ах, аав, найз, сэтгэлзүйч, шаардлагатай үед массажист, Гэр бүл шиг нь байж л тэд маань амьдралын урт замд сайн Хүн болж төлөвшөөд зөв хөл тавинаа гэсэн үг. Бэрхшээлтэй талууд бий ч аз жаргалтай нь илүү олоон. Зааландаа ороод эд нартайгаа нөгөө бөмбөгөө бариад авбал ямар ч стресс, хэцүү бүхэн үгүй болдог.
ЗААЛАНДАА ЯВААД ОРОХОД СТРЕСС МАРТАГДАЖ, АЗ ЖАРГАЛ, КАЙФЫГ ДЭЭД ЦЭГТ НЬ МЭДЭРДЭГ
-Тамирчин хүний ар талд асаалттай танк мэт гэр бүл, энэ ажлынх нь онцлогийг ойлгож мэдэрч, түшиж тулдаг Хань ижил нь байдаг. Тиймээс ч амжилт, ялалтын төлөө тэмүүлж зорьж явахад том түлхэц, тулгуур болж өгдөг. Гэр бүлийнхнээ танилцуулна уу?
-Гэр бүлийнхээ хүнтэй анх МУИС-д оюутан байхдаа танилцаж байлаа. Нэг сургуулийн волейболын спортын эрэгтэй, эмэгтэй шигшээ багийнхан байв. Том хүү маань 2011 онд, бага охин маань 2018 онд төрсөн. Ингээд бодохоор Волейбол л биднийг холбосон байдаг. Волейболын спортоос Гэр бүлийн Хань ижлээ ч олж авсан. Хань ижилдээ үргэлж тусалж, дэмжиж байдагт маш их баярлаж явдаг даа.
ВОЛЕЙБОЛЫН СПОРТ ГЭР БҮЛИЙН ХАНЬ ИЖИЛТЭЙ МИНЬ ХҮРТЭЛ УЧРУУЛСАН ДАА