Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон “Израиль улс Газын зурвас дахь хүүхэд, эмэгтэйчүүдийг хөнөөхөө зогсоох ёстой” гэж BBC-д өгсөн ярилцлагадаа дурджээ.
Елисейн ордонд хийсэн тусгай ярилцлагын үеэр тэрбээр гал зогсоох нь Израилын талд ч ашигтай талаар хэлсэн ба Газын зурвасыг бөмбөгдсөөр байх нь ямар ч үр дүнд хүргэхгүй гэсэн юм. Гэхдээ Францын ерөнхийлөгч Израиль өөрийгөө хамгаалах эрхтэй гэдгийг хүлээн зөвшөөрөв. Учир нь Франц улс Израиль, АНУ, Их Британи болон бусад барууны орнуудын адилаар Хамас бүлэглэлийг террорист бүлэглэл гэж үздэг ба тэдний өдүүлсэн халдлагыг буруушааж буй.
Э.Макроноос BBC агентлаг АНУ, Их Британи зэрэг бусад томоохон орнуудын эрх баригчдыг өөрийнх нь гал зогсоох уриалгад нэгдэхийг хүсэж байгаа эсэхийг асуусан байна. Францын ерөнхийлөгч холбоотнуудаа өөртэй нь нэгдэнэ гэдэгт найдаж байгаа талаар хэлжээ. Израиль Газын зурвасыг бөмбөгдөж эхэлснээс хойш нэг сар гаруйн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд 11000 орчим хүн амиа алдаж, 1,5 сая хүн гэр орноо орхин дүрвэснийг Газын эрүүл мэндийн яам мэдэгдсэн юм.