НҮБ-ын Хүүхдийн сан болон “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын санхүүжилтээр Сэлэнгэ аймаг Өсвөр үеийнхэнд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх кабинетыг нээжээ.
Өсвөр үеийнхэнд нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлаар лекц унших, сургалт явуулах, эрүүл, зөв дадал хэвшилд сургахад чиглэсэн олон төрлийн үйл ажиллагаа явуулахаас гадна ахлах болон төгсөх ангийн сурагчдад мэргэжил сонголт хийхэд нь арга зүйн зөвлөгөө өгч ажиллах шинэ кабинетын нээлтийг энэ сарын 8-нд хийжээ.
Нээлтэд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Т.Энхтунгалаг, “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын Сэлэнгэ орон нутгийн хөтөлбөрийн менежер Ж.Тодгэрэл, төслийн мэргэжилтэн Б.Батжаргал, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал В.Баярмаа, гадаад харилцаа, сургалт хариуцсан мэргэжилтэн, сэтгэцийн их эмч О.Батчимэг, Эрүүл мэндийн газрын дарга Ж.Од, Эрүүл мэндийн газар, хэлтсийн мэргэжилтнүүд болон Сүхбаатар сумын ЕБС-ийн 9-12 дугаар ангийн сурагчдын төлөөлөл оролцсон байна.
Энэ үеэр аймгийн ЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн төвийн дарга П.Сэлэнгэ, мэргэжилтэн С.Азжаргал, Эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Б.Одгэрэл, Д.Мөнхцэцэг нар Сүхбаатар сумын ЕБС-ийн 9-12 ангийн сурагчдад өсвөр үеийн шилжилтийн нас, сэтгэл зүйн онцлог, эрт илрүүлэх үзлэг оношилгооны ач холбогдол, амилуулах суурь тусламж, судас, арьсны тарилга хийх дадлагаар сургалт явуулж, чөлөөт ярилцлага зохион байгуулжээ.