Сүүлийн өдрүүдэд орон нутгаар цас ихээр орж малчид, малдаа яван төөрөх, олноороо амь үрэгдсэн нь олон нийтийг цочроолоо. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд зургаан хүүхэд, таван эмэгтэй, нийт 11 хүн байгалийн аюулт үзэгдлийн улмаас өөд болсон. Нас нөгчсөн эдгээр иргэний ар гэрт таван сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх болсон талаар өнөөдөр ОБЕГ-аас мэдээлсэн юм.
Одоогоос арав гаруй жилийн өмнө Хэнтий аймагт байгалийн гэнэтийн үзэгдэл болж, малынхаа араас явсан 53 хүн амиа алдсан цочирдом хэрэг гарч байв. Энэ бол нэг дор олон хүн амиа алдсан цөөн тохиолдлын нэг. Сүүлийн жилүүдэд нөхцөл байдал харьцангуй дээрдсэн ч жил бүр л хэдэн малынхаа төлөө гэж явсаар арав орчим хүн амиа алддаг байдал уламжлал болон тогтжээ.
Бид малчдыг аюулт ослоос сэргийлэх ямар арга хэмжээ авдаг талаар ОБЕГ-аас тодруулахад, “Иргэд болон малчид руу "Багц мессэж"-ийг гар утсаар нь дамжуулан тогтмол илгээдэг. Мөн цаг агаарын аюултай үзэгдлээс урьдчилан сэргийлэх, анхааруулах, зарлан мэдээллийг тухайн аймаг, сум, багт ажилладаг урьдчилан сэргийлэх мэргэжилтнүүдтэй холбогдон цаг алдалгүй шуурхай өгдөг. Ингэхдээ айлуудаар мөн сургалт сурталчилгаа хэлбэрээр машинаар цагаан хоолойгоор зарлан мэдээллийг хүргэн ажилладаг. Сургалт сурталчилгаа, нөлөөллийн ажлуудыг ч зохион байгуулдаг” гэсэн юм.
Малчдыг татвараас чөлөөлөх, малдаа өгөх өвсийг нь бэлдэж өгөх гээд төр засгаас чамлахааргүй сайн дэмждэг. Тэгвэл тэднийг эрсдэлд оруулахгүйн тулд малын байршил тогтоогчийг хэрэглэж хэвшихэд анхаарах цаг болжээ. 21 дүгээр зуунд малаа эрж хайж, “харанхуйлж” явсаар амиа алдана гэдэг тун харамсмаар зүйл. Иймд малын байршил тогтоогч ашиглах буюу технологийн дэвшлээр ажлаа хялбарчилж эрсдлээс сэргийлэх нь малчдын болон, албаныхны үүрэг юм. Түүнчлэн малынхаа араас явсан малчин ч байршил тогтоогч ашиглаж хэвшмээр. Малын байршил тогтоогч нь чанар, брэндээсээ хамааран 250.000-600.000 төгрөгийн үнэтэй байдаг.