Хүчирхийллийг яагаад тэвчиж болохгүй вэ? Энэ асуултад хариулт олохоор бид ЦЕГ-ын харьяа түр хамгаалах байрыг зорилоо.
Хайртай болохоороо хардаж, харамлаад зодчихлоо гэж тайлбарладаг нөхрийнхөө хүчирхийлэлд олон жил байсан, одоо түр хамгаалах байранд дөрвөн хүүхдийн хамт ирсэн эмэгтэйтэй бид ярилцсан юм. Дөрвөн хүүхэдтэйн дээр түшээд авах аав, ээж, ах, дүүгүй үлдсэн тэр гэр бүлийн хүчирхийлэл хаанаас эхэлдэг, тэвчээд л яваад байвал эцэст нь ямар хор, хохирол учирдаг талаар тайлбарлалаа.
ОХИН БИЕЭРЭЭ ИРЭЭГҮЙ ГЭХ ШАЛТГААНААР ҮРГЭЛЖ ДАРАМТАЛДАГ
ХОХИРОГЧ Б: Гэр оронд хүн ирээд явсны дараа намайг хардаад зодож нүддэг. Эрүүл болсон үедээ “Чамайг хүнтэй хуваахыг хүсээгүй юм аа. Нэр хүндийг чинь бодсон юм. Хүнтэй явалдсан гэдэг муу нэр зүүх нь хүүхдүүдэд ч муу. Тийм байлгахыг хүсээгүй. Хайртай болохоор харамлаад ийм үйлдэл гаргаад байна” гэдэг. Энэ байдал даамжирсан. Би нялх нойтон хүүхэдтэй хүүхдүүдээ аваад хаашаа явах вэ. Айж байгаа зүйл нь, тэр хүн цагдаа, шүүхээр явж хоригдлоо гэхэд, гарч ирчхээд алах гээд дайраад байх юм болов уу гэж бодоод айж л байна. Миний хамгийн том алдаа бол энэ хүнийг ухаарна гэж бодсоных. “Хань минь ойлгоод ухаарчих байлгүй” гээд л шат шатны байгууллагаар явахгүй. Өөрөө орчиндоо ойлгочих байх гэж хүчирхийллээ мэдэгдэхгүй, улам даамжруулсан. Ингээд намайг хэрүүл маргаан хийдэггүй юм гээд, “хэн ч тоодоггүй юмыг яаж ч дээрэлхсэн ядаг юм” гэсэн хандлагатай болчих шиг санагдсан. Хамгийн голнь эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөөд байгаа асуудал нь миний ойлгосноор, хүн чинь хүнийг таних гэж үерхэж, найзалж нөхөрлөнө шүү дээ. Би нэг хүнтэй үерхэж байгаад арван жилдээ салсан юм. Үүнийг их явдалтай, надаас өмнө хэдэн хүнтэй байсан юм билээ. Чи надад охин биеэрээ ирээгүй гэх дарамт их ирдэг байсан.
ЗААВАЛ ХҮНТЭЙ СУУЖ АЗ ЖАРГАЛЫГ БҮТЭЭНЭ ГЭЖ БОДОХ ХЭРЭГГҮЙ
Бид асуудалтай холбогдуулан хүчирхийлэлд өртсөн хохирогчдын сэтгэл зүйд ямар асуудал тулгамддаг талаар болон жаргалтай гэр бүлийг хэрхэн бүтээх учиртай тухай сэтгэл зүйчээс тодрууллаа.
Энэ талаар түр хамгаалах байрны сэтгэл зүйч Ж.Батсүрэн, “Тэвчээд нуухаас илүү хэнд хандахаа хохирогчид мэддэггүй. Найз нөхдөдөө яриад л өнгөрдөг. Ингээд бие биедээ буруугаар нөлөөлсөн зөвлөгөө их өгдөг. Улмаар гэр бүлээ хадгалж, алддаг. Гэр бүлийн шахалтууд ч байдаг.Хүүхэдтэй болчхоод хаашаа очих гэсэн юм. Дахиж салвал өөр хүн олдохгүй гэх зэргээр. Заавал хүнтэй сууснаараа тухайн эмэгтэй болон, хүүхдүүдэд аз жаргалтай амьдрал бэлэглэж байна гэсэн ойлголт байхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.
Ирж байгаа хүмүүс их хэцүү. Хүүхдүүд нь шалдан, нүцгэн шахуу ирнэ. Өөрсдөө зодуулчихсан. Сүүлд ирсэн эмэгтэй л гэхэд толгой нь хагарсан байдалтай байсан. Гэр бүлийн хүчирхийллийг тэвчсэнээр асуудал шийдэгддэггүй гэдгийг хохирогчид ойлгох хэрэгтэй. Манайд насанд хүрсэн эрэгтэйчүүд хүртэл гэр бүлийн хүчирхийлэлд өртөөд хамгаалалтад орсон тохиолдлууд байгаа. Эрэгтэй, эмэгтэй гэж нас хүйс ярихаас илүү хэн ч хүчирхийлэлд өртөж болно. Үүнийг таслан зогсоох ёстой юм байна гэдгээ л ойлгох хэрэгтэй” гэв.
Бид энэхүү сурвалжилгаа ЦЕГ-аас санаачлан гаргаж байгаа Жаргалтай гэр бүл аяны хүрээнд бэлтгэн хүргэлээ.
Гэр бүлийн хүчирхийллийн асуудал нийгэмд их байгаа учраас цагдаагийн байгууллагаас “Жаргалтай гэр бүл” аяныг 10 дугаар сарын 18-наас 11 дүгээр сарын 18-ны хооронд зохион байгуулж буйтай холбогдуулан энэхүү сурвалжилгыш бэлтгэлээ. Аяны талаар товч мэдээллийг бид цагдаагийн ахмад Б.Эрдэнэбаяраас тодрууллаа.
Тэрээр, “Аяны хүрээнд хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтарч ажиллахаас гадна хүчирхийлэл үйлдэж байгаа иргэдэд нөлөөллийн сургалт зохион байгуулж байгаа. Давтамжтай ирж байгаа дуудлага мэдээлэл дээр хяналт тавин ажиллаж байна. Иргэд та бүхэн хөршид чинь тулгамдаж байгаа хүчирхийллийн асуудлыг өөрийн асуудал мэт хүлээн авч холбогдох байгууллагуудад мэдээлдэг байгаарай” гэлээ.