Өрөг.мн сайтын сурвалжлах баг Инвест Хэнтий 2023 хөрөнгө оруулалтын чуулганыг өнгөрсөн долоо хоногт сурвалжилан үзэгч та бүхэнд хүргэсэн. Уулзалтад салбарын мэргэжилтнүүд Хөдөө аж ахуйн салбарыг яаж хөгжүүлж, дэмжих талаар санал бодлоо солилцон хэлэлцсэн юм. Энэ үеэр бид ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэгээс дараах мэдээллийг авлаа.
Тэрбээр, "Манай хүнс хөдөө аж ахуйн салбар бол Монгол Улсын тулгуур салбар. Сүүлийн жилүүдэд энэ салбарын хөрөнгө оруулалт их нэмэгдэж байгаа. УИХ-ын 36 дугаар тогтоол буюу Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах” чиглэлийн таван жилийн зорилт салбарын гол хөрөнгө оруулалтыг татаж буй. Бид жилдээ нэг тэрбум долларын импортын хүнс гаднаас авч байгаа. Өдөр тутамдаа хэрэглэдэг эдгээр хүнсний бүтээгдэхүүний дийлэнх нь гаднаас орж ирдэг. Валютын мөнгөн урсгал гадагшаа явж байна. Дотоодод ажлын байр бий болохгүй байна гээд олон асуудал бий. Хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэдэг болъё гээд зорьж байна. Энэ зорилтыг тавиад ажиллахад эхний нэг жилийн үр дүн маш амжилттай гарлаа.
Бид 19 нэр төрлийн бүтээгдэхүүний улаан буудай буюу гурил, төмс, махаа 100 хувь дотооддоо хангаж байгаа юм. Энэ жил хүнсний ногооныхоо 80 гаруй хувийг хангасан эерэг дүнтэй байна. Өнгөрсөн жил 70 гаруй хувьтай байсан нь 10 хувиар өссөн. Хүнсний ногооны гол хэрэглээ өгөрций, помидер, лууван, манжингаа хятадаас авах биш өөрсдөө тарих боломж маань бүрдэж эхэлж байна гэсэн үг. Энэ хөтөлбөр цаашдаа таван жил үргэлжилнэ. Хамгийн гол нь хувийн хэвшил, бизнес эрхлэгч нарыг арилжааны бага хүүтэй, урт хугацаатай зээлээр хангаад үйл ажиллагааны дэмжлэг үзүүлэх нь маш том зохицуулалт. Энэ хүрээнд зээлийн хүүгийн татаасыг 2024 оны төсөвт суулгасан байгаа. Хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхээр өмнө жилүүдээс 2-3 дахин их төсөв тавьсан.
Хүнсний ногоо тарихдаа аль болох төрөлжүүлбэл сайн. Жишээ нь 19 төрлийн ногооныхоо зөвхөн сонгино, сармисыг Хэнтий тарьдаг. Эсвэл хүлэмжийн чиглэлийн үйлдвэрлэлийг эрхлэх зэргээр өөрсдийн давуу талыг бий болгох ёстой. Хэнтий аймагт бол бүх боломж нь байгаа юм. Логистикийн хувьд зүүн бүсийнхээ гол төв дээр байж байдаг. Дээрээс нь хөдөө аж ахуйн малын тоогоороо гуравдугаарт орж байна. Газар тариалан ч нэлээн боломжтой. Хөрс нь үржил шимтэй. Бэлчээрийн хувьд давуу талтай гэх мэт хөдөө аж ахуйн суурь боломжууд Хэнтий аймагт байна. Энэ давуу тал дээрээ үндэслээд бүх талын судалгаагаа хийе. Аж үйлдвэрийн паркуудыг бий болгох, хөдөө аж ахуйн стратегиудаа тодорхойлох асуудлаа өнгөцөөр битгий хараач ээ гэдэг зүйлийг өнөөдөр хэллээ. Өмнө хийсэн бүтээн байгуулалтуудыг өнгөц харснаас болоод манай аймагт сүүний 2-3 үйлдвэр ажиллагаагүй байна. Жижиг трактер комбайн олгоод байдаг үйл ажиллагаа нь сайн явдаггүй. Энэ болгоныг цогцоор нь хардаг шийдэл хөрөнгө оруулалтын чуулганаас гараасай. Аж үйлдвэрийн паркийг бий болгож, энэ суманд ийм чиглэлийг хөгжүүлнэ гэдгээ гаргаад газраа үнэгүй олгодог, чөлөөт бүс бий болгодог, хөнгөлөлт үзүүлдэг, дэд бүтцийн асуудлыг төр дэмжиж өгдөг цогц арга хэмжээг хэрэгуүүлэх бодлогоо гаргаж ирье гэдэг санааг илэрхийлээд байгаа юм" гэв.