Долоо хоног бүр үзэгч, уншигч танд хүрдэг “Улс төрийн задлан” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар энэ долоо хоногт батлах гэж буй 2024 оны улсын төсвийн төслийн талаар бэлтгэлээ. Энэ оны төсөвт дүн шинжилгээ хийсэн Үндэсний Аудитын Газрын дүгнэлт, улсын төсвийн төсөл зэргээс үзэхэд энэ оны төсөвт залруулах шаардлагатай, ноцтой дараах ГУРВАН алдаа байна.
ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ЦОМХОТГОНО ГЭДЭГ МАН СҮҮЛИЙН 10 ЖИЛД ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ТООГ 55,800,000-ААР НЭМЖЭЭ
Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт төрийн албыг цомхон болгох зорилт байдаг. Гэтэл амаараа, албан бичиг дээр төрийн албыг цомхотгоно гэдэг ч үйлдлээрээ төрийн албан хаагчдын тоог өсгөсөөр байна. Сүүлийн найман жил засагласан МАН 2013 онд 169.400 байсан төрийн албан хаагчын тоог өнөөдөр 225.200 болгон данхайлгажээ. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн засгийн газар гурван жилийн дотор төрийн албан хаагчдын тоог 20,200-аар өсгөн, улам томруулсан байна. Улсын төсвийн 70 гаруй хувийг энэхүү 225,200 төрийн албан хаагчийн цалинг тавих, урсгал зардлыг шийдэхэд л зарцуулахаар байна.
Үүгээр ч барахгүй 2024 онд энэ тоог өсгөж, байгууллагуудын орон тоог 2387-оор нэмж, 113,4 тэрбумыг эдгээр хүмүүсийн цалинд өгөхөөр тусгажээ.
Хувийн хэвшлүүдэд ажилтан олдохгүй үйлээ үзэж, үсээ зулгааж хүний нөөцийн эрэлд хатаж байхад Монголын хамгийн том ажил олгогч Засгийн газар болчхоод төрийн албан хаагчдын тоог өсгөсөөр, тэдний цалинг тавих гэж татвар төлөгч бид татвараа төлсөөр байна.
ЭДИЙН ЗАСГИЙН, НИЙГМИЙН АЧ ХОЛБОГДЛЫН ЯМАР Ч СУДАЛГААГҮЙ 295 БАРИЛГА БАЙГУУЛАМЖИД ТӨСӨВ ХУВААРИЛЖЭЭ
Төсвийн тухай хуулийн 291 дүгээр зүйлийн 291 .1-д “Төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр хэрэгжүүлэх барилга байгууламжийн төсөл, арга хэмжээ нь… эдийн засгийн үр ашиг, нийгмийн ач холбогдол бүхий төслүүд байна” гэж заасан байдаг.
Гэтэл 2024 онд шинээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 358 барилга байгууламжийн 295-д ямар ч тооцоолол хийгээгүй байна. Өөрөөр хэлбэл шинээр хэрэгжүүлэх барилга байгууламжийн 82.4 хувь нь үнэхээр нийгэмд хэрэгтэй, эдийн засгийн өгөөжтэй, ядуурлыг бууруулж, ажлын байр нэмэх эсэх судалгаагүй байна гэсэн үг.
Төсвийн ерөнхийлөн захирагчид болох салбарын сайд нар, шадар сайд, Ерөнхий сайд нар өөрсдөө Төсвийн тухай хуулийн 29.210 , ЗГ-ын 2023 оны 278 дугаар тогтоол зэргээ зөрчиж байна. Уг журамд “Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, хянах, тайлагнах гэж заасан байдаг аж.
Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ 12 барилга байгууламж барина гэж төсөв оруулсан ч бүгдэд нь ямар ч тооцоолол хийгээгүй, Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн 33 барилга барихаас 31-д нь, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр бариулах нэг барилгадаа, Боловсрол, Шинжлэх ухаан сайд Л.Энх-Амгалан 107 барилгад, Ерөнхий сайд өөрөө нэг барилгад, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан 57 барилгын 54-д нь, Спортын сайд Б.Бат-Эрдэнэ 16 барилгынхаа 15-д нь, Сангийн сайд өөрөө нэг барилгынхаа нэгд нь, Соёлын сайд 22 барилгынхаа 10-д нь, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Х.Нямбаатар 10 барилгынхаа 6-д нь, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа 11 барилгынхаа 11-д нь, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун 9 барилгынхаа 1-д нь, Цахим харилцаа холбоо хөгжлийн сайд Н.Учрал 5 барилгынхаа 5-д нь, Шадар сайд С.Амарсайхан 2 барилгынхаа 2-д нь Эрүүл мэндийн сайд С.Чинзориг 29 барилгынхаа 27-д нь, Эрчим хүчний сайд 25 барилгынхаа 2-д нь ямар ч тооцоолол хийлгүй, хууль, журмаа зөрчин төсөв авахаар улайрч байна.
Үүнийг нь УИХ-ын гишүүд ч мэдсээр байж жилийн жилд батлаад явуулдаг байна. Барилга барихдаа үр өгөөжийг нь тооцохгүй шууд мөнгө батлуулаад авдаг сайд нар бүр ямар ч зураг төсөвгүй барилгад хүртэл төсөв авдаг ажээ.
ЗУРАГ ТӨСӨВГҮЙ БАРИЛГАД ТӨСӨВ ХУВААРИЛАХАА ХЭЗЭЭ БОЛИХ ВЭ
Төсөв буюу татвар төлөгч та бидний мөнгийг захиран зарцуулдаг сайд нар, Ерөнхий сайд хайнга, тоомжиргүй гэхэд бүр арай дэндүү. Ямар ч зураг төсөвгүй барилгад төсөв авчхаад, үүнийхээ дараа зураг төсөв, тооцооллоо гаргуулдаг байна. Үүнээс болоод аманд орсон үнээ хэлээд бага төсөв авсан байснаа яг зураг төсөвтэй болсны дараа төсөв нь өсдөг аж. Жилийн жилд барилга байгууламжуудын төсөвт өртөг нэмэгдэж орж ирдгийн эхний ноцтой шалтгаан нь энэ юм. Үндэсний аудитын газар барилга байгууламжийн төсөвт өртөг өсөж орж ирдэг шалтгаануудыг ийнхүү жагсаажээ.
Аудитын дүгнэлтэд, “Төсөвт өртгийн нэмэгдэл гарах болсон шалтгааны 79 хувь нь захиалагчаас, /төрөөс өөрөөс нь/ 15 хувь нь зураг төсвөөс, 6 хувь нь гүйцэтгэгчээс болсон байна. Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулахад барилга байгууламжид зураг төсөл, магадлал хийх ажлыг зохион байгуулах, худалдан авах үйл ажиллагаа, гэрээ байгуулах, захиалагчийн гэрээний хэрэгжилтийг хангуулах, захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэх, улсын комисс хүлээн авах үйл ажиллагааны үе шат бүрд дотоод хяналт хэрэгжүүлж, хүнээс хамаарсан нөлөөллийг бууруулах ажлыг зохион байгуулах шаардлагатай байна” гэж бичсэн байгаа нь төр өөрөө ямар хайхрамжгүйг илтгэнэ.
Аливаа улс орны төсөв гэдэг нь хөгжлийн санаа, хөгжлийн төлөөх зорилго, зорилтоо биелүүлэхэд хэрэглэх л мөнгө байдаг. Гэтэл сүүлийн найман жил төр барьсан МАН-ын Засгийн газрын хөгжлийн хөтөлбөр нь хураасан татварынхаа 70 хувиар төрийн албан хаагчдын цалинг тавихад л оршиж байна. Тэд ядуурлыг бууруулах, ажлын байр нэмэх ямар ч төсөв баталсангүй. Энэ талаар нь тоо судалгаатай хариулаач гэж асуухад ерөнхийд нь уран үгээр далдахаас өөр тоо хэлсэнгүй. Гэтэл тоо хэлэхгүй байгаагийн жинхэнэ шалтгаан нь тооцоо судалгаа огт хийгээгүй учраас хэлэх тоогүйд л байж.