Олон улсын буудлагын холбооны эмнэлэг, допингийн хорооны гишүүн Н.Цогтсайхантай товч ярилцлаа
Олон улсын Допингийн эсрэг байгууллага ямар дүрэм журамтай байдаг вэ?
Н.Цогтсайхан: Ер нь бол наадмаас хойш допингийн эсрэг байгууллага, допингийн эсрэг үйл ажиллагаа олон нийтийн анхаарлын төвд байлаа. Тэр байтугай Засгийн газрын түвшинд ч хүрлээ. Бид нар бусад зүйлтэй, бусад салбартай харьцуулахад допингийн эсрэг үйл ажиллагаа бол тоглоомын дүрэм нь маш ойлгомжтой. Дэлхий тэрийг батлаад өгчихсөн, бид нар хэрэгжүүлээд туршчихсан. Бид нар зохих ёсоор нь мөрдөх нь чухал. Хоёрхон зүйлийг багцлаад хэлье гэж бодож байна. Саяны Азийн наадам дээр допингийн эсрэг дүрмийн зөрчил гарсан. Үндэсний их баяр наадам болон зарим бөхийн тэмцээнүүдэд байнга гардаг. Гэхдээ шийтгэл оноож буй шүүх хурал хийж байгаа, хийх үү үгүй юу, тамирчинд эрхийг нь эдлүүлэх үү үгүй юу гэдэг нь учир дутагдалтай байгаа. Энэ бол цэвэр допингийн эсрэг үйл ажиллагаатай, допингийн эсрэг байгууллагатай холбоотой гэж харж байна.
Таны хувьд Олон улсын буудлагын холбооны эмнэлэг, допингийн хорооны гишүүнээр ажилладаг. Допингийн асуудлыг мэргэжилтний хувиар хэрхэн яаж харж байна?
Н.Цогтсайхан: Би олон нийтэд ганц зүйлийг хэлмээр байгаа юм. Би бол олимпын хороо, Засгийн газар, допингийн эсрэг байгууллагын алинд нь ч ажилладаггүй. Тийм учраас миний одоо ярих асуудал цэвэр мэргэжилтний мөн хувь хүний байр суурь гэдгийг хэлье. Яг хөндлөнгөөс харахад Допингийн эсрэг үйл ажиллагаанд бид нар Дэлхийн Допингийн эсрэг дүрэм гэж бичиг баримтыг нэгдүгээрт дагах ёстой. Энэ "Дүрэм бол өөрөө заавал мөрдөх 8 Олон улсын стандарттай". Шинжилгээг яаж авах уу, хориглосон бодис гарцаагүй хэрэглэсэн тамирчин хэрэглэсэн тохиолдолд яаж, ямар дүрэм журам мөрдөх үү, допингийн эсрэг боловсролыг яаж олгох уу, үнэхээр допингийн эсрэг дүрэм зөрчсөн хэрэгт орчихсон тамирчдад яаж шүүх хуралдаан хийж шийтгэл оноох вэ, тэр бүү хэл Допингийн эсрэг байгууллага нь өөрөө ямар үүрэгтэй, ямар эрхтэй, ямар байх ёстой вэ? Хэрэв энэ шаардлагаа биелүүлэхгүй бол ямар шийтгэл буюу санкц оноогдох уу гэх мэтчилэн бүгдийг нь нэг нэгэнгүй заачихсан 8 олон улсын стандарттай байдаг.
2 сар орчмын өмнө Дэлхийн Допингийн эсрэг байгууллагаас стандартаа дагаж мөрдөөгүй гээд Монгол Улсад "Допингийн эсрэг үйл ажиллагааны сануулга"ирүүлсэн. Энэ асуудал нэг талдаа үнэн шударгаар шийдэгдэхгүй бол манай улс томоохон эрсдэлд орох аюул ойрхон байна?
Н.Цогтсайхан: 9-р сарын 22-нд Дэлхийн Допингийн Эсрэг Агентлагийн Удирдах зөвлөлийн хурал болсон. Ингээд Азийн наадмын өмнө Монгол Улсыг "допингийн эсрэг үйл ажиллагааны сануулга" буюу стандартаа зөрчөөд байнаа гэдэг сануулга миний мэдэж буйгаар бол 5 дахь удаагаа бараг шахуу хэлэлцээд ахиад бид нарт том том алдааг засах 4 сарын хугацаа өглөө. Өөрөөр хэлбэл бид нар 9-р сарын 22-ноос хойш ирэх оны 1-р сарын 18, 19 хавьцаа энэ алдааг засаж бэлэн болгохгүй бол "Парис-2024" олимпын наадамд Орос шиг нөгөө цагаан тугийн дор жагсаад төрийн дууллаа дуулж чадахгүй "Халуун элгэн нутаг" ч юмуу өөр дуу дуулах нөхцөл байдал үүсээд байна. Ер нь бол бид допингийн асуудал дээр алдаагаа засахдаа эхлээд тогтолцооны өөрчлөлтөөс эхлэх нь чухал.