"Ханжоу-2022" Азийн зуны спортын пара IV наадмын жүдо бөхийн +90 кг-ын жинд түрүүлсэн ОУХМ Д.Ганбаттай ярилцлаа. Тэрбээр 20 гаруй жил энэ л спортоор хичээллэж хүсэж зорьж явсан зорилгынхоо эцсийг харахын төлөө зүтгэж хөдөлмөрлөж яваа. Хэсэгхэн хугацаанд спортоосоо түр завсарлаад байсан хэдий ч гэр бүлийнхэн, эргэн тойрон хүрээлж буй найз нөхөд эргэж харамсахгүйгээр спортдоо буцаж ирээд заавал өндөр амжилтыг үзүүлэхийг зөвлөж, урам зориг, хүсэл тэмүүллийг бэлэглэжээ. Саяны Азийн наадмын аваргын төлөө түүнтэй учраа таарсан Японы бөх 2010 оны Азийн наадмын алтын төлөө тааран барилдаж байжээ. Тухайн үед алдаа гаргаад мөнгөн медаль дээр бууж байсан ч тэр алдаагаа дахин давтахгүй, заавал хожиж алтан медаль хүртнээ гэсэн ганцхан зорилго тээж сэтгэлзүйгээ өндөр хэмжээнд бэлтгэсэн тэрбээр өрсөлдөгчөө ялж чаджээ. Хамгийн анхлан 2006 онд болсон Ази Номхон Далайн орнуудын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэмцээн хэмээх үндсэндээ Азийн наадамд хүч сорьж хүрэл медаль зүүж байжээ. Ингээд 2007 онд байгуулагдсан пара спортын үндэсний шигшээ багт харьяалагдаж МУГТ Галдангийн Жамсран багш дээр бэлтгэл сургуулилтаа хийдгээ ярьлаа. Ханжуогийн Азийн наадамд амжилттай оролцоход тусалж дэмжсэн бүх хүмүүс мөн МҮПХ-ны удирдлагууд МУГД Ч.Базарсүрэн, ОУХМ Ч.Нарантуяа нарт баярласнаа илэрхийллээ. Мөн түүний хань ОУХМ О.Ууганбаатар Азийн наадамд барилдсан бөхчүүдэд зааж зөвлөж, барилдааныг нь чиглүүлж байсан болохоор амжилт үзүүлэх гол үндэс болсон гэдгийг онцоллоо.
ОУХМ Д.Ганбатын гэргий н.Хашцэцэг пара жүдо бөхийн Азийн наадмын мөнгө, хүрэл медальтай, ОУХМ цолтой. Хүү нь шатрын спортоор хичээллэдэг бөгөөд "Спортлог гэр бүл" гэдгээрээ бахархаж явдгаа хэлсэн юм. Видео ярилцлагыг тун удахгүй манай сайтаас хүлээн авч үзээрэй.