Шинэ хотын дарга түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд баруун дөрвөн замаас, зүүн дөрвөн зам, 32-ын тойргоос Энхтайваны гүүр хүртэлх хэсгийг төлбөртэй бүс болгож, иргэд машинтай зорчвол төлбөр төлдөг болох шийдлийг танилцуулсан. Иргэдийн зүгээс “Манай улсад автобус байтугай явган хүний зам нь хүрэлцээгүй байхад энэ шийдэл үр дүн үзүүлэх үү” гэж эргэлзэж байгаагаа илэрхийлж байна.
АВТОБУС, ЯВГАН ХҮНИЙ ЗАМАА САЙЖРУУЛЖ, ХҮРТЭЭМЖТЭЙ БОЛГОСНЫ ДАРАА БҮСЧЛЭЛ ТОГТООХЫГ ДЭМЖИНЭ
Хотын төвд бүсчлэл тогтоож, төлбөртэй болох нь зөв эсэхэд иргэд дараах байр суурийг илэрхийллээ.
- Эхлээд автобусаа нэмэгдүүлж байж дараа нь иймэрхүү шийдлээ ярихгүй бол хэцүү. Автобус байтугай явган хүний зам нь ч хүрэлцээгүй хотод амьдарч байна шүү дээ. Алхаад явж байхад гэнэт зам нь алга болчихдог газрууд зөндөө байна. Эхлээд орчин нөхцөлөө бүрдүүлэх шаардлагатай.
- Хотын төвдөө л бүх үйлчилгээний газрууд, албан байгууллагууд нь төвлөрсөн. Юм авах гээд эсвэл ажил амжуулах гээд хотын төв рүү л ордог. Энэ шийдвэр яг зөв эсэхийг хэлж мэдэхгүй л юм.
- Энэ шийдлийг хэрэгжүүлбэл ялгаварлан гадуурхсан болно биз дээ. Боломжтой, боломжгүй хүмүүс зөндөө л байна.
- Энэ шийдэлд санал нэг байна. Дэлхийн бусад том хотуудад хотын төвөөрөө машинтай зорчвол төлбөр авдаг. Монголд замын ачаалал маш их. Тиймээс ядаж зогсоолуудыг төлбөртэй болгож шийдэх нь зөв гэж бодож байна. Гэхдээ эхний ээлжид дэд бүтцээ сайжруулах хэрэгтэй. Автобуснуудыг шинэчлэх, нэмэгдүүлэх ёстой. Бас метро барьчихвал хэрэгтэй байна. Ирээдүйд метрополис хот болно гэж зориод. Үүнээс гадна торгуулиа төлөөгүй машинуудыг оруулахгүй гэдэг саналыг хамгийн зөв гэж бодож, дэмждэг. Торгуулиа төлж байх ёстой ч Монголд торгуулиа төлөөгүй машин олноороо хөдөлгөөнд оролцдог. Иймэрхүү зохицуулалтаа эхлээд хэрэгжүүлээд, дараа нь төлбөр авдаг болбол зүгээр болов уу.
- Бүсчилж төлбөр авах нь зөв. Хотын төв нь тодорхой хэмжээний төлбөртэй байхгүй болохоор хэт их машин хөдөлгөөнд оролцож, түгжрэл үүсгээд байна. Хүмүүс тойроод явж болно шүү дээ.
ТАВАН ДАРГА, АРВАН ЖИЛ ҮЗЭЭД Ч ТҮГЖРЭЛИЙН ШИЙДЛИЙГ ЭС ОЛОВ
Улаанбаатар хотын удирдлага солигдох бүрдээ нийтийн тээврийн шинэчлэлт, түгжрэлийн асуудлыг шийдэх талаар олон шинэ төсөл хөтөлбөр танилцуулж, хэрэгжүүлнэ гэж ам гардаг. Гэсэн ч тэдгээр төсөл хөтөлбөрийн ганц нь ч бодит ажил бололгүй, үр дүнгээ өгөлгүй 10 гаруй жил тойрчээ.
Түгжрэлийн асуудалд цэг тавьж, нийтийн тээврийн хөгжлийг цэцэглүүлэх үлгэр хотын дарга асан Г.Мөнхбаярын үеэс эхэлж, өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна. Энэ үлгэрээр Улаанбаатарчууд бид аль 2017 онд метротой, 2021 онд агаарын дүүжин тээвэртэй болсон байх байлаа. Метрогоор эхэлсэн үлгэр хотын дарга асан Д.Сумъяабазарын үед дугаарын хязгаарлалтаар дуусах дөхсөн нь өчигдөрхөн.
ДЭЛХИЙН ТОМ ХОТУУД ТҮГЖРЭЛИЙН АСУУДЛАА ШИЙДСЭН ТУРШЛАГААС…
Тэгвэл хотын удирдлагуудын шийдэх чадалгүй 10 гаруй жил тойрсон түгжрэлийн асуудлыг дэлхийн бусад орнууд хэрхэн шийдсэн байдаг бол…
Тухайлбал, Шведийн Стокгольм хотод ажлын өдрүүдэд 06.30-08.30 цагийн хооронд хотын төв рүүгээ нэвтрэх тохиолдолд төлбөр төлдөг аж. Энэхүү систем үйлчилж эхэлсэн эхний хоёр жилд оргил цагийн түгжрэл 25 хувиар буурсан үр дүн гарчээ. Энэ нь өдөрт нэг сая гаруй машин зам дээр явахаа больсон гэсэн үг юм. Түүнчлэн өдрийн хураамжийн орлого ойролцоогоор 300 мянган долларт хүрч, энэ орлогыг бусад тээвэр, дамжин өнгөрөх үйлчилгээг сайжруулахад зарцуулсан байна.
Харин Их британийн Лондон хотод аяллын цахим төлөвлөгч ашигладаг ажээ. Энэхүү төлөвлөгчөөр дамжуулан машин, унадаг дугуй, метро, автобус зэрэг бүх тээврийн хэрэгсэл ашиглаж, үйлчлүүлж байгаа иргэдэд замын талаар мэдээлэл өгдөг юм байна. Ингэснээр иргэд өөр замаар явах, цагаа зохицуулах зэрэг арга хэмжээг авдаг аж.
2002 оноос хойш жил бүр дөрвөн тэрбум гаруй зорчигчийг хотын бүх төрлийн тээврийн хэрэгсэл, замын түгжрэлийн тухай мэдээллээр энэхүү цахим төлөвлөгч хангасан байна. Лондон хот нь 2020 онд дэлхийн хамгийн түгжрэлтэй хотуудын нэгээр нэрлэгдэж байсан.Тиймдээ ч түгжрэлийн эсрэг маш олон арга хэмжээ авсны хамгийн үр дүнтэйг нь аяллын цахим төлөвлөгч гэж үздэг байна.
Японы Ивата хот “ARTEMIS” нэртэй замын хөдөлгөөний хяналтын системийг нэвтрүүлжээ. Энэхүү технологи нь зам дагуу байрлуулсан мэдрэгчүүдийн тусламжтайгаар замаар өнгөрч буй машинуудын тоо болон машин хоорондын зайн мэдээллийг цуглуулдаг. Дараа нь төв компьютер эдгээр цуглуулсан мэдээлэл дээрээ дүн шинжилгээ хийсний эцэст замын гэрлэн дохионы асах хугацааг өөрчилдөг байна.
Ингээд дараалсан таван уулзварт энэ системийг ашиглахад өглөөний замын түгжрэл 40 хувиар буурсан амжилттай үзүүлэлт гарчээ. Тиймээс дэлхийд хүн амын тоогоороо эхний зургаадугаарт ордог Энэтхэг улсын Мумбай хот “ARTEMIS” системийг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа аж. Энэ системийг ОХУ ч туршиж үзсэн байна.
Мөн ХБНГУ-ын Хамбург хотын удирдлагууд замын түгжрэл болон барилга байгууламжийн холбоо хамааралд дүн шинжилгээ хийн, замын урсгал хөдөлгөөнийг урьдчилан тооцоолдог программ хангамж зохион бүтээжээ. Энэ программ нь шинээр баригдах барилга замын урсгал хөдөлгөөнд хэрхэн нөлөөлөхийг болон хаана баригдвал зүгээр вэ гэдгийг урьдчилан тооцоолдог байна. Одоогийн байдлаар Хамбург хот энэ программыг замын хөдөлгөөний урт болон богино хугацааны төлөвлөлтөд ашиглаж байна.
Одоогийн хотын дарга Х.Нямбаатар түгжрэлийг бууруулахаар ирэх онд гурван шугам бүхий метроны төсөл хэрэгжүүлнэ хэмээн өчигдөрхөн ам гарсан. Замын бүсчлэл, метро зэрэг төлөвлөж буй шийдлүүдийн үр дүнг харуулсан нарийн судалгаа харахыг иргэд хүсэж байгаагаа хэлж байлаа.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.