Өрөг.мн сайт амралтын наймдугаар сарыг англи хэл сурах сар болгон Inspired by Zaya сургалтын төвийг үүсгэн байгуулагч, англи хэлний багш Э.Ариунзаяатай хамтран цуврал зөвлөгөө рийлүүдийг хүргэсээр байгаа. Тэгвэл энэ удаа бага насны хүүхдээ хэрхэн англи хэл сургавал зохих талаар зөвлөлөө.
Тэрбээр, “Ээж, аавууд хүүхдээ англи хэлтэй болгоё гэж бодох нь зөв. Мэдээж хэрэг багаас нь англи хэлтэй болгочихвол, суурийг нь зөв тавьчих юм бол үнэхээр тухайн хүүхдэд ч маш олон давуу тал бий болно. Гэхдээ нэгдүгээр ангиас нь заах нь буруу, хоёрдугаар ангиас заах нь ч буруу. Гуравдугаар ангиас заая гэдэг бол маш зөв зүйтэй асуудал гэж боддог. Яагаад гэхээр нэгдүгээр ангидаа, хоёрдугаар ангидаа, гуравдугаар ангидаа тухайн хүүхэд чинь цагаан толгойгоо үзээд, монголоор бичээд, уншаад сурчхаж байгаа юм. Монгол сэтгэлгээ бага ч гэсэн сурчихсан болохоор англи хэл сурахад бэлтгэгдчихсэн байна гэсэн үг. Тэгэхээр англи хэл хүүхдэд заахын тулд хамгийн нэгдүгээрт мэдээж ээж аав нар хүүхдүүдийнхээ сонирхлыг дагах ёстой. Нэгдүгээр алхам бол дурлууна гэдэг алхам. Дургүй байхад нь хүчээр ангид авчирч суулган, хүчээр заана гэж байхгүй. Нэгэнт дурлуулчихсан цагт хүүхэд эцэг эхийн шаардлагагүй, багшийн шаардлагагүйгээр өөрөө умбаад явчихдаг шүү.
Хүүхэд чинь англи хэл багаасаа сурснаар маш олон давуу тал бий болгоно.
- Нэгдүгээрт, хэл сурна гэдэг чинь өөрөө даван туулах чадвар юм. Тэгэхээр асуудал шийдвэрлэх, асуудлыг даван туулах чадвар нэмэгдэж байгаа.
- Мөн англи хэлийг хоёрдогч хэл гэдэг. Энэ утгаараа илүү мэдээлэл авах учраас танин мэдэхүйн чадвар нь дээшилж байдаг.
- Мөн ой тогтоолт нь сайжирч байгаа юм. Үүгээр зогсохгүй гадаад хэлтэй хүүхдүүд аль хэдийн нүүр хагарчихсан байдаг. Өрнийн соёл, Дорнын хэл соёл мэдээж ялгаатай. Тэгэхээр өөр соёлд суралцаж байгаа гээд хүүхдэд чинь маш олон давуу талууд болно.
- Хамгийн гол юм бол суурийг нь л зөв тавих ёстой. Хүүхдийн суурь мэдлэгийг зөв тавина гэдэг байшин барихтай адилхан. Байшингийн суурь бат бөх бол ямар ч үер болж байсан ганхахгүй шүүдээ.
Тэгэхээр тэр суурь сайтай байшинг 5, 10, 15, 20 давхарласан ч болно. Дуудлагын хувьд үнэхээр яг тэр багадаа хэлний булчин нь бэхжиж амжаагүй байхад түргэн хэллэгээр дамжуулж хэлийг нь зүгшрүүлээд, өөрөөр хэлбэл “хугалаа” өгвөл цэвэр дуудлагаар гоё ярьдаг болдог” гэлээ.