Ватиканы төрийн тэргүүн буюу Пап Францис дэлхий даяар 1.3 тэрбум католик шашинтныг нэгтгэдэг. Иймээс ч түүний Монголд хийж байгаа айлчлалтай холбоотойгоор манай улс олон улсын анхаарлын төвд зүй ёсоор орж байна. Гэгээн ширээт улс хэмээн нэрлэгддэг энэ улсын төрийн тэргүүн Францис өдгөө 87 настай. Тэрээр 1936 оны 12-р сарын 17-нд төрсөн бөгөөд 2013 оны гуравдугаар сарын 13-нд 266 дахь Пап ламаар сонгогджээ. Пап Францис 1986 онд ХБНГУ-ын Франкфурт хотын Гүн ухаан, шашны номлол судлалын Ариун Жоржийн Их сургуульд докторын зэрэг хамгаалсан байна.
Итали улсын нийслэл Ром хотын дотор 44 га буюу 0.44 км² газар нутагтай тусгаар тогтносон хот улс бол Ватикан юм. Тус улс нь дэлхийн хамгийн жижиг, хүн ам цөөтэй улсын тоонд ордог. 1929 онд Латераны гэрээ ёсоор тусгаар тогтнолоо олсноос хойш Ромын католик сүм хийдээр удирдуулж иржээ. Ромын Католик сүм, Ариун Сэнтийн албан ёсны хэл нь Латин хэл, харин Ватиканы хот улсын албан ёсны хэл нь Итали хэл юм. Ромын Пап нь 756 оноос 1860 он хүртэл төв Италийн газар нутгийг захирч байсан ч 1860 онд газар нутгийн ихэнхийг Нэгдсэн Италийн вант улс хураан авсан. Дараа нь Ром хотын төвд үлдсэн бяцхан газар нутаг нь ч хүртэл 1870 онд үгүй болсон бол 1929 оны гэрээгээр статус нь сэргэсэн байдаг. Төрийн тэргүүн нь Ромын пап бөгөөд Ватиканы хот улсын барилга байгууламжийг Христийн шашин үүссэнээс хойш 326 онд Гэгээн Петрийн булшин дээр Константины сүмийг барьснаас эхтэй гэж үздэг.
Ромын пап 1,3 тэрбум католик сүсэгтнүүдийг нэгтгэж байгаа. Энэ талаас нь харвал дэлхийн хамгийн том “инфлюнсер” Монголд ирж, түүхэн айлчлал хийж байна хэмээн цахим сүлжээнд олон нийт онцолж байна. Манай улсад Католик шашинтай 1300 орчим хүн байдаг. Барууны ертөнцийн соёлын цөмийг тээдэг шашны тэргүүн Монголд анх ирж байгаа нь Монгол улс олон тулгуурт гадаад бодлогод маш чухал ач холбогдолтой хэмээн олон улс судлаачид онцолж байна. Ромын Папыг дагалдан 23 орны 56 редакцын 150 орчим сэтгүүлч Монголд ирж байгаа юм.
ПАП ФРАНЦИСЫН ТОВЧ НАМТАР
2013 оны 3 дугаар сарын 13-нд 266 дахь Папаар сонгогдсон. Тэрээр Европ бус тивээс болон Иезуитын нийгэмлэгээс сонгогдсон анхны Пап болсон. Сонгогдохоос өмнө Хорхе Марио Берголио нэртэй байсан.
Төрсөн огноо: 1936 оны 12 дугаар сарын 17, итали цагаачийн гэр бүлд төрсөн.
Төрсөн газар: Аргентин Улс, Буэнос Айрес хот
Эзэмшсэн боловсрол:
1986 ХБНГУ-ын Франкфурт хотын Гүн ухаан, шашны номлол судлалын Ариун Жоржийн Их сургуульд докторын зэрэг
1970 – 1971 Испани Улсын Алкала дэ Энаресын Их сургуульд эрдмийн зэрэг
1967 – 1970 Сан Хосегийн коллежид Шашны номлол судлалын эрдмийн зэрэг
1963 Сан Мигель хотын Сан Хосегийн коллежид Гүн ухааны лиценциатын зэрэг
1958 – 1960 Чили Улсад хүмүүнлэгийн чиглэлээр суралцсан
1955 – 1958 Буэнос Айрес хотын католик шашны Вилья-Девото сургуулийг дүүргэсэн
Буэнос Айрес хотын Аж үйлдвэр, техникийн 27 дугаар дунд сургуулийг химийн технологич мэргэжлээр төгссөн.
Ажилласан байдал:
2013 оны 3 дугаар сарын 13-нд 266 дахь Пап-аар сонгогдсон
2001 – 2013 Гэгээн Ширээт Улсын кардиналаар томилогдож, Санваартны асуудал хариуцсан яам, Зан үйл ёслолын асуудал хариуцсан яам, Католик шашны байгууллагуудын асуудал хариуцсан яаманд тус тус ажилласан.
1998 – 2001 Буэнос Айресын тэргүүн хамба
1992 – 1998 Буэнос Айресын хамба
1986 – 1992 Аргентины Кордода хотын тэргүүн хамбын газарт санваартан
1980 – 1986 Сан Хосегийн коллежийн ректор
1973 – 1979 Аргентин дахь Иезутын нийгэмлэгийн тэргүүн
1969 – 1973 Аргентин дахь Иезутын нийгэмлэгт ажилласан
1969 онд Сахил хүртсэн
1964 – 1966 Санта Фе, Буэнос Айрес хотын католик шашны коллежид утга зохиол, сэтгэл судлалын багш
1958 онд Есүсийн нийгэмлэг буюу Иезутын нийгэмлэгт элссэн.
Испани, итали, герман хэлтэй.