Олон улс судлаач, дипломатч Д.Баярхүүгээс тодрууллаа.
"…Гэгээн Ширээт Улс нь олон улсын харилцааны хүчтэй, том тоглогч. Энэ талаас нь харвал энэ удаагийн айлчлал онцгой ач холбогдолтой. Дэлхий даяар 1,3 тэрбум хүн биднийг анхаарч харж байна шүү дээ.
Хүн төрөлхтний гуравны нэг нь христосын шашинтай гэж үзвэл түүний бараг талаас илүү хувь нь католик шашинтнууд. Барагцаа тоогоор хүн төрөлхтний дөрөвний нэгийнх нь том төлөөлөл гэсэн үг. Латин Америк гэхэд л тэр чигтээ католик ертөнц шүү дээ. Америк, Канад хоёроос бусад нь, Америк тив тэр чигээрээ католик шашинтнууд. АНУ, Канадад ч католик шашинтнууд олноороо бий. Европын талаас илүү нь. Бидний сайн мэдэхээр Өмнөд Солонгост гэхэд л маш олон католик шашинтнууд байна. Макао ч тэр чигтээ, Хонконгод бас байна. Филиппинчүүд ч тэр чигтээ католик шашинтнууд. Энэтхэгийн нэг муж тэр чигээрээ католик шашинтай гээд нэрлээд байвал маш том ертөнц гэж ойлгох хэрэгтэй. Ингээд харвал Төрийн айлчлалын хажуугаар католик ертөнцийн шашны тэргүүний айлчлал гэдгээрээ Монгол Улсад хийж байгаа хамгийн өвөрмөц, бас түүхэн айлчлал болно.
Монгол Улс бол өнөөдөр ардчилал, зах зээлийн нийгэм рүү эрчимтэй шилжиж байгаа пост-коммунист улсын хувьд Орос, Хятад гэж хоёр том гүрний дунд хавчуулагдсан жижиг улс. Гэхдээ их идэвхтэй гадаад бодлого явуулдаг. Геополитикийн өвөрмөц байршилтай, далайд гарцгүй улс мөртлөө даян дэлхий рүү хандсан маш нээлттэй, олон тулгуурт, энхийг эрхэмлэгч гадаад бодлого явуулдаг. НҮБ-д идэвхтэй, даян дэлхийд энхийг сахиулах үйл ажиллагаанд өөрийнхөө зохих хувь нэмрийг оруулж, энх тайвны бэлгэ тэмдэг гэсэн үнэлгээг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаас хүртсэн. Тэр утгаараа дэлхий дахины анхаарлын төвд энэ айлчлал яах аргагүй байх ёстой юм. Ер нь тэр олон сэтгүүлч хэвлэл мэдээллийн төлөөлөгчид, олон сүсэгтэн ирнэ гэдэг Монгол Улсыг олон улсад таниулахад бэлээхэн маш том гадаад сурталчилгаа болно. Дэлхий дахинд манай улсыг үнэ төлбөргүй сурталчлаад өгнөө л гэсэн үг. Нөгөө талаар католик ертөнцөд Монголыг цоо шинээр таниулж байна. Латин Америкийг аваад үзье. Бүх Латин Америкийн католик шашинтнууд Монголыг анхаарлынхаа төвд тавина гэсэн үг” гэлээ.