Сошиал ядаргаа, гар утсанд донтох байдал нь сэтгэцийн эмгэг үүсгэж, ойлгох чадварыг бууруулж, ой тогтоолтод муугаар нөлөөлдөг талаар СЭМҮТ-ийн их эмч Ж.Гантулга хэлж байна. Түүнээс бид сошиал ядаргаа гэж юу болох, үүнээс хэрхэн сэргийлэх, эрүүл мэндэд ямар хор уршигтай болох талаар тодрууллаа.
Тэрбээр, “СЭМҮТ-ийн стрессийн шалтгаантай сэтгэцийн эмгэг судлалын клиникт гурван сарын дараалал үүсэн байна. Энэ нь сошиал ядаргаанаас шууд хамааралтай гэж үзэж болно. Ажил амралтаа зохицуулж чадахгүйтэй ч мөн холбоотой. Нөгөө талаас стресс менежмент сул байна гэсэн үг. Цахим орчноос авч буй сөрөг мэдээлэл бидний уураг тархинд шууд нөлөөлдөг. Өдөржин сөрөг, ноцтой мэдээ мэдээлэл уншсанаар зүрх дэлсэнэ, толгой өвдөнө, сэтгэл хямарна. Үүнээс болоод уур уцаар төрнө. Даралт ихсэх ч эрсдэлтэй. Магадгүй гар утсаа ашиглаад ажлаа зохицуулдаг, цахимаар худалдаа наймаа хийдэг хүмүүс энэ бүлэгт хамаарахгүй байж болно. Гэхдээ сошиал орчинд хүний оюун санаа маш их ядардаг.
ХИЧНЭЭН ЯДАРСАН Ч ГАР УТСАА ОРОЛДООД ХЭВТЭХ НЬ ДОНТОЛТ МӨН
Маргааш нь чухал ажилтай хэр нь унтах цагтаа унтаж чадахгүй, утсаа оролдоод байвал донтсоны хэлбэр. Хэрэглээгээ хянах чадвартай байна гэдэг харьцангуй эрүүл байгаагийн илрэл. Залуус стресстэй, сэтгэл түгшсэн үедээ гар утсаа ихээр оролдож, сошиал орчинд өөрийгөө хэсэг сарниулж байдаг. Дахиад гэнэт хийх ёстой зүйлээ санаад хийхэд нөгөөх нь үр дүнтэй болж чадахгүй бол дахиад утсаа оролдоно. Таагүй мэдрэмжээ түр хугацаанд мартахын тулд хэрэглээд байна гэсэн үг.
Энэ донтолт, зуршлыг хүчээр зогсоох боломжгүй. Байж болох хамгийн бага түвшинд л барихыг хичээх хэрэгтэй. Чөлөөт цаг гарвал өөр зүйлээр орлуулж байх нь чухал. Гаргасан шийдвэртээ бат байж хичээх л хэрэгтэй. Амархан байдлаар шийдэх боломжгүй. Гол нь үүнийгээ тухайн хүн өөрөө гүн гүнзгий ухамсарлаад, гар утасны хэрэглээ их байгаагаа хүлээн зөвшөөрч, гаргасан шийдвэртээ үнэнч байх шаардлагатай.
СЭМҮТ-д гар утасныхаа донг эмчлүүлье гээд ирж байгаа насанд хүрсэн хүн бараг байхгүй. Мөрийтэй тоглоод өр ширэнд орчихсон хүмүүс ирж байгаа. Гар утасны буруу хэрэглээнээс болж донтоод, үүний цаана мансууруулах бодис хэрэглэж байгаа ноцтой асуудал байхгүй учраас хүмүүс дасан зохицоод яваад байгаа юм. Манай байгууллага 1800-2000 дугаараар хүмүүст зөвлөгөө өгдөг.
Гар утасны хэрэглээнд ихэвчлэн эцэг, эхчүүд хүүхдэдээ санаа зовсон байдлаар холбогдох нь түгээмэл байдаг. Тэгэхээр алтан зөвлөгөө бол "Хүүхдүүдээ 10.00 цагаас унтуулж хэвших хэрэгтэй. Томчууд орой 11.00 ихдээ 12.00 цагаас хойш битгий юм хийгээрэй.
Нойр дутуу үед мэдрэлийн эсүүд мөхөж байдаг. Хүний уураг тархийг амраах хамгийн гол зүйл бол нойр. Нойр дутуу яваад л байвал алсдаа альцгеймер буюу зөнөглөх эмгэг тусах эрсдэлтэй. Мөн сайн унтаж амарч чадахгүйгээс үүдэн хөгшрөлт хурдан явагддаг. Хөгшрөлт хүний уураг тархинаас эхэлдэг.
Уураг тархи сайн ажиллаж байгаа үед хүн аз жаргалтай байдаг. Нойроо хасаад л яваад байвал тухайн хүний баяр баясал төрөх чадварууд буураад ирдэг юм. Аяндаа өдөр тутмынхаа ажилд түүртээд, ачаалал даах чадвар буурна. Тэгэхээр өөрийгөө үнэлэх чадвар дагаад буурдаг гэсэн үг. Улмаар өөр лүүгээ чиглэсэн сөрөг мэдрэмжүүдтэй болоод бусдаас өөрийгөө доогуур үнэлээд эхэлчихдэг.
СОГТУУРУУЛАХ УНДАА НОЙРНЫ ЭМ БИШ
Гэвч энэ нь сэтгэцийн хүнд эмгэг биш. Гэхдээ тухайн хүндээ нөлөөлж байгаа сөрөг нөлөө их. Хүний амьдралын нэг өдөр ч гэсэн их үнэ цэнтэй шүү дээ. Тэгэхээр утга учиртай л өнгөрүүлэх хэрэгтэй.
Дутуу нойртой өдөр хоногийг өнгөрөөсөөр бид нойрны өрөнд орж ядаргаа эцэстээ тулдаг. Ядаргаанд орчихсон хүн унтаад ядаргаагаа нөхөж чаддаггүй. Хөдөө гадаа яваад ч нэмэргүй. Согтууруулах төрлийн ундаа хүний нойрыг хүргэдэг гэж ярьдаг ч тийм үйлчилгээ огт байдаггүй. Харин ч эсрэгээрээ нойргүйдэл, ядаргааны бас нэг шалтгаан болдог. Тиймээс унтахаасаа өмнө хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Ийм үед мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах нь зүй.
Ядаргаанд орохгүйн тулд өөртөө хяналт тавьж, бүтэн нойроо авч, ажил амьдралын тэнцвэрээ хянаж, зохицуулах хэрэгтэй.