Үндэсний их баяр наадмын зочин хоймортоо түүхч, доктор Х.Мөнхбаярыг урилаа. Амьдралынхаа 10 гаруй жилийг үндэсний их баяр наадам судлахад зориулсан түүнтэй наадмын мөн чанар, соёл, утга учрын талаар хөөрөлдсөн юм.
-Монгол наадам хэзээнээс үүсэлтэй талаар яриагаа эхэлье.
Монгол наадмын үүсэл үе, эхлэлийн тухай ярихаар зарим хүн “Яг хэдэн сарын хэдэнд үүссэн юм гээд байдаг. Монголчууд буюу бидний өвөг дээдэс амьдарч эхэлсэн тэр үеэс, ялангуяа өөрийн гэсэн онцлог соёлтой болсон цагаас л наадам үүссэн нь тодорхой болсон байдаг. Шинжлэх ухаанд үндэстнийг танин мэдэх хоёр арга байдаг. Эхнийх нь мэдэрч танин мэдэх. Мөн туршил хийх арга байна. Наадмын тухай эртний уг сурвалж баттай баримт дутмаг байгаа үед сэтгэж танин мэдэх аргыг хэрэглэх нь илүү зохистой. Бэлчээрийн мал аж ахуй хэзээ Монголд үүсэж, хөгжиж тогтсон юм бэ гэдэг, тэр үеийг л наадамтай холбож ярих гээд байна л даа. Монголчууд адууг адгуулан маллаж эхэлсэн цагаас нүүдлийн хэлбэр бий болсон. Ингээд тооцохоор өнөөгийн бидний мал аж ахуй, 3000-аад жилийн түүхтэй. Түүнд хамаарагдах соёл ч мөн 3000-аад жилийн түүхтэй. Эндээс, наадам 3000 жилийн өмнө үүсэн бий болжээ гэж хэлж болно. Энэ бол наадмын эхэн үе. Дараагийн үе нь төрийн баяр наадам. Аж ахуйн баяр наадам байсан баяр маань Хүннү төрт улсаас эхлээд төрийн баяр наадам болсон.
-Төрийнх гэхээр тодотгол нь зөвхөн ноёд түшмэд, хаад баярладаг гэдэг утгаараа юу?
Яг тэр утгаараа биш. Зохион байгуулагч нь төр. Төр өөрийн ашиг сонирхлын үүднээс энэ наадмыг зохион байгуулж байгаа гэдэг үүднээс харж болно. Дараагийн үе нь, шашны баяр наадмын үе байдаг. Бидний хамгийн ойрынх нь даншиг баяр наадам шүү дээ. Энэ түүх 1700 оноос эхэлдэг. 1911 он хүртэл 200 гаруй жилийн үеийг хамаарна. Ингээд энэ үеийн дараа Үндэсний их баяр наадмын түүхэн үе эхэлж байна. Саяны ярьж байгаа үед Монголчууд төрийн бие даасан байдлаа алдаад, Манжийн эрхшээлд дагуул болчхоод байсан үе шүү дээ.
Тийм учраас баяр цэнгэлээ шашны өнгө төрхөөр тэмдэглэж байсан хэрэг. 1911 оны 12 дугаар сарын 29-нд Монголчууд тусгаар тогтносон. Төрт ёсоо сэргээн байгуулсан энэ үеэс өнөөдрийг хүртэлх үе бол үндэсний их баяр наадмын түүхэн үе байгаа юм. Ерөнхийд нь ингэж тоймлон ойлгож болно. Бид яагаад наадам хийдэг юм бэ? Наадам чинь ер нь юу юм бэ гэж яриад байдаг. Тэгэхээр уг углуургыг нь бүхлээр нь авч үзэх ёстой болно.
Хүн төрөлхтөн үүсэн бий болсон цагаасаа хойш үндсэндээ хоёр төрлийн баяр, цэнгэлийг язгуур шинжтэйгээр тэмдэглэж, ёсолж одоог хүртэл уламжилж байна. Эхнийх нь шинэ жилийн баяр байгаа юм. Тоолж, хэмжиж, мэдэрч, үнэлдэг болсон тэр үеэс тоог хэмжээд эргэлтийг тооцоод, яг нэг жилийн эргэлт дээр хуучин оноо үдээд шинэ оноо угтаж, шинэ жилийг тэмдэглэж байгаа юм. Энэ бол шинэ жилийн баяр. Үр шимийн баяр. Аль ч газар хүн амьдарч байсан ямар нэгэн зүйлээр тэжээгдэж хүнс хоол, амжиргааны эх үүсвэр болгож амьдарч байгаа шүү дээ. Далайн орнууд загасаа, Хятад гэхэд ургацаа, намар цагаан будаагаа, Европ руу ороод ирвэл усан үзэм , улаан буудай, ургамал жимсээ болгоод ирж байна.
Энэ ургацаа хурааж аваад, бүх сайхан юмыг хураагаад хэцүү өвлийг давахад бэлэн болж байгаа тэр үедээ эсвэл хамгийн ургацынхаа оргил үедээ үр шимийн баярыг тэмдэглэдэг нэг ийм баяр байна. Одоог хүртэл тэмдэглэж байгаа. Тэгвэл наада чинь үүнтэй шууд холбоотой. Наадам өөрөө энэ нутаг дээрх ард түмний үр шимийн буюу ургацын баяр байхгүй юу. Тэгэхээр гайхна шүү дээ. Тэгвэл бүгдээрээ бодъё л доо. Наадмыг бид ямар үед тэмдэглэдэг билээ. Энэ Монгол нутаг дээр байгаа мал аж ахуй соёлын үр шим хамгийн ихээр цогцолж байгаа цаг үед тэмдэглэж байгаа шүү дээ. Айраг цагаа гарчихсан, ааруул ээзгий дэлгэрчихсэн, өрөм тараг нь бялхсан зуны дэлгэр цаг гээд бид шүлэглэдэг шүү дээ.
-Жилийн хамгийн гоё үе, хамгийн оргил үе байх нь байна шүү дээ?
Бид уламжлалт аж ахуйн үүднээс харах юм бол хүнс тэжээлийн нөөц хамгийн ихээр бий болж байгаа, хүнс тэжээл хамгийн их үйлдвэрлэгдэж байгаа энэ үед тэмдэглэж байгаа. Үүний нэгэн жишээ бол хаврын тамир тэнхээгээ барсан хонь чинь тэвээрээд боломжтой болж байгаа үе юм уу. Энэ үед бид ургацын баярын шинжтэйгээр үр шимийн баярын агуулгаар, аж ахуйн шинжтэй наадмыг тэмдэглэж эхэлж байгаа байхгүй юу.
– Нүүдэлчин ард түмэн нэг газар цуглаад нэгнийхээ царай барааг харах тэр цаг үеийг нүдэндээ төсөөлөөд бодохоор маш л их утга учиртай байсан байна?
Тийм ээ. Маш их утга учиртай. Цаашлаад тэр ард түмэн ямар шийдвэр гаргах гэж байгаа, ямар үйл ажиллагаа явуулах гэж байгааг мэдээд түүнд оролцох эрхээ олж авч байгаа байхгүй юу. Цаашлаад, үндэсний хэмжээний ач холбогдолтой зүйл байна. Залуус нь наадамдаа сайхан хувцсаа өмсөж очоод биестэйгээ танилцдаг байсан. Хэний охин өсөж, хэний айраг исэв гэдэг шиг, биестэйгээ танилцаж, ураг барилдах, удам залгах сайхан арга хэлбэр байна шүү дээ.
-Монгол хурим найр чинь голцуу л намрын эхэн, дунд сард болдог шүү дээ. Тэгэхээр наадмаар танилцчихаад гэрлэчихдэг байсан юм биш үү?
Бараг л нэг талдаа тийм. Жаахон дээш нь татаад хэлэх юм бол тэгж ойлгож болохоор. Хүмүүс харилцаанд орж байж нэгийгээ таньж, мэдэрч, ойлгодог байх нь байна шүү дээ.
-Тэгэхээр наадам бол нүүдэлчин Монголчуудын хувьд харилцааны, мэдээлэл солилцох маш том урсгал байжээ?
Урсгал байсан. Нөгөө талаар ард түмнийг нэгтгэн ижилсүүлж байгаа. Яг энэ хүч бол огт өөрчлөгдөөгүй. Одоо ч хэвээрээ байгаа.
-Наадмаар юу идэж уудаг байсан юм бол? Одоо бид нар чинь хуушуур л идээд байгаа шүү дээ? Хуушуур идэж байна. Ус, колагаа ууж байна. хөдөөгүүр байвал сайхан айраг цэгээгээ ууж байх шиг байна?
Наадам дээр олон хүн цуглаж байгаагийн яалт ч үгүй нэг шалтгаан нь таны асууж байгаа хоол хүнс. Монголчууд өвлийг өнтэй даваад, өвс тэжээлээ аваад, өвлийн идээгээ идээд, хавар жаахан муудаад ирдэг шүү дээ. Хүнс нь багасаад борц руугаа ороод л. Тавдугаар сарын сүүл, зургаадугаар сарын эхээр арай ч цагаан идээ гарчхаагүй хоол хүнс ховор байдаг. Тэгэхээр Монголчууд түүнд нийцсэн хоол хүнсний соёлтой байсан байна. Зундаа махан хоол иддэггүй. Тэгэнгүүт наадам боллоо. Наадмаар айраг цагаа дэлгэрээд хамаг сайхнаа аваад ирнэ. Түүн дээр тарчигхан байсан малчид хаврын хэцүүг даваад зун нь тэвээрээд ирж байгаа тэр үе таардаг байхгүй юу. Тэр үед одоогийнх шиг тогтсон өдөр тэмдэглэдэггүй байж. Байгаль цаг уураа харж байгаад, сайн өдрийг шинжиж наадна л даа. Наадамд хонь авч ирж төхөөрнө. Эсвэл хонины махаа аваад ирнэ. Тэрийгээ сайхан чанаад, хорхоглоод, боодоглоод иднэ. Тэр үед өчнөөн сар, хоног мах идээгүй хүмүүс түүнийг идэж махсаагаа гаргадаг байж. 1950-ад оны сүүл, 1960-аад оны эхэн болох үед Монголын эдийн засгийн үндэс болж байгаа малыг нийгэмчлээд бараг төр мэдэлдээ авчихсан. Өөрөөр хэлбэл, махыг төр удирдана гэсэн үг шүү дээ. Наадамчин тэр үеийн зун наадамлахдаа дураараа махаа аваачиж чадахгүй болж байгаа байхгүй юу. Тэдний хэрэгцээг хангах хэрэгтэй болно доо. Тэдний хэрэгцээг хэн хангах вэ гэхээр тэднийг удирдаж, захиран зарцуулах эрхтэй байгаа төр мэднэ.
Нэгдэл байгуулагдаад бүх мал нэгдэл рүү орчхож байгаа юм. Нөгөө нэгдэл буюу төр чинь бүх малыг төхөөрөөд олон хүнд өгөөд тараагаад байж чадахгүй. Эдийн засгийн тооцоо шинжилгээ хийж гадаад руу экспортлоно гээд олон зүйл байж байгаа. Тэгэхээр хамгийн зааз малыг төхөөрөөд нийтийн хоолны үйлчилгээг сэдэж олсон нь хуушуур байхгүй юу. Өмнө нь хуушуур Монголд байсан уу гэвэл байсан. Энэ үг болоод хоолны гарал үүсэл дээр хүмүүс маргадаг л даа. Хуушуур гэдэг бол Хятад үг. Энэ нь бол Ху-гийн хоол гэдэг утгатай гэж зарим улсууд хэлдэг. Ху-гийн хоол гэдэг бол бүдүүлгүүдийн буюу нүүдэлчдийн хоол гэсэн үг. Тэр утгаар нь бодохоор манай улсаас урд руу шилжээд буцаад манайх өөриймшүүлж авсан ийм хоол болж таарах гээд байна. Одоо буузыг нь ч, хуушуурыг нь ч хийж байгаа зүйл нь гурил шүү дээ. Гурил улаан буудайнаас гарч байгаа. Улаан буудай Хүннү болон түүнээс өмнөхөн Европоос дамжаад Хятадад дэлгэрсэн байгаа юм. Гэхдээ энэ нь төв Азиар буюу манай улсаар дамжин урагшаа орсон байхгүй юу. Зарим судлаачдын хэлж буйгаар улаан буудай гэдэг ханз бол юм үүрч яваа хүний дүрстэй. Гаднаас авчирсан гэсэн үг шүү дээ. Ингээд харах юм бол хятадуудаас өмнө бид улаан буудайг хэрэглэсэн. Тэднээс түрүүнд үүнийг боловсруулах, идэх аргыг олсон байж таараа шүү дээ.
-Эрийн гурван наадам маань спорт юм уу, эсвэл биш юм уу?
Эрийн гурван наадам. Энэ үгийг би судлаачийнхаа хувьд ормол үг гэж боддог юм. Бидэнд угаасаа эрийн гурван наадам гэсэн ойлголт байгаагүй. Түүнийг 1930-ад онд Оросууд оруулж ирсэн. Эрийн гурван наадам гэдэг үгийг Орос хэлнээс оруулж ирсэн. Гэтэл эрийн гурван наадам гээд харахаар спорт нүдэнд буудаг байхгүй юу.
Эрийн гурван наадам гэдэг ойлголт Монгол хэл ярианд байгаагүй гэдэг нь баримттай. Харин юу гэж хэлж байсан бэ гэхээр наадам нь даншиг наадам гэдэг ч юм уу, тийм тодотголтой. Энийг гурван наадам бүр эрт үедээ эрийн гурван эрдэм байсан.
Яагаад морь уралдуулаад байгаа юм бэ гэдэг нь хэд хэдэн шалтгаантай. Нэг талаар, хурдан морьдоо өсгөн үржүүлдэг байж. Харин талдаа, цэрэг дайны үед морьдоо бэлэн байлгах үүднээс хийж байгаа алхам байсан. Бөхийн барилдаан ч ялгаагүй дайн тулаанд бэлэн байхтай холбоотой. Энд өнцгөөс харвал, энэ бол спорт биш, соёл байхгүй юу. Соёл гэдгийг юугаар бид амархан баталж болох вэ гэхээр жишээ нь бөх дээр аваад үзье. Том цолтой бөх нь ам авдаг. Өөрөөр хэлбэл, хэнтэй барилдах вэ гэдгээ сонгодог.
Хэрвээ спорт мөн л юм бол энэ нь тэгш эрхийн зарчим дээр буюу гарааны тэгш байдал дээр үндэслэх ёстой. Тэгэхээр цол хамаарахгүйгээр сугалаа, оноо ч юм уу өөр нэг хэлбэрээр амалж авч байгаагаар нь соёл байна гэж үзээд байна. Хоёрдугаарт, бөх ч бай, морьд ч бай, харваанд ч бай Монголчуудын өв уламжлал шингэчихсэн байгаа байхгүй юу. Тэгвэл спорт бол нийтийн байх ёстой. Хэн нэгэн үндэстэн угсаатны давуу, онцгой байдал гэж байхгүй. Нийтлэг шинжтэй, энгийн, даруу байх ёстой.
-Дээл хувцасны хувьд наадмаар халуун учир тэрлэг өмсөх үү? Юу өмсдөг байсан юм бол?
Наадамчдын зургууд зөндөө байгаа шүү дээ. Тэндээс харах юм бол тэр үеийнхээ хамгийн сайхан өмсгөл зүүсгэл юу байна. Хамгийн гоёороо л очдог байсан. Мэдээж зун учир зуныхаа хувцсыг өмсөнө. Гэхдээ тэр үеийн зуны хувцас гээд энгийн биш, хамгийн ганган хувцсаа өмсөнө. Яагаад гэхээр Монголчууд наадам дээр сайн сайхнаа харуулж байгаа байхгүй юу.
-Бид кинон дээрээс хардаг шүү дээ. Ноёны бөх л давна. Ардын хүү давах ёсгүй гэх мэт наадам бүрээр үздэг кинонууд дээр гардаг. Одоо ч гэсэн зарим бөхчүүдийг тэр компанийн бөх, тэдний бөх гэж ярьдаг. Эртнээс л бөхчүүд орчин үеийн хэллэгээр хэлбэл ивээн тэтгэгчтэй, ардаа эзэнтэй байсан юм уу?
Түүхэн баримт хараад эхлэхээр бөхчүүд чинь төр хамгаалагчид юм билээ. Нарийн хэлэх юм бол хаадын болон ноёдын бие хамгаалагчид байсан байгаа юм. Нөгөө хаад, ноёд чинь нэг газар цуглаад, чуулган чуулж дуусаад жижиг наадам, цэнгэл, баясал хийх гэдэг. Тэгэнгүүт бөхчүүдээ буюу бие хамгаалагчдаа дунд нь барилдуулдаг. Нөгөө хэд нь зүгээр нэг барилдах биш, ямар үүрэгтэй гарах билээ. Ноён юм уу, эсвэл хаанаасаа давах үүрэгтэй байхгүй юу. Давах нь зүгээр нэг давах биш. Өгөө нөхрийг нухчин дарах гээд байна шүү дээ. Тэр битгий хэл Мандухай сэцэн хатны Монгол аймгуудын талаар хуучны магтаал байна л даа. Түүн дээр Мандухай сэцэн хатныг дайнаас авч гарсан өөрөөр хэлбэл олзлогдох шахуу байхад нь бөхчүүд хамгаалж авч гарсан гэсэн үг шүү дээ. Сайн бөхчүүд нь ноёныхоо эсвэл хошууныхаа нэрийн өмнөөс барилддаг байсан. Сайн морьд хошууныхаа нэрийн өмнөөс уралддаг. Сйажраад дээшээ гараад ирэх юм бол тэр бөхчүүдийг Богд гэгээнд өргөчихдөг. Түүний бөх болоод ард түмнээ цэнгүүлээд төр ёсоо, улс түмнээ хамгаалаад явж байдаг гэсэн зүйл шүү дээ.
-Корона вирусээс улбаалж, дэлхий даяараа бид их хүнд байдалд орлоо. 21 дүгээр зуунд тахал өвчнөөсөө саллаа гээд нэрт түүхч одоо цаг үед амьдарч байгаа ноён номдоо бичсэн байсан. Тахал гэдэг зүйл хүн төрөлхтнийг зовоосон зүйл байсан. 21 дүгээр зуунд харьцангуй намжмал байдалтай боллоо гэж байсан атал бид дэлхий даяараа тахалд нэрвэгдэж, корона вирусэд дарлагдсан. Яг энэ үед юу болсон гэхээр #NoNaadam хөдөлгөөн өрнөж, наадмыг хийхгүй байх, наадам хийх мөнгөөрөө өөр зүйл хийгээч гэж жагсаал, цуглаан болсон. Нөгөө талд нь наадмаа хийх ёстой. Наадам бол нэрт хөгжмийн зохиолч Жанцанноров гуайн хэлснээр энэ бол үндэсний вакцин юм гэж тодорхойлсон байдаг. Наадмын мөн чанар нь юу юм бэ? Наадам хийхээ больчихвол Монголчууд хэн болох вэ.
Наадам хийхээ больчихвол гэдгээс эхэлье. Наадам хийхээ больчихвол Монгол биш болно. Дээрээс нь, энэ наадам бол баяр цэнгэл биш Монголчуудын тусгаар тогтнолын баяр юм. Бид 2000 гаруй жилийн өмнө төр улсынхаа түүхийг эхлүүлсэн их түүхтэй ард түмэн юм.
Их Монгол улсын 890 гэж байна. Бид 800-ад жилийн өмнө Монгол гэж улсаа байгуулсан юм. Би 1911 оныг хэлж байна. Үндэсний эрх, чөлөө тусгаар тогтнолын жил гэдэг нь бид 110 гаруй жилийн өмнө тусгаар тогтносон юм гэдэг. Ардын хувьсгалын тухайд бид 100-ад жилийн өмнө ардчилсан өөрчлөлтийг хийсэн юм. Өөрөөр хэлбэл, хамжлагат ёсыг халаад хүн бүр тэгш эрхтэй болж эхэлж байна шүү дээ.
Дахиад 1990 оныг хэлэх хэрэгтэй. Бид 30 гаруй жилийн өмнө өөрийн дахан эрхээ олж авч ардчилсан орон болж, хэнээс ч асуухгүйгээр улс орноо мэдэх, эрхтэй болж эхэлж байгаа юм гэж хэлж байгаа шүү дээ. Монгол гэдэг ийм их түүхтэй тусгаар улс байна шүү. Бид орших эрхтэй шүү . Бид цаашдаа орших эрхтэй юм гэдгээ жил бүр тунхаглаж байгаа байхгүй юу. Өөрөөр хэлэх юм бол Монгол улсад төрсөн гэрчилгээтэй хүн бүр энэ баярт оролцох, энэ баяраа хүндэтгэх ёстой юм.
-Би таны ярианаас бас нэгэн зүйлийг ухаарлаа. Наадам ард түмний сэтгэл зүйд маш том дэмжлэг болох зүйл юм байна.
Энэ наадам чинь ард түмэнд хүч өгдөг байхгүй юу. Байгаль, цаг уур талаас нь хэлье. Өвлийн хатуу, хаврын хахирган хүйтнийг даваад бид хэцүүг тууллаа шүү дээ. Өвөл ямар урт болов, хавар хэцүү болов үүнийг даваад ирсэн ард түмнийг чинь нэг сайхан баярлуулан цэнгүүлээд эрч хүч өгч байгаа юм. Дараа жилийн өвөл хүссэн хүсээгүй ирнэ. Нийгэм талаасаа харъя. Энэ улс орон ямар хэцүү замыг туулж, яаж ядарч зовж байна вэ. яаж дээшээ хөгжиж, сайхан амьдрахын төлөө зүтгэж байна вэ. Энгийнээр хэлье. Төрийн алба хаагчид чинь бүгд гадагшаа гараад амьдралаа залгуулахаар гурав дөрвөн сар явж байна шүү дээ. Одоо бид энэ улсаа үр хүүхэддээ өвлүүлэх ёстой юм шүү гэдэг хариуцлагаа ухамсарлаад хүүхдээ Монгол болгож, Монгол гэдэг улсыг даян дэлхийд тунхаглаж, энэ улс оршин байх эрхийг нь баталгаажуулаад өгч байгаа биз дээ, наадам. Энэ наадмыг бид хийхгүй бол өөр хэн хийх вэ. наадам чинь дотроо хоёр том агуулга байна. Хоёр тулгуур баганатай юм байна. Нэг нь тусгаар тогтнолын баяр байна. нөгөөх нь үндэсний төр улсын баяр байх нь. Хоёулаа төрийн агуулгатай. Энэ хоёрыг нэгтгэн тэмдэглэж байгаа арт түмэн бол дэлхийн хаана ч байхгүй.
-Хэлбэрийн хувьд нийгэм, цаг үе, өөрчлөгдөхийн хэрээр соёлын зарим өв хэлбэр нь өөрчлөгдөж явдаг. Энэ бол жам. Түүний нэгэн адилаар хурдан морь уралдуулахдаа анхнаасаа л бага насны хүүхдээр унуулдаг байсан уу? Одоо хүний эрх, хүүхдийн эрхийг дээдэлдэг болсон нийгэмд хүүхдээр морь унуулж, эрх зөрчигдөж байна. Ялангуяа хүүхдийн эрхийг зөрчихдөө сургууль соёлд нь сургахгүй, жинг нь нэмэхгүйн тулд тураалтай байлгаж байгаад морио унуулж байна. Энэ зүйл хавтгайрлаа шүү дээ. Үнэхээр хүүхдийн эрх зөрчигдөж байгаа зүйл байна уу?
Би бол түүхч хүн. Тэр утгаараа өв соёл, уламжлалаа хадгалах ёстой гэдэг дээр байр сууриа хадгалж, илэрхийлэх, сурталчлах үүрэгтэй. Нөгөө талаараа миний өөр нэгэн үүрэг байна. тэр бол хүний эрхийг хамгаалагч. ХЭҮК-ийн иргэний нийгмийн зөвлөлийн гишүүн. Тэгэхээр яг энэ хоёрын тэнцвэр дундуур би ярих гээд байна шүү дээ. Соёл гэдэг зүйл тодорхой хэмжээгээр хувьсан өөрчлөгдөж байдаг. Энэ соёл бол өнөөгийн нийгмийн шаардлага, нөхцөл байдалдаа зохицож, өөрчлөгдөх ёстой. Эсвэл нийцэх ёстой гэсэн үг шүү дээ. Гэхдээ өөрийн мөн чанарыг гээх ёсгүй. Эгвэл манай хурдан морины уралдаан юугаараа ялгаатай юм. Хүүхэд унаж байгаагаараа ялгаатай. Тэгвэл үүнийг хүний эрхийг хангаж байна гэдэг утгаар хүүхэд унуулж байгааг болиод хиймэл робот ч юм уу, эсвэл том хүнээр унуулбал энэ соёл Монгол онцлогтой байхаа больчихно. Тэгэхээр бид хүүхдийн эрхийг зөрчихгүй байх эрх зүйн зохицуулалт болоод нийгмийн суурийг бүрдүүлээд энэ уралдаанаа хийх ёстой.
Бид наадмыг төрийнх гэж хэлж байна шүү дээ. Бүр эрхийг нь хязгаарлая гэвэл зөвхөн төрийн наадмаар л хүүхдээр морь унуулдаг болъё л доо. Бусад зугаа, цэнгэлийн шинжтэй наадмуудаар хүүхдээр уралдуулахаа больж болно шүү дээ. Хуучин бид төр ёсны наадмаараа л ганцхан шахуу нааддаг байлаа шүү дээ. Аливаа зүйл зохистой харьцаа буюу тэнцвэр дээр үндэслэж, оршин байна. Нөгөө хүүхдийг чинь олон арван наадмаар унуулаад байвал эрсдэл нэмэгдэнэ шүү дээ. Адаглаад тэрийг чинь хөнгөн байлгахын тулд маш удаан хугацаанд өлсгөлөн байлгах нь байна шүү дээ.
Наадам бол Монголчууд бидний хувьд маш чухал зүйл. Бид бүхэнд хэд хэдэн том үнэт зүйлийг бий болгож байгаа. Бид тусгаар тогтнолоо наадмаар дамжуулан бататгаж болж байна. хоёрдугаарт наадмаараа дамжуулж соёлоо өв уламжлуулж байна. гуравдугаар гол хүчин зүйл нь наадам биднийг ижилсүүлж, нэгтгэж байна. Нөгөө талаасаа Монгол гэдэг тодотголыг наадам бий болгож байгаа. Монгол гэдэг тодотголгүй болчих юм бол Монгол хүн биш болчихно. Дэлхийн бүх ард түмэн өөрийн гэсэн тодотголтой. Тэр тодотголоо хамгаалж, хөгжүүлдэг юм билээ. Бид үүний дагуу хөгжих ёстой.
Өрөг.мн сайт та бүхэнтэй түүхч, доктор Мөнхбаярыг уулзууллаа. Бид үндэсний их баяр наадмын үүх түүх, өв соёл, мөн чанар, утга учрын тухай ярилцлаа. Та бүхэн сайхан наадаарай.