Хөрөг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт өдгөө 71 настай МУГЖ, бүжигчин, оюуны дасгалжуулагч Цэрэндоржийн Чимэдцэрэнг урьж, ярилцлаа. Тэрээр 150 насална хэмээн бэлгэшээн, эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэн, иог, нарны мөргөл, дасгал хөдөлгөөн идэвхтэй хийдэг. Ц.Чимэдцэрэн ярихдаа “Тархиараа ядуурахыг үзэн яддаг учраас оюуны дасгалжуулагчаар сурч, 71 насандаа шинэ мэргэжлээ эзэмшсэн. Энэ нь намайг эрт зөнөхөөс сэргийлж, орчин үеийн залуусаа ойлгож, зэрэгцэж алхахад тусалдаг гэсэн юм.
Ц.Чимэдцэрэн 1952 онд Улаанбаатар хотод төрсөн. Түүнийг хоёрдугаар ангид байхад нь аав нь Ажилтны соёлын ордны дэргэдэх бүжгийн дугуйланд элсүүлснээс 38 нас хүртлээ алтан тайзнаа бүжиглэжээ.
Тэрээр “Аав намайг бүжгийн дугуйлсанд элсүүлэхэд би бүжиглэж чаддаггүй байлаа. Манай нэгдүгээр ангийн багш мундаг нүдтэй. “Чи бүжгийн дугуйланд яваарай” гээд л надад шууд тулгасан. Би ч их баярлаж байлаа. Тухайн үед бүжиглэнэ ч гэж дээ… Бөмбөрцөг дэлхий хэлбэртэй, Бүслүүр хавчаарт тохирсон… гээд л энэ ая дээрээ бүжиглэдэг. Үүнийгээ л өөрөө маш мундаг бүжиглэдэг гээд бодчихсон” гэж анх бүжгээр хичээллэж эхэлсэн түүхээ хуваалцсан юм.
Тэр аравдугаар ангиа төгсөөд, Анагаах ухааны их сургуулийн хуваарь авсан ч өөрийн хүсэл мөрөөдлөө даган, Улсын Ардын дуу бүжгийн чуулга буюу одоогийн Үндэсний урлагийн их театрын дэргэдэх бүжгийн багш бэлтгэх сургалтад сууж, онц төгссөн. Тэндээс ганцхан хүүхдийг Ардын дуу бүжгийн чуулгад авахаар болсон нь Ц.Чимэдцэрэн байжээ. Түүнээс хойш Улсын Ардын дуу бүжгийн чуулгад Ардын жүжигчин, төрийн соёрхолт, зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжид багшийн удирдлагад дагалдан бүжигчнээр ажлын гараагаа эхэлжээ. Дагалдан бүжигчнээсээ мэргэжлийн бүжигчин. Мэргэжлийн бүжигчнээс гоцлол бүжигчин. Гоцлол бүжигчин байхдаа 1988 онд 28 насандаа БНМАУ-ын Гавьяат жүжигчин цолыг хүртсэн байна. Түүнээс хойш чуулгын тайзнаа тасралтгүй 24 жил бүжиглэжээ.
Ц.Чимэдцэрэн “Би тэтгэвэртээ гарчхаад л олон жил бүжиглэсэн юм чинь одоо сайхан амаръя гээд л. Ор байвал хэвтээд, сандал байвал суугаад л. Идэхийг үзүүлж өгсөн. Гадаа гаръя гэхэд цастай бол халтираад уначихна гээд гарахгүй. Зун бороо орж байвал бороотой байна төвөг гээд гарахгүй. Амнаас гардаг үг нь “Мэдэхгүй, чадахгүй” гээд л. Их идээд таргалчихсан. Үнэхээр жаргал гэдэг зүйл зовлон болдгийг биеэрээ мэдэрсэн дээ.
Урьд нь Гавьяат жүжигчин Ц.Чимэдцэрэн гээд зарлуулдаг байсан хүн чинь хөл нь өвдөөд бүжиглэж ч чадахгүй. Настай, тэтгэврийн авгай нэрээр ярьж байгаа зүйлийг нь хүн тоохгүй. Ам бүл цөөхөн болохоор хэнтэй ч ярихгүй. Надад бүх зүйл надад хангалттай байсан. Бүх зүйл байхад л сэтгэл гутралд маш амархан ордог юм билээ.
Бид өвчин хэлж ирдэггүй, хийсэж ирдэг гэдэгт итгэчихсэн. Гэнэт ирж байгаа өвчин тул бид яах вэ л гэдэг. Гэтэл үгүй юм байна. Одоо бид өвчин хийсэж ирдэггүй, хэлж ирдэг гэдэгт итгэх хэрэгтэй. Би тэтгэвэрт гарсныхаа дараа том аягаар их иддэг. Ходоод нь цадчихсан байхад сэтгэл нь цаддаггүй. Дахиад ширээн дээр байгаа зүйлээ авч идээд л. Ингэсээр байгаад ёолоод, мөлхөөд л орондоо ордог байсан. Шөнө унтана гэж байхгүй. Зурагт үзсээр байгаад 12 цагт унтана. Энэ хооронд бас л юм иднэ. Идээд л байна. Тэгээд шөнө нь хар дараад унтаж чадахгүй болсон байсан.
Бид өөрсдийгөө хөгшин ч гэж бодохгүй, залуу ч гэж бодох хэрэггүй. Хэн ч байсан эрүүл амьдралын хэв маягийг л хэвшүүлэх хэрэгтэй. Эрүүл амьдралын хэв маяг гэдэг ерөөсөө л зөв хооллолттой, хөдөлгөөн хийдэг, нойр сайн авдаг байхыг хэлнэ” гэж өөрийн амьдралын нэгээхэн хэсэг болсон эрүүл амьдралын хэв маягийн талаар хуваалцсан юм.
“Аз жаргалтай амьдрал гэдэг хэн нэгнийг дуурайх бус өөрөөсөө дотроосоо аз жаргалыг мэдрэх. Заавал төгс хүн байх шаардлагагүй. Өчигдрөөс өнөөдөр илүү байхад гоё”.
Ц.Чимэдцэрэн нөхөр, хоёр хүүхэдтэй. Тэд 32 насандаа анхны охиноо өлгийдөн авч байжээ. Одоо гурван ач, зээтэй болж, өнөр өтгөн, сайхан амьдарч байна.
Тэр “Хүүхдүүдийнхээ хүүхдүүдийг хараад өгье гэхээр хүүхдүүд “Та минь насаараа хүнд ажил хийсэн юм чинь, 55 насандаа жинхэнэ тэтгэвэртээ гарлаа. Одоо зүгээр өөрийнхөө дураар жаргаж амьдар” гэдэг. Тэгээд л би 55 наснаасаа хойш хаана л ямар гоё сургалт байна, энд тэндхийн гоё сургалтуудад суусаар тархины дасгалжуулагч болсон. Хүн тархиараа ядуурах шиг аймар зүйл байхгүй. Түүнийг л үзэн яддаг. Тархи хоосон байвал юу ч мэдэхгүй, хэнийг хамаагүй хүн дагаад л “Тэр гоё гэвэл түүн рүү хошуураад л, тэнд аймшигтай зүйл боллоо гэхэд Тийм үү” гээд л. Ингээд хүн дагаж, намирсан хүн л болно. Тиймээс шинэ зүйл сурч, ном уншиж байвал хүн улам л толгой сэргэг, улам гоё болно. Би одоо Тархины дасгалжуулагч гээд тархи эрүүл байлгадаг шинэ мэргэжилтэй болж, улам аз жаргалтай болсон.
Дээрээс нь эмээгийнхээ ажлыг хийнэ. “Миний хүүхдүүд хүүхдүүдээ аваад ир. Та хоёр минь л сайхан өөрсдөдөө цаг гаргаад, ажлаа хий. Ээж нь хүүхдүүдийг нь хүмүүжүүлээд өгье” гээд л эмээгийн ажлаа хийе гээд гуйгаад байхад хийлгэхгүй л байна. Гэхдээ хааяа зуслан дээр аваад ирвэл яг ач, зээ нар шигээ хамт тоглоно. Ууланд гарвал адилхан гүйгээд, уруудвал дагаж гүйгээд, эргэдэг дүүжин тоглоом дээр адилхан тоглоод л. Эмээ гэдгээ үзүүлэхгүй. Яг л адилхан явна. Тийм эрч хүч нь байгаа юм чинь” гэв.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.