Бид энэ удаа хорт хавдрын өвчлөлөө даван туулагч эмэгтэй Ш.Ариунаатай ярилцлаа. Түүний хувьд хорт хавдраар өвчилсөн хүмүүс байнгын айдастай байдгийг хэлж, бие махбод болоод сэтгэл зүйн хувьд ямар өвчин зовуурийг туулж байдаг тухай ярьсан юм. Мөн тэр ирээдүй, үр хойчдоо энэ өвчинг мэдрүүлэхгүйн тулд Наран ижий заяа ТББ-аа байгуулжээ.
Тэрбээр энэ талаар ярихдаа, “2019 онд би хөхний хорт хавдартай гэж оношлогдсон. Ингээд 11 дүгээр сард хагалгаанд орсон юм. Яг яривал төдийгөөс өдийг хүртэл олон зүйлийг даван туулж байна. Хүн амьд үлдэхийн тулд өөрийн бие дээрээ судлаач болдог юм билээ. Өөрийн түүхийг бүтээдэг юм байна. Энэ хугацаанд их зүйлийг эргэцүүлж, бодож, судалж үзэхгүй бол болохгүйг ойлгосон. Хорт хавдартай гэдэг мэдээг сонсох их хэцүү. Одоог хүртэл үргэлж айдас дагуулж бйдаг юм. Хэсэг хугацаанд шокноосоо гарахгүй шүү. “Яагаад би ийм болчхов” гээд алдаагаа өөрөөсөө хайна. Цаашлаад өөр хэн нэгэнд гомдоллоод байдаг юм. Шөнө нойргүйдэж бие хямарна. Түүнээсээ болоод сэтгэл зүй ч тогтворгүй болж есөн шийдийн ааш аяг гаргаад байдаг юм билээ.
Хагалгааны дараа өөрөө бүхнийг судалж мэдэрдэг болоод л ойлгосон. Гэртээ байвал л өвчнөө чагнаад хямраад байх юм байна гээд. Ар гэрийнхэн “яаж байна, юу идэх үү” гээд л бүх зүйл хяналтад орчхоор хүн улам л дотогшоо болж, нийгэмшиж чадахгүй болчихдог. Үүнийг ялан дийлэхийн тулд хүн өөрөө нүдээрээ хараад, ам руугаа хийж байгаа зүйлээ хянах, хордлогоо тайлж байх үедээ судлаач л болох хэрэгтэй. Хагалгааны дараагаас өөртөө эзэн байх хамгийн чухал юм байна. Бидэнд агаар их дутагдаж, сэтгэл зүйн асуудал их тохиодог. Тэгэхэд очоод үйлчлүүлэх газар байдаггүй. Хавдартай л гээд хэлчихвэл авдаггүй. Нууж очоод эрсдэл үүрээд гарсан тохиолдол олон шүү дээ. Энэ өвчнийг даван туулахад, мэдээж эхлээд мэс засалд орно. Багийн эмчилгээ явдаг. Сэргээн засах, шим судлал, хоол, мэс заслын дараах хими туяан эмчилгээ гээд л. Энэ үед янз бүрийн хүндрэлүүд тохиолддог. Дараагийн эмчилгээндээ явахын тулд биеэ бэлдэх гээд ерөөсөө хувь хүн өөрөөс нь их зүйл шалтгаалдаг юм байна.
Манай улсад хэрэглэгдэж байгаа стандарт эмчилгээ, эм тариа гээд л байна. Чанар гэх мэт зүйлсийг нь мэдэрч биеэрээ туулж яваа хүний хувьд судалж үзэхээс өөр аргагүй. Хөндөх ёстой том асуудал гэдгийг анзаарсан.
2020 оны ес дүгээр сард өртөг өндөр байн эмчилгээг даатгалд оруулахын тулд “Наран ижий заяа” ТББ-аа байгуулсан. Гол нь хорт хавдарын эмчилгээ хугацаа алдах хамгийн осолтой. Үүнийг хүн бүр л мэдэж байгаа. Хорт хавдрын өвчлөлийн суурь том шалтгааны нэг нь бидний идэж ууж байгаа зүйл. Сая бид сайн дурын үндсэн дээр залуу эмч нартай хамт Хэнтийн Дадал сум ороод ирлээ. Тэнд ч гэсэн ажиглагдаж л байна. Бүс орон нутгийн оршихуйд байгаа газраасаа мал эмч рүүгээ чиглэсэн мэдээлэл сул байна. Малын тарианы асуудлыг яриад л байгаа. Ярихаас аргагүй. Үүнийг ХХААХҮЯ хариуцаж байгаа шүү дээ. Хүнсний аюулгүй байдлыг. ХААИС бэлдэж байгаа малын эмч нартаа хүргэж хэлэхгүй бол болохгүй байна. Хөдөө явж байхад 10 жилийн хүүхдүүд ярьж байгаа юм. Сургалтын үеэр малын тариагаа яадаг вэ гэхээр өөрсдөө хийдэг. Эмээ өвөө нь хийдэг. Малын эмч тариа өгчихдөг гэж байгаа юм. Цаагуураа зарим нь захаас аваад өөрсдөө хийчихдэг гэж байгаа юм. Энэ бол хүнсний аюулгүй байдал сул байгаагийн шинж. Дотоодын асуудлаасаа болж хорт хавдрын өвчлөлийн бас нэг шалтгаан гарч ирж байна гэсэн үг.
ЭРҮҮЛ МЭНДЭЭ МАЛААС ДООР ҮНЭЛЖ БАЙГАА ЦАГТ ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН ҮЛДЭХГҮЙ
Хорт хавдар гэдэг зүйл биднийг өвтгөхгүйгээр 5-18 жил байдаг юм байна. Дархлаа муудахаар гэнэт л эцсийн шат руугаа орж ирж байна. Хяналт шалгалт үзлэгт ордоггүй. Жаахан өвдөхөөрөө өвчин намдаах эм их хэрэглэж байна. Сая сайн дураар явахдаа эмэгтэйчүүдийн үзлэг, умайн өвчлөл илрүүлэхээр явсан юм. Яагаад гэхээр алслагдсан сумын хүүхнүүд маань үзүүлддэггүй. Жижиг газар хов жив их байдаг. Олон шалтгаанаас энэ өвчлөл үүсэж байна шүү дээ. Амьддаа нэгнээ хайрлах сэтгэл зүй байхгүй болсноос нөгөө улсууд биеэ үзүүлдэггүй. Аймаг руугаа орж ирдэггүй. Хугацаа алдаад дандаа 3,4 дүгээр шатанд нь илрүүлдэг. Аймаг сумын иргэд малаасаа доор өөрийгөө яах гэж үзэж байгаа юм бэ гэх бодол төрсөн. Арван жил өвдсөн гээд нэг хүн ярьж байсан. Малаа л бодоод гээд. Өөрийгөө хайрлахгүй. Их харамсмаар. Тэгээд нөхрийнх нь шүд бас өвдчихсөн. Шүдний эмчид үзүүлэхгүй буглаа үүсчихсэн явж байгаа юм. Мал мал мал…Энэ биш шүү дээ. Үүнийг нийгэмшүүлж, хүнийг соён гэгээрүүлэх тал дээр яг л хөрсөндөө буусан зүйл хийхгүй бол алсдаа эрүүл монгол хүнтэй үлдэх нь үү үгүй юу.
Миний алсын зорилго бол хүүхдүүдээ хөрвөх чадвартай, өвдөхгүй, өвчлөхгүй байх юмыг зааж өгөх ёстой юм байна. Хүнд мэдлэг боловсрол хэрэгтэй л байлгүй яах вэ. Гэхдээ зөв амьдрах, нийгэмших, хамт олонтойгоо зөв явах л их чухал байгаа юм. Бүх зүйл мөнгөөр хэмжигдэхгүй. Хүн өөрөө маш гоё баялаг. Том капитал. Өөртөө хөрөнгө оруулалт сайн хийчихвэл тэгээд л болно. Амьддаа л бие биеэ хайрлая. Боломж бидэнд үргэлж байдаг. Үүнийгээ ашиглах юм бол бид урт удаан амьдарна. Би хорт хавдартай гээд зарлаад, хүний өмнөөс өвдчихсөн юм шиг явах биш. Би үүнийгээ зовлон гэж харахгүй байгаа юм. Яагаад гэвэд амьдралын их сургууль надаас шалгалтаа л авч байна. Би шалгалтаа л өгч байна. Хүн диплом авч гадаад дотоод явах чухал биш. Амьдрал гэдэг баян” гэж ярилаа.