Парламентад эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлэх асуудал чухлаар хөндөгдөж байна. УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөлд тойргоос болон жагсаалтаар сонгогдох гишүүдийн тоог 78:48 байхаар тусгаж, нэр дэвшигчдийн хүйсийн харьцаа 1:1 байхаар оруулаад байгаа юм. Мөн эмэгтэйчүүдийн квот 30 хувь байхаар санал тусгажээ. Тэгвэл үүнийг дор хаяж 40 хувьд хүргэх хэрэгтэй гэж эмэгтэй гишүүд болон эмэгтэйчүүдийн төлөөлөл санал гаргаж байна.
Өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар эмэгтэйчүүдийн квотыг нэмэх саналыг нэр бүхий гишүүд гаргасан. УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, С.Одонтуяа, М.Оюунчимэг, А.Адьяасүрэн, Т.Доржханд, Ж.Сүхбаатар нарын гишүүдээс 40-өөс доошгүй болгож өөрчлөх зарчмын зөрүүтэй санал гаргасан ч хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.
Өмнө нь улс төрийн намууд эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлэх асуудлаар амлалт өгч, хэвлэлийн бага хурал хийж байсан. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо олон улсын түвшинд 26 хувьтай байхад Монголд 17 хувьтай байна. Тиймээс эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх асуудлаар намууд бодлогын түвшинд анхаарна гэдгээ зарласан. Гэвч УИХ-ын гишүүдийн тоо 126 болсон нөхцөлд эмэгтэйчүүдийн квот 30 хувиар батлах гэж байгааг эсэргүүцэж байна.
ЯМАР ГИШҮҮД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН КВОТЫГ НЭМЭГДҮҮЛЭХИЙГ ДЭМЖЭЭГҮЙ ВЭ?
Өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд нийт 13 гишүүн оролцсон. 1 гишүүний саналаар квот нэмэх асуудал дэмжигдээгүй юм. Тодруулбал, 6 гишүүн буюу А.Адъяасүрэн, Т.Доржханд, Г.Занданшатар, М.Оюунчимэг, Д.Сарангэрэл, Ж.Сүхбаатар нар дэмжиж саналаа өгсөн байна. Харин С.Амарсайхан, Ж.Батсуурь, Ц.Мөнх-Оргил, Б.Пүрэвдорж, Д.Тогтохсүрэн, Н.Энхболд нарын гишүүд эмэгтэй гишүүдийн квотыг 30 хувь гэж заасныг 40 хувь болгож нэмэгдүүлэхийг эсэргүүцэж, татгалзсан санал өгсөн байна.
Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно. Энэ хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцохоор байна.