“Төрийн өмчит компаниудын сэргэлт Эрдэнэс Монгол нэгдэл” чуулган Эрдэнэс Монгол нэгдлийн харьяа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Монголросцветмет”, “Эрдэнэс Оюу толгой” ХХК зэрэг 37 компанийн удирдах албан тушаалтан, инженер, техникийн 400 гаруй зочны бүрэлдэхүүнтэйгээр МҮХАҮТ-д зохион байгуулагдав.
Чуулганы үеэр Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Төрийн өмчит компанийн сэргэлт" сэдвээр илтгэл танилцуулсан юм. Тэрбээр илтгэлдээ “Төрийн өмчийн компаниуд дээр авлигал, хүнд суртал их, үр ашиггүй ажиллаж байна, хувийн хэвшлийн урдуур орж бүх ажлыг хийж байна гэх гомдол санал ард иргэдээс төдийгүй олон улсын байгууллагын судалгаа дүгнэлт дээр гардаг боллоо. Төрийн өмчийн компаниудын засаглал, бодлого ил тод биш гэж үздэг. Хэн яаж орж ажилладаг, ТУЗ нь сонгогддог зэрэг асуудал ихээр хөндөгддөг.
Ажлын гүйцэтгэл албан хаагчдын чадвар, бүтээмжийн асуудал ч хөндөгдөж байгаа. Энэ бүгдээс үзвэл төр татгалзаж болох зүйлсээсээ нэн даруй татгалзаж болох шаардлагатай цаг үе нэгэнт иржээ.Төрийн өмчит хуулийн этгээдийн шинэчлэлийн бодлогын хүрээнд менежментийг сайжруулах 2-3 үе шаттай бодлогын арга хэмжээг авах нь зүйтэй хэмээн судалсан.
Нэгдүгээрт: Эрдэнэс Монгол нэгдлийг бодитой менежментийн хөрөнгө оруулалтын компани болгож, олон улсын түвшинд өрсөлдөж чадахуйц нэгдэл болгох нь нэг номерын зорилго юм. харамсалтай нь байгуулагдсан цагаасаа хойш тус нэгдэл нь нэгдлийн үүргээ гүйцэтгэж чадаагүй. Охин компаниудаасаа дэмжлэг авдаг байдалтай явж ирсэн. Ерөнхий сайдын чиглэлийн дагуу тус нэгдлийн дүрэмд өөрчлөлт оруулсан байдаг. энэ хүрээнд Эрдэнэс Монгол нэгдлийн дүрэмд өөрчлөлтүүд орсон.
Цаашид Эрдэнэс Монгол 32 компанийн хүрээнд нэгдэл болж ажиллах учиртай. Мөн тус нэгдэл нь Засгийн газрын аливаа хэлбэрийн төрийн өмчит компанийг байгуулах, аливаа төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх нэгж байгуулдаг шийдвэрээсээ бүрэн татгалзах үүргийг баримталж ажиллана. Хэрэв эдийн засгийн өгөөжтэй, хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах боломжтой гэж үзсэн тохиолдолд ТУЗ-ийн түвшиндээ шийдвэр гаргаж үйл ажиллагаа явуулж болно. үүнд нь улс төрийн нөлөө орохгүй байхад анхаарч ажиллах чиглэл өгсөн. Эрдэнэс монголын ажилчдыг сонгон шалгаруулах шалгаруулалт зэргийг нээлттэй явуулсныг та бүхэн мэднэ.
Хоёрдугаарт: Дараагийн шинэчлэлийн ажил бол ТӨБЗГ-ын Б.Цэнгэл дарга тэргүүтэй хүмүүс шинэчлэлийн бодлогыг оруулж ирж танилцуулж байгаа. Өөрөөр хэлбэл, Төрийн өмчийн компаниудыг нэгтгэсэн корпорацтай болох чиглэл рүү бид явах нь зүйтэй. Эрдэнэс Монгол нь эдийн засагт үр өгөөжтэй томоохон төслийг хариуцаж байгаа бол төр нийгмийн хариуцлагын хүрээнд зайлшгүй авч явах ёстой төрийн өмчит компаниудыг нэгдсэн удирдлагаар буюу бизнесийн зарчмаар удирдаж чаддаг төрийн өмчит компаниудын корпорац байгуулах чиглэлийг баримталж ажиллах саналыг оруулж ирсэн. Энэ санал урт хугацаанд яригдана.
Төрийн захиргааны асуудал эрхэлсэн төв байгууллага нь төрийн өмчит компаниудыг удирддаг байгууллага гэхээс илүүтэйгээр төрд байгаа төрийн өмчийн бүртгэл менежментийг хариуцдаг төрийн захиргааны байгууллага болж хувиръя. Бусад шаардлагатай компаниудыг корпорацаа байгуулаад харьяанд оруулах юм.
Миний зүгээс ийнхүү хувийн хэвшилд энэ ажлуудыг шилжүүлэх гэж байгаа бол хуулиараа олон нийтийн нүдэнд дээр шилжүүл гэж хэлсэн. Мөн урт хугацаанд сонгон шалгаруулаач гэж хэлсэн" гэв.