ХХААХҮЯ-ны сангуудад ямар ч өр төлбөр байхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж, "зээлгүй" гэж таг гүрийж байгаа Л.Чинбатын “Мөнх улз” ХХК ХААДС-аас авсан нэг тэрбум 26 сая 428 мянган төгрөгийн зээлээ одоог хүртэл төлөөгүй байна.
Шилэн ажиллагааны хүрээнд Хөдөө аж ахуйг дэмжих сангаас нийт 169 тэрбум 741 сая төгрөгийн зээл эргэн төлөөгүй ба 8993 иргэн, аж ахуйн нэгжийн нэрийг нийтэд зарласан. Найдваргүй зээлдэгчид дунд Л.Чинбатын нэг тэрбум 26 сая 428 мянган төгрөгийн зээл багтсан байна. “Мөнх-Улз” ХХК-ийг Лхагвын Чинбат, Жадамбаагийн Дашдэмбэрэл нар хамтран эзэмшдэг. Энэ компани нь Хэнтий аймгийн Норовлин сумын Жаргалант багт тариалан нутагт хүнсний ногоо, улаан буудай тариалдаг байна.
- Дээрх зээлийн 121 сая төгрөгийг 2011 онд
- Зургаан сая 800 мянган төгрөгийг 2015 онд
- 596 сая 400 мянган төгрөгийн зээлийг 2018 онд төлж дуусах ёстой байсан юм.
Гэтэл Л.Чинбат энэ оны гуравдугаар сард эзэмшлийнхээ Гацуурт ХХК-иараа дамжуулж мэдэгдэл гаргахдаа “Өнөөдрийн байдлаар манай компани төр, Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам, түүний дэргэдэх Хөдөө Аж Ахуйг Дэмжих Санд ямар ч өр төлбөр, зээлийн үлдэгдэлгүй болохыг үүгээр мэдэгдэж байна” гэж тайлбарлаж байв.
САЛБАРЫН САЙД Х.БОЛОРЧУЛУУНЫ ХОЁР ҮЗҮҮРТЭЙ МЭДЭЭЛЭЛ ОЛОН НИЙТИЙГ ТӨӨРӨГДҮҮЛЭВ
ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун тухайн компани болоод Л.Чинбатыг өртэй, өргүй гэх хоёр үзүүртэй мэдээллийг олон нийтэд хүргэсэн. Тухайлбал энэ оны гуравдугаар сарын 29-нд тэр хэдэхдээ, “Л.Чинбатын хувьд ХААДС-нд нэлээн хэдэн тэрбумын өртэй. Өрөө одоогоор төлж барагдуулаагүй байгаа ба төлсөөр байна” гэсэн мэдээллийг өгсөн.
Харин дөрөвдүгээр сарын 7-ны өдөр энэ мэдээллийнхээ эсрэг зүйлийг хэлж “Л.Чинбат болоод түүний хамаарал бүхий компаниуд санд ямар ч өргүй” гэсэн байна. Ямартай ч Л.Чинбатын эзэмшлийн Мөнх-Улз ХХК 724 сая төгрөгийн өртэй болох баримтыг shilen.gov.mn дээрээс харж болно.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар 2023 оныг "Авлигатай тэмцэх жил" болгох тогтоолыг баталсан. Энэ хүрээнд Авлигатай тэмцэх 5 “Ш” төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэлсэн юм. Энэ ажиллагааны зорилго нь улс төрчдийн тарыг олон нийтэд таниулах. Тэгвэл засаг дотор нь зээл авчхаад өрөө төлдөггүй, хууль давж эрх ашгаа хангадаг Л.Чинбатын охин Ч.Номин Соёлын сайдаар ажиллан дээд албан тушаал хашиж байгаа нь шударга бус үйлдэл болох талаар олон нийт бухимдаж байна.
Л.ЧИНБАТ ТЭДС-ААС ӨӨРИЙН КОМПАНИУДААРАА ДАМЖУУЛАН ДОЛООН ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ АВЧЭЭ
Түүнчлэн Л.Чинбат “Тариалан эрхлэгчдийг дэмжих сан”-гийн үрийн буудайн төлбөрт төсөвлөсөн мөнгөний тавь орчим хувийг ганцаараа хүртжээ. Хүнсний үрийн буудайны төлбөрт зориулж 2017 оны улсын төсөвт 16 тэрбум төгрөг тусгасан бөгөөд 12 аймгийн 65 сумын 729 иргэн, аж ахуйн нэгж урамшуулал авах шалгуурт тэнцсэн гэж тухайн үед мэдээлж байсан билээ.
Засгийн газрын 2017 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр болсон хуралдаанаар үрийн буудайн үйлдвэрлэлийг дэмжих шийдвэр гаргасан байдаг. Л.Чинбатын нэр дээр бүртгэлтэй “Гацуурт” ХХК 3 375 000 000, “Баяндулаан уул” ХХК 1 387 500 000, “Шаргал тариа” ХХК 675 000 000, “Скрин” ХХК 600 000 000, “Сэлэнгэ Тос” ХХК 562 500 000, “Монгол ногоо” ХХК 525 000 000, “Вигобуудай” ХХК 375 000 000, “Хэрлэн Алтай” ХХК 144 830 000 төгрөг тус тус 2017 оны арванхоёрдугаар сарын 20-нд “Тариалан эрхлэгчдийг дэмжих сан”-аас авчээ. Найман компанид төсвөөс шилжүүлсэн мөнгөний дүн нийтдээ 7 644 830 000 төгрөг болж байна.
Өнгөрсөн жил үрийн буудайны төлбөрт 16 тэрбум төгрөг төсөвлөсөн байдаг. Энэхүү төлбөрийн 48 хувийг Л.Чинбат ганцаараа хүртсэн болж таарч байна.
Шилэн дансанд бүртгэгдсэн Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн 2015-2018 онд хийгдсэн бүх зарлагыг гүйлгээний утгаар нь тоймловол,
- Буудайн үнэ
- Хүнсний улаан буудайн урамшуулал
- Үрийн буудайн үнэ гэсэн гурван төрлийн гүйлгээ зонхилж байна.
Энэ талаар Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Хууль, эрх зүйн хэлтсээс Ikon.mn сайт тодруулжээ.
Ингэхэд, “Эдгээрийн үнэ, хэмжээг Мөнгөн урамшуулал олгох, мөнгөн бус дэмжлэг үзүүлэх журмаар зохицуулдаг бөгөөд тухайн үнийг тухайн жил бүрт нь Засгийн газраас тогтоон шийддэг.
Хүнсний улаан буудайн урамшуулал нь Буудайн тариалан эрхлэгчдээс дотоодын гурилын үйлдвэрүүд, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Улсын нөөцийн газарт гурил үйлдвэрлэх, нөөц бүрдүүлэх зорилгоор нийлүүлсэн MNS-97-2004 стандартын шаардлага хангасан буудайд олгодог урамшуулал бөгөөд стандартын шатлалаараа үнэ нь зөрүүтэй байдаг.
Хүнсний улаан буудайг ийнхүү жил бүр нөөц бүрдүүлэх болон үйлдвэрлэлийн зорилгоор тариаланчдаас авдаг бол үрийн буудайг дараа жилийнх нь хаврын тариалалтад зориулж авдаг.
Энэ мөнгийг авахын тулд тариалан эрхэлдэг аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж буй харьяалал буюу сумын ЗДТГ-таа шаардлагатай материалуудыг бүрдүүлж өгснөөр аймаг, аймгаас Тариалан эрхлэлтийг дэмжих сан, ХХААХҮЯ хүртэл дамжиж, эцсийн шатанд Засгийн газар баталснаар мөнгийг нь олгодог” гэжээ.
Дээрх тайлбарт дурдсанчлан гурван өөр газарт буюу дотоодын гурилын үйлдвэрүүд, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Улсын нөөцийн газарт буудайгаа тушаасан бол урамшуулал олгодог гэсэн байна.
Улсын нөөцийн сан болон дотоодын гурил үйлдвэрлэгчдэд буудай нийлүүлсэн, эсэх дата нээлттэй биш байдаг нь буудайн урамшууллыг олон нийт хянах боломжгүй болгосон байгаа юм.
Хөдөө аж ахуйг дэмжих сангийн зээлийн эргэн төлөлт нь ердөө долоон хувьтай байгаа талаар УИХ-ын гишүүн Х.Ганхуяг мэдээлж байв. Сан нэрээр иргэдийн халаасыг ухаж, эрх мэдэл, албан тушаалд ойр нэгэн нь ард түмний боломжийг хулгайлан, дэвсэлж орхидог үзэгдэл манай нийгэмд гаарсаар байгаа талаар Өрөг.мн сайт мэдээ, нэвтрүүлгүүдийг бэлдсээр байгаа. Ингэж хэлж буйн учир нь, өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа нийт 25 сангийн, ердөө гурав нь зорилгынхоо дагуу үүргээ гүйцэтгэсэн гэх аудитын судалгаа гарчээ. Зорилтот бүлэг, иргэн, ААН-дээ хүрч үйлчилж чаддаггүй, "мөнгөний гахай" болсон эдгээр олон сангууд зорилго, үүргийнхээ хүрээнд ажиллаж чадахгүй бол татан буугдах ёстой гэж олон нийт үзэж байна.
Эх сурвалж: shilen.gov.mn, opendata.burtgel.gov.mn, ikon.mn