Хэдхэн хоногийн өмнө монгол түмэн боксын дэлхийн дэд аваргаа өлгийдөн авсан билээ. Эл бахдам амжилтын эзэн бол Дорнод аймгийн харьяат, үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хорооны тамирчин Лутсайханы Алтанцэцэг. 27 настай тэрбээр ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн, дэлхийн аваргын алтан медалийн төлөө өрсөлдсөн Монголын анхны эмэгтэй боксчин болж, монгол түмнээ баярлуулсан юм.
Нэлээд хожуу буюу 16 настайдаа боксын спортоор хичээллэн, олон, олон саад бэрхшээлийг даван туулаад түүхэн амжилтын эзэн болсон Л.Алтанцэцэгийг “Ялагч” нэвтрүүлгийнхээ зочин хойморт урьж ярилцлаа.
ДЭЛХИЙН АВАРГА БОЛЖ, ТӨРИЙН ДУУЛЛАА ЭГШИГЛҮҮЛСЭН БОЛ БҮР САЙХАН БАЙХГҮЙ ЮУ
-Юуны өмнө ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Монголын анхны эмэгтэй боксчин болсонд нь баяр хүргэе. ДАШТ-д тав дахь удаагаа оролцоод энэ амжилтын эзэн боллоо. Ер нь энэ жил дэлхийн аваргаас медаль хүртэнэ, өндөр амжилт гаргана гэдэгтээ хэр итгэлтэй байв?
-Юуны түрүүнд намайг “Ялагч” нэвтрүүлэгтээ урьсанд баярлалаа. Би өөртөө маш их итгэлтэй байсан. “Дэлхийн аваргаас медаль авах жил маань 2023 он” гэж бодон, бэлтгэл сургуулилалтаа сайн хийсэн. Алтан медаль авна гэсэн зорилготой ДАШТ-д оролцлоо. Ямар ч байсан медальд хүрч, монголчууддаа, дорнодчууддаа бэлэг барьж чадлаа. Монголын боксын эмэгтэйчүүдийн анхны мөнгөн медалийг эх орондоо авч ирсэндээ баяртай байна.
Би ДАШТ-д зургаан тоглолт хийлээ. Таван өрсөлдөгчөө 5:0-ээр ялсан. Дэлхийн аваргын төлөөх тоглолтод Энэтхэгийн, эзэн орны тамирчинтай тоглоод 5:0-ээр дийлдлээ.
-Шүүлт багагүй булхайтай болчихов уу, 5:0-ээр ялагдсан гэж арай баймгүй гэж хүмүүс үзэж байна. Шүүгчийн шийдвэртэй хэр санал нийлж байгаа вэ?
-Би гурван раундын турш урагшаа тоглолоо. Өрсөлдөгч жаахан зуураад миний тоглолт бүрэн гараагүй.
Нэгдүгээр үед хожигдсон гэдгээ би хүлээн зөвшөөрнө. Хоёр, гуравдугаар үед би дайчин тоглосон, нэлээд явсан, урагш зүтгэсэн. Довтолгоо минь оновчтой байсан. Өрсөлдөгчийг 5:0-ээр ялсан гэхэд нь сэтгэл гонсгор байлаа. “Ядаж яагаад 3:2-оор ялалт өгөөгүй юм бол” гэж бодсон.
Хожигдсон гэж бодохоор харамсалтай санагдаад… Дэвжээнээс бууж ирээд хамгийн түрүүнд багш нараасаа уучлалт гуйсан. Ялах боломж надад байсан уу гэвэл байсан. Боломжоо бүрэн ашиглаж чадаагүйдээ харамссан. Багш нарынхаа өмнө гэмтэй санагдаад, уучлалт гуйсан юм.
-Дэлхийн медальтан болоод, Төрийн далбаагаа мандуулан, медалийн тавцанд зогсож байхад юу бодогдож байв?
-Үнэхээр гоё санагдсан. Монгол Улсын төрийн далбаагаа дэлхийн дэвжээнд эгшиглүүлэх сайхан байлаа. Дэлхийн аварга болж, Төрийн дууллаа эгшиглүүлсэн бол бүр сайхан байх байлаа, уг нь.
2018 онд Гавьяат тамирчин М.Нандинцэцэг эгч маань ДАШТ-ээс хүрэл медаль хүртэн, бидний амжилтын буухиаг хагалж өгсөн. Нандиа эгчдээ баярлалаа. Монголын, бидний анхны түүх болсон мундаг тамирчин.
МЕДАЛИЙН БОЛЗОЛ ХАНГАСАН БАЯРТ МӨЧИД ЭМЭЭГЭЭ БОДСОН
-Аваргын төлөө шалгарахад “Мөнгөн медаль авах нь тодорхой боллоо. Одоо өнгийг нь хувиргана” гээд амжилтдаа арай эрт ханачихсан тал бий юү?
-Энэтхэгийн тамирчинтай өрсөлдөхөөр болсондоо би нэлээд нервитсэн. Учир нь би ДАШТ, Азийн наадам зэрэг томоохон тэмцээнд ихэвчлэн Энэтхэгийн тамирчинтай учраа таардаг. Тэгээд 3:2-оор эсвэл 5:0-ээр ялагддаг. Тиймээс надад нэлээд сандрал байсан. “Намайг яах бол. Шүүлтээр хийчих вий” гэсэн бодол байлаа. Түүнээс биш амжилтдаа би ханаагүй ээ.
-Хүрэл медалийн болзол хангасныхаа дараа та үнэхээр баярлан, дээшээ үсэрсэн. Үнэхээр гоё агшин. Тэр зургаа харахад танд ямар мэдрэмж төрдөг вэ?
-Медалийн болзол хангаад хамгийн түрүүнд Ж.Еркин багшдаа, Энхтөр багшдаа, эмч, сэтгэл зүйч нартаа маш их баярласан. Манайхан бүгдээрээ үнэн сэтгэлээсээ уйлсан. Дэлхийн аваргын медаль авахаар өөрийн эрхгүй тэгээд “нисчихдэг” юм байна лээ. Өндөр үсэрснээ ч өөрөө мэдээгүй. Сэтгэл маань үнэхээр их хөдөлсөн. Тэмцээний дараа зургаа үзэхэд үнэхээр гоё харагдаж байна лээ.
-Тийм баярт мөчид хамгийн түрүүнд хэний талаар та бодов?
-Эмээ минь бодогдсон. Эмээ минь 2021 онд бурхан болсон. Эмээгийнхээ итгэлийг алдалгүй дэлхийн медальтан болсондоо үнэхээр баяртай байна.
Энэ амжилтад хүрэхэд хамгийн их нөлөөлсөн, миний дэргэд байсан хүн бол Т.Эрдэнэбаяр багш минь. Анхны багш минь намайг өдий хүртэл дэмжин, үндэсний шигшээ багт, “Аврагч” спорт хороо, 102 дугаар ангид тамирчнаар орууллаа. Анхны багшаа үргэлж дурсаж, бахархаж явах болно. Багш минь байгаагүй би өдийд энэ амжилтыг гаргахгүй байсан. Монголдоо ирэхэд багш минь намайг тосож амжаагүй. “Багш нь Дорнодод тэмцээнтэй байна. Охиноо тосож амжихгүй, уучлаарай. Дорнодод ирэхээр нь охиноо гоё угтаж авна” гээд нүдэндээ нулимстай надтай ярьсан.
ӨӨРИЙГӨӨ БҮРЭН ЯЛЛАА, ОДОО ЮУНД Ч ШАНТАРЧ, СӨХРӨХГҮЙ ЭЭ
-Монголын эмэгтэй боксчид энэ жилийн ДАШТ-ээс түүхэндээ анх удаа хоёр медаль хүртлээ. Монголын боксын холбоо, шигшээ багийн дасгалжуулагч нар нэлээд сайн ажилласны үр дүн болов уу. Холбооны үйл ажиллагаа, шигшээ багийн дасгалжуулагчдын арга барил тамирчдын амжилтад хэр нөлөөлж байна вэ?
-Үнэхээр их нөлөөлж байгаа. Тамирчдын бэлтгэл сургуулилалт, сэтгэл зүй маш өөр түвшинд хүрсэн. Бид дасгалжуулагч нартайгаа өмнөхөөсөө хамаагүй илүү нээлттэй, чөлөөтэй бэлтгэлээ харилцдаг, ярилцдаг болсон.
Би 2017 онд үндэсний шигшээ багт орсон. Манай Х.Нямбаатар сайд, Ц.Бат-Энх дарга нар маань, Боксын холбооны гишүүд, Удирдах зөвлөлийнхөн боксын заалыг ийм сайхан янзалж, гоё болгосонд баярладаг.
-Заал ийм тав тухтай болохоор бэлтгэл хийхэд илүү урамтай байна уу?
-Урамтай, урамтай.
-ДАШТ-д өмнө нь дөрвөн удаа оролцсон. "Дэлхийн медальтан болж чадахгүй бол яана" гэсэн эргэлзээ төрж байв уу?
-Би ДАШТ-д олон удаа оролцлоо. ДАШТ-ээс өмнө нь медаль авч чадалгүй, нэг, хоёр ялаад байсан. Тэгээд байхаар сүүлдээ яалт үгүй “За,за. Больдог ч юм уу” гэсэн бодол их төрсөн. Хүнд сөхрөх зүйл зөндөө гардаг. Тэр үед би сөхрөөгүй. Унаж, бүдэрсэн үеэ даван туулж, өнөөдөр дэлхийн аваргын медальтан болоод зогсож буйдаа баяртай байгаа. Би бүгдийг нь даваад туулчихсан юм чинь одоо юунд ч шантрахгүй. Урагшаа тэмүүлээд л явна.
Одоо өөрийгөө бүрэн ялж, өөртөө итгэлтэй болсон. Өмнө нь өөртөө их эргэлздэг, юмнаас их айж, “Яах бол, ийх бол” гэж аймар эмээдэг байсан. Одоо би бэлтгэл сургуулилалтаа хийгээд, оргилд нь хүрэхийн төлөө зүтгэнэ дээ.
Тамирчин хүнд бэртэл гэмтлээс авхуулаад олон бэрхшээл тохиолддог. Одоо би бэртэл, гэмтэлгүй ёстой гоё байгаа болохоор сайхан байна. Бэртэж гэмтэхээр л тамирчин хүн аймар их гутардаг юм билээ.
ТЭМЦЭЭНИЙ ҮЕЭР БЭРТЭЛ СЭДЭРСЭН Ч ӨРӨӨСӨН ГАРААРАА ТОГЛООД ТҮРҮҮЛЖ БАЙЛАА
-Бэртэл, гэмтэл гэснээс 2011 онд тэмцээнд гарны бэртэлтэй оролцсон. Тэмцээний үеэр гарны бэртэл нь сэдэрч, шүд зуун тоглосоор байгаад түрүүлсэн.
Тэгсэн. 2010 онд бэлтгэл хийж байхад гар хугарсан. Овоо эдгэчхээр нь тэмцээнд оролцов. Гэтэл тэмцээний үеэр бэртэл сэдрээд, үнэхээр их өвдсөн. Бэртэл гар доошоо буучих гээд болдоггүй. Гарын бэртэл сэдэрснээ шүүгчид мэдэгдвэл тоглолтыг шууд зогсооно. Тэгээд өрсөлдөгч тамирчинд ялалт өгөх дүрэмтэй. Тиймээс гар жаахан буух гэнгүүт нь бээлийгээрээ тогтоон, эсвэл доош унжуулж байгаад тоглосон. Өрөлдөгч гүйгээд ороод ирэнгүүт нь хоёр талдаа займчаад, цохилтоос нь бултсан. Өрөөсөн гараараа тоглон, өвдөлтөө шүд зуун тэвчсээр байгаад ялж, алтан медаль хүртэж байлаа.
-Тоглолтоо ингээд зосгоочихъё гэж хэр их бодогдсон бэ?
-Т.Эрдэнэбаяр багш “Алтаа миний охин больчих. Спорт, амжилт олдоно. Эрүүл мэнд чухал. Гараа гамна, больчих. Багш нь зогсоочихъё. Өрөөсөн гартай тоглох хэцүү” гэсэн. Тэгэхээр нь би нулимстай “Багш аа, би алтан медаль авч чадна аа” гэсэн. Тэгээд багш минь намайг тоглуулсан юм. Тэгж их тэвчээр гарган, хүнд тоглолтын дараа түрүүлж, алтан медаль хүртэхэд үнэхээр сайхан санагдаж билээ.
ААВ, ЭЭЖ ЭСЭРГҮҮЦСЭН. ТЭГЭХЭЭР НЬ “ШАТРЫН ДУГУЙЛАНД ЯВЛАА” ГЭЭД БОКСЫН БЭЛТГЭЛ ХИЙДЭГ БАЙЛАА
-Дорнод аймгийн “Талын бүргэд” клуб, Гавьяат дасгалжуулагч Ё.Төмөрбатаа, ОУХМ Т.Эрдэнэбаяр нар Л.Алтанцэцэгийн амжилтын гол эзэд. Багадаа жүдо, шатараар хичээллэдэг байсан юм билээ. Эдгээр спортоор багагүй амжилт үзүүлсэн охин боксын спортод ороход юу хамгийн их нөлөөлөв?
-Эмээ минь намайг “Миний охин тамирчин л болно” гэдэг байсан. Тэгээд би тамирчин болсон. Анх шатар, жүдогоор хичээллэн, чамгүй амжилт гаргасан. Зодоон бус их ухаан зарцуулдаг спорт учир би боксод дурлаж хичээллэсэн. Манай ээж намайг нэлээд эсэргүүцсээн, эсэргүүцсэн. Боксоор хичээллэхээ анхандаа аав, ээждээ хэлээгүй. “Шатрын дугуйланд явж байна” гээд хэд хоног боксын бэлтгэл хийсэн. Долоо хоногийн дараа болсон тэмцээнээс мөнгөн медаль аваад, аав,ээждээ хэлсэн. Хэлсэн ч юу байх вэ, зурагтаар үзээд мэдчихсэн байсан. Би айлын ганц охин. Нэлээд эрх. Боксын спорт намайг их хатуужилтай болгосон доо.
Оки (Д.Отгондалай) ах шигээ олимп, дэлхийн аваргаас медаль авна гэж боддог. Ямар ч байсан дэлхийн аваргаас медаль хүртлээ. Олимпоос медаль хүртэж чадна л гэж бодож байна.
-Боксоор ямар, ямар амжилт гаргаад байгаа билээ?
-Азийн АШТ-ий хошой хүрэл медальтай. 2021, 2022 онд жил дараалан хүрэл медаль хүртсэн. Надад голдуу олон улсын тэмцээний алтан медаль бий. Улсын зургаан удаагийн аварга.
БОКСЫН СПОРТ Л.АЛТАНЦЭЦЭГИЙГ ИНГЭЖ АВАРЧЭЭ
Бокс тулаан спорт. Хүнд нөхцөл байдлаас энэ спорт таныг аварсан тохиолдол бий юү?
-Байгаа, байгаа. Дорнод аймагт бэлтгэл хийдэг байхад энэ явдал тохиолдсон юм. Бэлтгэл хийгээд нэлээд оройтчихчсон байв. Т.Эрдэнэбаяр багш “Миний охин ганцаараа яаж харина аа” гээд жаахан дөхүүлж өгсөн. Би гэр рүүгээ явж байтал хэдэн согтуу хүн таарав. “Хүрээд ир” гээд намайг явуулдаггүй. Тэгэхээр нь нэгийг нь өшиглөөд, нөгөөг нь цохиод зугтаасан. Замдаа гар утсаа гээгээд, эргэж харалгүй гүйсэн. Тэр үед машин тэрэг ховор байлаа. Боксын спорт намайг зөндөө олон удаа аварч байсан шүү.
-Нөгөө талаар энэ спорт таныг бие хүн болгон хүмүүжүүлж, төлөвшүүлж, тийм үү?
Тэгсэн. Хүнтэй яаж харилцах вэ гэдгийг бокс минь зааж өгсөн. Тэрнээс биш би яриа хөөрөөндөө тааруу. Юм дуугардаггүй, нэлээд ичимхий хүн. Одоо арай гайгүй, нээлттэй болоод байна.
БЭРТЭЛ ГЭМТЛЭЭС ИЛҮҮ ОЛНЫ ХАНДЛАГА “БОЛЬЁ” ГЭЖ БОДОХОД ХҮРГЭСЭН
-Залуучуудын ДАШТ-д оролцох гэж байхдаа автомашины аваарт орж байсан. Азаар бэртэл нь гайгүй байсан уу?
-Бэртэл уг нь гайгүй байсан. Гэхдээ аваар бие организмд их нөлөөлсөн. Тураад, гэнэт таргалаад байв. Үүний улмаас формдоо орж чадахгүй, амжилт уруудсан. Хоёр жил тэгж явах үнэхээр хэцүү байлаа.
-Бэртэл гэмтлийн улмаас карьер унах үед сэтгэл зүйд тань хүнд байсан нь мэдээж. Тийм үед тамирчинд хамгийн хүнд байдаг зүйл юу вэ. Хүмүүсийн хандлага уу. Амжилт зогсох тусам стрессдээд, сэтгэл зүйдээ улам дарамт мэдэрч байв уу?
-Хүмүүсийн хандлагаас их шалтгаалдаг юм байна лээ. Өмнө нь “Миний охин, миний охин” гээд хүн болгон гүйдэг байсан. Гэтэл тийм үед багш, дэмждэг ах эгч, гэр бүл, боксынхноос бусад нь тоохгүй болохоор сэтгэл зүйд аймар дарамт болдог юм байна лээ.
Яг тэр үед манай боксынхон “Алтаа бэлтгэлээ хийгээд явж бай. Боломж чамд гарна. Боломжийг үргэлж нээлттэй харж бай. Чи мундаг тамирчин. Спортдоо буцаад орж чадна” гэж зоригжуулж байв.
“Бокс тоглохоо больё” гэсэн бодол зөндөө төрсөөн, төрсөн. Хүн айдастай байдаг юм байна лээ. Ямар ч үед намайг хаяагүйд нь оксынхондоо, удирдлагадаа, анхны багшдаа би их баярладаг.
-Боксын бэлтгэл хүнд. Эмэгтэй байтугай эрэгтэй хүн хичээллэхэд амаргүй. Шантармаар, “Больё” гэж бодогдмоор үе хэр олон гардаг вэ?
-Боксоор хичээллэхдээ, бэлтгэл хийхдээ би тэгж шантарч, “Больё”, “Больмоор байна” гэж бодож байгаагүй. Харин ч улам их хичээх итгэл, урам авдаг. Бэртэл гэмтэл, олны хандлага л тийм бодол төрүүлж байсан.
НАЙЗТАЙГАА ХАМТ БАЙР ТҮРЭЭСЭЛЖ АМЬДАРДАГ
-27 настай бил үү?
-Тийм ээ, 27-той.
-Хэн, хэнтэйгээ амьдардаг вэ?
-Би нэг найзтайгаа хамт 21 дүгээр хороололд байр түрээсэлж амьдардаг.
-Гэр бүлийнхэн нь Дорнодод амьдардаг уу?
-Гэр бүлийнхэн маань Дорноддоо. Манай ах, дүү бүгдээрээ тэнд байдаг. Хоолтой, хоолгүй үе байна. Амьдрал юм чинь олон зүйл бодогдоно. Гэртээ нэг харьчихаад ирэх сэн гэж бодогдох үе ч бий.
-Боксын спортоос авдаг хамгийн гоё мэдрэмж юү вэ?
-Мишок цохиод, лапанд ороод, багш нартайгаа ойлголцоод, бэлтгэл сургуулилалтаа хийх хамгийн гоё. Боксын заал миний хоёр дахь гэр. Энд ирэхээр би жаргалтай болчихдог юм.
БЭЛТГЭЛ ДЭЭР НҮҮР ХӨХРӨХ ҮЕ ЗӨНДӨӨ. ХҮМҮҮС “НӨХӨРТӨӨ ЗОДУУЛЧИХАЖ” ГЭХЭЭР ЭВГҮЙ БАЙДАГ
-Боксчин охидыг зарим хүн тоглоом шоглоомоор “Боксчин охинтой суувал нөхрөө нам цохиод унагаачихна. Жаахан юм балгаад ирвэл…” гэдэг.
-Тэгдэг, тэгдэг.
-Танд тоглоомоор ч юм уу тэгж хэр хэлдэг вэ?
-“Алтаа нөхрөө буланд зогсоогоод, нөгөөх нь уугаад ирвэл зодно. Ерөөсөө гадуур гаргахгүй” гэдэг. Яг үнэндээ манай боксчин охидын дунд тийм хүн байдаггүй. Бүгд их дөлгөөхөн, нөхрөө хайрласан шиг хайрладаг хүмүүс байдаг.
-Хүмүүс тоглоомоор ч юм уу тэгж хэлэхээр эвгүй санагддаг уу?
Эвгүй шүү дээ. Боксчин гээд бид яагаад хүн зоддог юм бэ. “Та нар эршүүд юм чинь уур нь хүрвэл хамрыг нь “Май” гээд цохиод унагаачихна” гэдэг. Тэгэхээр нь “За, арай муухай хэлээд байгаа юм биш үү. Манайханд тийм хүн байхгүй. Юу гэж тэгдэг юм бэ” гэдэг. Заримдаа би уурлана. Инээж хэлнэ. Заримдаа юм дуугарахаа байчихна. Би юманд нэлээд эмзэг хүн. Инээж байгаад гомдчихдог талтай.
“Ийм туранхай байж чи яаж бокс тоглодог юм бэ” гэж хүмүүс надаас их асуудаг. “Гар нь туниагүй амьтан байх юм. Чи хүнийг яаж цохьдог юм бэ” гэдэг. Бэлтгэл, сургуулилалт хийхээр бидний нүүр, ам хөхөрдөг. Тийм үед гадуур явахад жаахан хэцүү байдаг. Зарим нь “Нөхөртөө зодуулчихаж эсвэл аав, ээждээ зодуулсан юм уу” гэдэг. Тэр нь жаахан эвгүй байдаг. Тэрнээс бусад нь гоё шүү дээ. Боксчин бүхэн бээлий өмсөж, тулалдаж байгаа болохоор цэвэрхэн нүүртэй явна гэдэг бас л хэцүү шүү дээ, тамирчин хүний хувьд.
БИ ЭРШҮҮД. НЯЛЦГАЙ ЗАНД ДУРГҮЙ
Ер нь би эрэгтэй хүнтэй харьцахдаа нэлээд ширүүн. “За, танилцъя” гэхээр нь “За, танилцъя. Намайг Алтанцэцэг гэдэг. Үндэсний шигшээ багийн тамирчин, боксчин. ОУХМ” гэдэг. Яриа өдөхөөр нь би “Би эршүүд. Нялцгай юманд дургүй” гэдэг. Би шууд тэгээд хэлчихдэг. Тэгэхээр “Чи шулуухан юм аа. Чамаас жаахан айгаад байх юм” гэдэг шүү дээ. Эмэгтэйчүүд эрэгтэй хүний хажууд ичээд, гоё харагдах гээд хичээдэг. Би тэгдэггүй, яг байгаагаараа байдаг, шууд шулуухан хэлчихдэг. Тэр талаараа одоо ингээд ганц бие явдаг юм болов уу гэж боддог.
Би ер нь байгаагаараа байгаад, өөрийнхөөрөө хариулах дуртай. Яг яах гээд байгаа нь мэдэгдэхгүй хүнтэй харилцахад хэцүү байдаг.
-Цаашид хувийн амьдралдаа хэрхэн анхааръя гэж бодож байна вэ. Ойрын хугацаанд гэр бүлтэй болох төлөвлөгөө бий юү?
-Парисын олимпод яаж оролцох нь уу, миний хэмжээ ямар байх нь уу гэдгийг харна. Яг одоохондоо тодорхой төлөвлөсөн юм алга.
-Дэлхийн дэд аваргаа дорнодчууд, гэр бүлийнхэн нь сэтгэл догдлон хүлээж байгаа. Нутаг руугаа хэзээ явах вэ?
-Ё.Төмөрбатаа багшийн минь нэрэмжит тэмцээн Дорнодод болно. Тус тэмцээнд оролцохоор бүртгүүлчихсэн байгаа. ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн ч багшийгаа, тэмцээнийг нь хүндлээд оролцоно. Дөрөвдүгээр сард нутагтаа очих байх.
-Бидний ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. “Ялагч” нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаарт оролцсонд баярлалаа. Манай нэвтрүүлгийн ивээн тэтгэгч “Монос хүнс” компанийн гарын бэлгийг гардуулъя.
-Ийм сайхан нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан танай хамт олонд баярлалаа. Намайг үргэлж дэмждэг Монголын боксын холбооны ерөнхийлөгч Х.Нямбаатар, дэд ерөнхийлөгч Ц.Бат-Энх даргадаа, шигшээ багийн дасгалжуулагч нартаа, Ё.Төмөрбатаа багшдаа, Р.Эрдэнэбаяр багшдаа, боксынхондоо, ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян генералдаа, Энх-Амар генералдаа, “Сүлд” спорт хорооны дарга, улсын аварга, дэд хурандаа П.Бүрэнтөгс даргадаа, Дорнодын “Талын бүргэд” боксын холбооныхондоо, дорнодчууддаа, ажлын хамт олондоо, гэр бүлийнхэндээ, монгол түмэндээ баярлалаа. Та нарынхаа итгэлийг алдалгүй, амжилтаа улам ахиулахын төлөө хичээнэ ээ.