Дөрвөн жил тутамд нэг удаа болдог тусгай олимпын зуны наадам 2023 оны зургаадугаар сарын 17-25-нд Герман улсад болно. Энэ удаагийн наадамд 190 гаруй орны 7000 гаруй тамирчин спортын 26 төрөлд өрсөлдөнө.
Тусгай олимпын наадамд Монгол Улсын 44 тамирчин спортын есөн төрөл (волейбол, 3х3 сагсан бөмбөг, хөлбөмбөг, бадминтон, бочи, жүдо, усан спорт, хөнгөн атлетик, ширээний теннис)-д оролцоно. Наадамд өрсөлдөх тамирчид Улаанбаатар хот болон 11 аймгаас сонгогджээ.
Өнөөдөр сагсан бөмбөгийн 3х3 төрлийн үндэсний шигшээ багийн тамирчид дасгалжуулагчид “Берлин-2023” тусгай олимпод оролцох тамирчидтай уулзан, амжилт хүслээ.
Монголын 3х3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багуудын албан ёсны түнш “Энержи Ресурс” компани нийгмийн хариуцлагын хүрээнд сагсан бөмбөгийн 3х3 төрлийн тусгай олимпын шигшээ багийн зардлыг хариуцан санхүүжүүлэхээр болжээ.
Сонирхуулахад, тусгай олимпын хөдөлгөөн 1968 онд анх үүсгэн байгуулагдаж, дэлхийн 190 гаруй орны долоон сая орчим тамирчдыг эгнээндээ нэгтгэсэн. Монголын тусгай олимпын хороо 2013 оны IV сард үүсгэн байгуулагдсан.