Яллагдагчаар татагдсан О.Мөнхжингийн өмгөөлөгч нараас түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлж, өөр төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай хүсэлтийг шүүхэд ирүүлсэн.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр яллагдагч О.Мөнхжингийн өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг хянан хэлэлцээд, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэх бодитой нөхцөл шалтгаан тогтоогдсонгүй гэж үзэж, өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийг хүлээн авч, яллагдагч О.Мөнхжинд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
О.Мөнхжинд “Бүлэглэж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж виртуал хөрөнгийн үнэ цэнд нөлөөлөх нийтийн хүртээл болоогүй дотоод мэдээллийг ашиглаж виртуал хөрөнгийн арилжаанд оролцсон” гэх гэмт хэрэгт буруутгагдаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн билээ.
Прокуророос яллагдагч Б.Гантигт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгуулах тухай саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг тус шүүх 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд, яллагдагч Б.Гантигийн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн болно.
Нийслэлийн прокуророос Б.Гантигийг “бүлэглэж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж виртуал хөрөнгийн үнэ цэнд нөлөөлөх нийтийн хүртээл болоогүй дотоод мэдээллийг ашиглаж виртуал хөрөнгийн арилжаанд оролцсон” гэх гэмт хэрэгт буруутгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан юм.
Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар