Өнгөрсөн амралтын өдрүүдээр Дорнод аймагт олон тооны зээр тодорхойгүй шалтгааны улмаас үхэж хорогдсон байна. Үүний шалтгааныг Экологийн цагдаагийн албанаас олохоор ажиллаж байгаа. Монголд нийт хоёр сая тоо, толгой зээр байдаг. Энэ нь дэлхий дээр амьдарч буй нийт зээрийн 90 гаруй хувь нь юм. Тэгвэл зээр гэдэг амьтан амьдарснаараа, оршин тогтносноороо экологийн тэнцвэрт байдлыг хэрхэн хадгалдаг болох талаар болон тодорхойгүй шалтгаануудын улмаас зээр хомсдож үгүй болбол байгаль дэлхийд ямар хор уршигтай, ямар эрсдэл учрах талаар бид судлаачаас тодрууллаа.
Энэ талаар Байгаль, зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэгийн судлаач Б.Бүүвэйбаатар, “Цагаан зээрийн ач холбогдлыг экологийн, нийгэм эдийн засгийн, гоо зүйн гэж гурав ангилдаг. хувьд цагаан зээр нь маш олон амьтдын идэш тэжээл болдог. Мөн сэгээр хооллогч хорхой шавж хүртэл түүгээр хооллодог. Зээр олноороо сүрэглэж явахдаа ургамлын үрийг биедээ наалдуулж, уудам хол газар зөөх, тээвэрлэгчийн үүргийг гүйцэтгэж байдаг. Дээр нь цагаан зээрийн хоргол, шээс нь байгаль дэлхийд бордоо болдог юм. Гэх мэтчилэн хээр талд маш олон ач холбогдлыг зээр бий болгодог. Хэрвээ зээр байхгүй бол зээрээр хооллодог амьтад дагаад үгүй болох эрсдэлтэй. Гэрийн мал руу чоно их дайрах, эсвэл бүргэдэд бариулах гэм мэт асуудлууд нүүр тулна. Энэ нь цаашлаад хүн болон зэрлэг амьтад хоорондын зөрчлийг улам нэмэгдүүлэх, иргэд зэрлэг амьтдыг хөнөөх гэх мэт хоорондоо олон холбоотой муу үр дагавар үүсэх юм.
Монголын баруун хэсгээр зээр ховордсон. Зарим хэсгээр нь бүр байхгүй болсон. Хялганат хээр тал оршин тогтноход зээр чухал үүрэг гүйцэтгэдэг.
Зээр хорогдох олон шалтгаан бий. Хүний хүчин зүйл, эсвэл байгалийн шалгарал үүнд нөлөөлнө. Гэрийн малтай идэш тэжээл, ус нь давхацсаны улмаас шахагдаад, цөөн хэдэн ус цэгүүд дээрээ бөөгнөрөх, энэ явцдаа бие биедээ халдварт өвчин дамжуулан олноороо үхэх үзэгдлүүд сүүлийн үед ажиглагдаад байгаа. Сая гарсан асуудал нь миний бодож байгаагаар өвчин л байх магадлалтай. Шүлхий гээд өвчин их гардаг. Зээр үүнийг тараадаг гээд хүмүүс зээрийн буруутгах хандлагатай байдаг. Судлаад үзэхэд малаас дамжиж зэрлэг амьтдад халдаад байгаа юм биш үү гэсэн таамаг бий.
Зээр хомсдоход тулгамдаж байгаа чухал асуудал нь шугаман дэд бүтэц болж байгаа. Ялангуяа төмөр зам, хилийн дагуух төмөр тор байна. Эдгээр нь баригдаад байх юм бол зээрийн нүүдэл хязгаарлагдаж, үүний уршгаар зээр олноор үхэх шалтгаан болдог. Жишээ нь төмөр замын торонд зээр олноороо өлгөгдөж үхдэг. Цагаан зээрийн англи нэр нь Mongolian gazette. Энэ бол монгол зээр. Монгол гэж тодотгож өгч байгаа юм. Тэгэхээр зээр бол бидний нандигнан хамгаалах “өмч” гэж хэлж болно” гэлээ.