Бид "Их засаг" боловсрол, соёл урлагийн их сургуулийн сэтгэл судлалын ангийн хоёрдугаар дамжааны оюутан Э.Мөнххүслэнтэй ярилцлаа. Түүний хувьд сургуулийнхаа үйлчлэгч, нохой салхилуулагч, цэвэрлэгээний газруудад цагийн ажил хийж, сургалтын төлбөр болон хэрэглээнийхээ зардлыг олдог. Мөнххүслэн охин эмээтэйгээ хоёулаа амьдардаг. Хайртай эмээгээ өөрөөсөө болж зовоохгүйн тулд цаг минут бүрийг үр дүнтэй өнгөрүүлэхийг хүсэж, зохиолч болох ирээдүйн мөрөөдлийнхөө төлөө сурч, хөдөлмөрлөж байгаа талаараа ярьсан юм.
Тэрбээр энэ талаар ярихдаа, “Хотод оюутан болж ирээд байр түрээслэн ганцаараа амьдарч байна. Би сургуулийнхаа цэвэрлэгээг хийдэг. Таньдаг хүмүүс дунд ажиллахад таатай санагддаг. Адаглаад намайг шал угаахад дээгүүр нь гарахдаа хатахыг нь хүлээгээд зогсдог хүмүүстэй ажиллана гэсэн үг. 00 угаах нь хүртэл надад огт эвгүй санагддаггүй. Өөртөө чөлөөт цаг гаргачих гээд л үзэж байна. Чөлөөт цагийн төлөө л ажил хийгээд байгаа. Одоо л сайн ажиллаж хөдөлмөрлөхгүй бол ирээдүйд чөлөөт цаггүй болчихно. Заримдаа эмээтэйгээ ярихаа мартчихсан байдаг юм. Тэр үеүдэд л завгүй байгаагаа ойлгодог. Өөрөө хүсээд, сурч байгаа зүйлийнхээ төлбөрийг өөрөө олох хэрэгтэй гэж бодоод зүтгэж байгаа. Хэн нэгэнд ачаа болмооргүй санагдсандаа л цаг наргүй ажилладаг. Би аль хэдийн 18 нас хүрчихсэн. Өөрийнхөө хийсэн үйлдэлд хариуцлагатай хандаад, өөрөө мэдээд шийдвэр гаргаж байж хэн нэгнээс санхүүгийн хувьд хамааралтай байна гэвэл утгагүй шүү дээ.
Надад жаахан тэнэг үе байсан. Оюутан болж ирээд, “Эмээ би найзуудтай хоолонд орох гэсэн юм. Мөнгө” гээд л нэхдэг байлаа. Эмээ хаанаас ч юм мөнгө олоод л явуулдаг. Яаж олсныг нь би мэдэхгүй. Угаасаа асуух ч үгүй авна шүү дээ. Тэгсэн эмээ маань хөөрхий дэлгүүрээс зээл аваад л надад өгдөг байсан юм билээ. Тэгээд л би ямар тэнэг юм бэ гэж бодоод ажиллаж эхэлсэн.
ӨӨРСДИЙГӨӨ БАЙГААГААР НЬ ХҮЛЭЭН АВЧ, ХАЙРАЛЖ СУРААРАЙ ГЭЖ ХЭЛМЭЭР БАЙНА
Ганц хайртай эмээ минь надаас болоод зовохгүй байгаасай л гэж боддог. Үеийнхээ залууст хандаж хэлэхэд өөрийгөө байгаагаар нь хүлээн авч, хайрлаж сураарай. Бусад хүүхдүүд ээж ааваасаа мөнгө аваад сурдаг байсан ч зүгээр. Харин аав, ээж нь мөнгө өгөх боломжгүй бол өөрөө л хичээх хэрэгтэй. Боломжгүй учраас, хэн ч туслаагүй учраас ийм муухай амьдарч байна гэж өөрийнхөө амьдралыг битгий буруу тийш явуулаарай. Яг өөрийнхөө байгаа боломжийг хайрлаарай гэж хэлмээр байна” гэсэн юм.
Түүнийг сургуулийнх нь үе тэнгийн нөхөд, багш нар нь хүндэлж, бахархдаг талаар Их засаг боловсрол, соёл, урлагийн их сургуулийн захирал Д.Оюунсүрэн хэллээ.
Тэрбээр, “Мөнххүслэн охиноороо би болон манай сургуулийн бүх багш нар бахархдаг. Онц сурдаг, дээрээс нь сая төгрөгийн цалинтай үйлчлэгчийн ажил хийдэг. Өглөө 05:30 минутад босож, 06:00 цагт сургууль дээрээ ирээд цэвэрлэгээгээ хийнэ. Тэгээд шалаа угаахдаа дуулж, бүжиглэж байгаад л угаана. Чихэвч хийчихсэн бүжиглээд л угааж байгаа харагддаг юм. Бас болоогүй “Номын нөхөр” гээд клуб ажиллуулдаг. Манай оюутанг ингэж хүмүүжүүлж төлөвшүүлсэн эмээд нь, сурах арга барилд дадуулсан багш нарт нь би маш их баярлаж байгаа” гэлээ.