Монголын эмэгтэйчүүдийн холбооноос санаачлан, зохион байгуулсан “Эмэгтэй малчид-манлайлал” зөвлөгөөн, өдөрлөг Төрийн ордонд боллоо. Зөвлөгөөнд 21 аймгаа төлөөлөн 1000-аад эмэгтэй малчин оролцож, төр засагт дуу хоолойгоо хүргэн, тулгамдаж буй асуудлаа ярилцаж, санал солилцсон юм.
Энэ үеэр Ховд аймгийн Цэцэг сумын малчин Г.Уянгатай ярилцлаа. Тэрбээр хөдөө нутагт эмэгтэй малчдын залгамж халаа ховордож, залуу малчингүй болж байгаад харамсаж яваагаа хэлсэн юм.
Г.Уянга “Эмэгтэй малчдын өдөрлөг, зөвлөгөөн үнэхээр гоё болж байна. Ийм сайхан арга хэмжээ зохион байгуулсан Монголын эмэгтэйчүүдийн холбооныхонд, ерөнхийлөгч Б.Оюунгэрэлд их баярлалаа. Газар бүрээс мундаг, мундаг эмэгтэй малчид цугларлаа. Туршлагаасаа хуваалцан, тулгамдаж буй асуудлуудаа ярилцлаа.
Би 2000 оноос хойш мал маллаж байгаа. Анх удаа ийм арга хэмжээнд оролцож байна. Өмнө нь ийм арга хэмжээнд оролцож байгаагүй.
Хөдөө биднээс залуу малчин байхгүй. Ялангуяа залуу эмэгтэй малчингүй болчихлоо. Эмэгтэй залуу малчны залгамж халаа тасарчихлаа.
Эмэгтэй хүүхдүүд сургууль, соёлын мөр хөөгөөд аймаг руу, хот руу явдаг. Сургуулиа төгсөөд ажилд ороод, тэндээ суурьшдаг. Мал маллах нь битгий хэл орон нутагтаа буцаж ирээд ажилладаг эмэгтэй хүүхэд ховор. Мал маллах хүсэлтэй хүүхэд байхгүй. “Мал маллах уу” гэхээр “Үгүй” л гэдэг.
Хөдөө бүл муутай. Зарим айл өвлийн улиралд малаа хөлсөөр маллуулчхаад, хүүхдүүдээ дагаад аймгийн товд ордог. Нөхөр нь малаа малаа хөдөө, эхнэр нь хүүхдүүдээ хараад төвд тусдаа байдаг малчид зөндөө.
Мал маллахад амьдрах орчин, малын түүхий эдийн үнэ ханш их нөлөөлдөг. Одоо малын үнэ ямар билээ. Түүхий эд нь ямар ч ханшгүй байна. Малын үнэ их унаж байна. Баруун аймагт малын үнэ бүр уначихлаа. Эм ямаа гэхэд 60.000 төгрөг болчихсон. Ийм л байна.
Жилийн дөрвөн улиралд амрах эрх эмэгтэй малчдад байдаггүй. Өвдөхөөрөө, төрөхдөө л эмнэлэгт ирж, үзүүлдэг. Эмнэлэгт урьдчилж бараг үзүүлдэггүй. Мал үнэтэй, түүхий эд нь ханштай бол хөдөө сайхан амьдрах боломж уг нь байна” гэлээ.