Бид энэ удаа МЭХ-ны ерөнхийлөгч Б.Оюунгэрэлтэй ярилцлаа. Эмэгтэйчүүдийн эрх хаана, хэрхэн зөрчигдөж байгаа талаар болон МЭХ эдгээр асуудлууд дээр хэрхэн ажилладаг тухай тодруулсан юм.
-МЭХ сүүлийн үед хэрхэн ажиллаж байна вэ?
-Эмэгтэйчүүдийг хөлийнх нь үзүүрээс үснийх нь ширхэг хүртэл доромжилдог. Таалагдах юм нэг байхгүй. Туранхай бол туранхай гэж загнана. Тарган бол тарган гэж загнана. Гоё бол бараг л биеэ үнэлэгч гэж хэлнэ. Муухай байх юм бол арчаагүй гэж хэлнэ. Дарга бол нууц амраг гэж нэрлэнэ. Зүгээр ажилгүй бол ажилгүй авгай гэж хэлнэ.
Би МЭХ-ны ерөнхийлөгчөөр 2019 оноос хойш ажиллалаа. Ингэхдээ жил болгон нэг сэдвийг, нийгмийн анхаарал руу болон төрийн бодлого, шийдвэр гаргадаг хүмүүс рүү хүргэхээр зорьж ажилласан. 2022 онд эмэгтэйчүүдийнхээ эрүүл мэнд рүү чиглэе гээд “Хавдаргүй монгол эмэгтэй” нийгмийн зорилтот төслийг санаачилсан. Нийтдээ 6300 орчим эмэгтэйд хөхний болон умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэг, үзлэг, оношилгоог хийсэн байна.
-“Малчин эмэгтэйчүүдийн зөвлөгөөн” зохион байгуулж байгаа талаар сонссон. Энэ талаар мэдээлээч?
-Монголын нийт хүн амын 10 гаруй хувь нь малчид байдаг. Одоогоор 300 гаруй малчин байна. Үүний 40 орчим хувь нь эмэгтэй, 60 орчим хувь нь эрэгтэй. Хамгийн харамсмаар дүр зураг нь, ардчилал гарснаас хойш 30 жилд манай мал гоё өсжээ. Бид 71 сая малтай болсон байна. Малаа их хайрласан байна. Хамгийн инээдтэй нь мал малласан хүнээ хаячихсан юм билээ. Тэр дундаа эмэгтэйчүүдээ малаасаа доор үзээд хаячихсан. Тэдэнд эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамрагдах, нийгэм соёлын харилцаанд орох ямар ч эрх байхгүй. Айлын эхнэр болоод, гэр болохдоо ээжийнхээ оёж өгсөн арван дээл нь авдар дотроо шинээрээ эвхээстэй насыг барж байгаа эмэгтэйчүүд олон байна.
Бараг мал нь илүү юм үзээд, мал малласан хүн нь юу ч үзэхгүйгээр энэ 30 жил өнгөрсөн байна. Тэгэхээр бид цаашаа хөгжмөөр байвал хүнээ хайрламаар байгаа юм. Хүний наад захын жам ёсны эрх нь эрүүл байх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, сурч боловсрох, хөгжих, үзэл бодлоо илэрхийлэх гээд бий. Тэгэхэд ямар ч эрх байхгүй, бүхэл бүтэн нийгмийн нэг том бүлэг тэнд хаягдаж байна.
МЭХ-ноос малчин эмэгтэйчүүдийн зөвлөгөөн гээд 1000 эмэгтэй оролцох зөвлөгөөнийг хийх гэж байгаа. Маш харамсалтай санагдаж байсан зүйл олон. Бид техник технологийн дэвшил, 21 дүгээр зуун, аж үйлдвэрийн тавдугаар хувьсгал гээд гоё гоё зүйл ярьж байгаа шүү дээ. Хиймэл оюун ухаан гээд л. Гэтэл тэнд халуун усгүй л байна. Бид хөдөөгийнхнийг заваанаар нь, оркоор нь дууддаг. Усанд орох боломж нь байхгүй юм чинь яах юм. Ингэхээр гэртээ усанд ор л доо гэдэг. Өвлийн хүйтэнд хүүхдээ гаргачхаад гэртээ усанд ороод суух уу? Өдөр болгон тийм боломж байгаа юу.
Манайхан маш олон хаалга, хөшөө барьдаг. Зарим аймгийн хаалганы тоог би шууд хэлнэ. Таван хаалгатай. Хамгийн багадаа хоёр хаалгатай. Бид хаалганы доор усанд орох уу. Хаалганы хажууд зургаа авхуулах нь таны, миний амьдралд ямар өөрчлөлт өгсөн юм. Халуун устай болох нь наад захын ахуйн хэрэгцээ. Ахуй гэдэг хүний оюун санааг тэжээх хамгийн том суурь байдаг. Хатуу хэлэхэд халуун усанд орсон цэвэрхэн байгаа хүн 00-д цэвэрхэн бие засаж сурдаг. Ахуйгаа цэвэрлэж чадаагүй хүн 00-ын цэвэр бохирын тухай боддоггүй.
-Эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөж байхад МЭХ хаана байна вэ гээд шүүмжлэх хүн олон шүү дээ.
-Хүмүүс надаас чи хүчирхийлэлтэй яаж тэмцсэн юм гэж их асуудаг.
Нийгмийн сүлжээнд тэнд нэг эмэгтэй хүчирхийлэлд өртчихлөө гэхээр намайг очоод лайв хийж, нулимсыг нь арчаад, “энэ хүн хүчирхийлэлд өртчихлөө та нар ингэ” гээд хэн нэгнийг загнуулах хүсэл их байгаад байдаг. Бид тэмцэл гэж юу юм, хүчирхийлэл гэж юу юм, үүнтэй яаж тэмцэхээ хүртэл өөрөөр бодож сурмаар санагддаг. Би лекц уншихдаа ч хэлдэг. Хүчирхийлэлтэй тэмцэх хамгийн төгс арга бол хайр. Хамгийн сайн арга нь урьдчилан сэргийлэх. Тэмцэж байна гээд хэн нэгнийг шоронд хийгээд, хамгаалах байранд хийгээд яг яаж тэмцэж байгаа юм. Энэ зүгээр л таслан сэргийлэх арга. Нэг удаагийн л арга хэмжээ.
Зарим хүмүүс энэ хүүхэн хэдэн мянган хүн цуглуулчхаад юу ярьдаг юм гэж шүүдэг. Миний ярианы талыг тэд ойлгодоггүй байж болно. Гэхдээ би нэг зүйлд итгэлтэй байдаг. Зааланд ярьсан зүйлээс нэгхэн үг аваад гарахад хүний амьдралын хувь тавиланг өөрчлөх том хүч явж байдаг юм.
-Гэр бүлийн тухай хуульд санал оруулж байгаа юм билээ. Энэ талаар мэдээлээч?
-Гэр бүл салалтын шалтгааны 90 хувь нь араар тавилт. Гэр бүлийн гуравдагч харилцаа байна гэдэг судалгаа бий. Тиймээс гэрлэлтийн гэрээтэй байя гэдэг саналыг дөрвөн жилийн өмнөөс гаргаад явж байсан. Одоогийн хуульд байж болно гэдэг заалт орж байгаа юм. Манайх болохоор гэрлэлтийн гэрээг заавал хийх заалт оруулж өгөөч гэдэг. Энэ бол соёл.
Гэр бүлийн хуулиар зохицуулж болохгүй тэр харилцааг гэрээгээр зохицуулдаг. Хосууд сайн муу бүх зүйлээ ярилцаж байгаад эдийн бус амин харилцааг зохицуулах зүйл нь гэрээ байдаг. Хоёрдугаарт салалтын дараа хамтын үүргийн гэрээ гэж байгаа. Бид гэр бүл салсны дараа хоёр зүйлийг маш их ярьдаг. Хүүхдийн тэтгэмж, өмч. Үр хүүхдээ асрах үүрэг хүлээж байгаа ч гэсэн нөгөө талдаа тэтгэмж төлснөөр та үүрэг хүлээхгүй гэсэн үг биш. Өвдвөл хэн хоол зөөх вэ. Маш олон асуудал яригдана. Гэтэл гурван хүүхэд нь зэрэг өвдвөл яах вэ. Эмнэлэгт хэвтвэл хэн сахих вэ. Хоолыг нь хэн зөөх вэ. Наад захын жижигхэн зүйл. Тэтгэмжийг нь өгчихсөн боллоо гэсэн хандлага манайд байдаг. Гурав дахь нь зөрчлийн хууль руу орох юм уу. Эрүүгийн хууль руу орох юм уу. Аль төрлийн гэмт хэрэг гэж үзэхээс шалтгаална. Гэмт хэрэг мөн юм уу, биш юм уу. Тэр нь айл гэр үймүүлж байгаа гуравдагч этгээдэд хариуцлага тооцдог байя гэж. Хүний хайр сэтгэл, дур хүслийг ямар ч хуулиар хязгаарлаж чадахгүй. Гэхдээ үүнд ёс суртахууны хэм хэмжээ байх ёстой.
Өнгөрсөн онд бид “Хаалга” гээд акц хийхэд ямар асуудал дэвшүүлэх хүсэл байна гэхэд гэр бүлийн хүчирхийлэл дугаар нэг байсан. Эндээс 400 орчим захиа ирсэн. Тэр захиаг уншихад гурав хоног нойргүй хонодог юм. Хүн уншихын аргагүй зүйл байдаг. Монголын нийгэм эмэгтэйчүүдэд маш ээлгүй. Бид эрх чөлөөтэй юм шиг боловч ээлгүй нийгэмд байгаа юм. Хүчирхийлэл гэдэг зүгээр зодох биш. Гэртээ ороод тайван суух тухай, сэтгэл амар ажлаа хийх тухай. Хэн нэгнээр дээрэлхүүлж доромжлуулахгүй байх тухай. Зүгээр л амар амгалан унтах тухай. Бусдаар хүчирхийлэл гэдэг яс цусанд ороод л, хугараад л, хөх няц болохыг л хүчирхийлэл гэж хараад байгаа юм. Тийм биш. Сорви эдгэрдэг. Гэхдээ сэтгэлийн сорви эдгэдэггүй.