Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ярьж байна. ЗГХЭГ-аас тайлбарласнаар Зөвлөлдөх санал асуулгад үндэслэж, хэд хэдэн нэмэлт, өөрчлөлт оруулах аж. Тухайлбал, УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх, сонгуулийн холимог тогтолцооmой болох асуудлыг хөндөж байна. Харин улстөрийн намууд "Үндсэн хуульд өнгөц өөрчлөлт хийгээд хэрэггүй. Цоо шинээр баталж, гажуудсан тогтолцоогоо засах хэрэгтэй" гэсэн байр суурьтай байна. Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяраас зарим асуудлыг тодрууллаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамж гаргаад намууд, судлаачдын төлөөллөөс бүрдсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн ажлын хэсэг байгуулж, таныг ахлагчаар нь томилсон. Гэтэл өнөөдөр Д.Амарбаясгалан дарга өөрөөсөө холдуулсан тайлбар хийлээ. Намууд ямар санал гаргах нь хамаагүй гэчихлээ?
Тэр хүн ингэж байна, тэгж байна гэж хооронд нь хэрэлдүүлэх маягтай юм асуугаад байж болохгүй л дээ. Монголын ард түмний хувь заяатай холбоотой асуудалд хаа хаанаа нухацтай хандах ёстой. Ард түмэнд бодитой мэдээлэл өгөх хэрэгтэй.
Та одоо Үндсэн хуулийн өөрчлөлтийн ажлын хэсгийг ахалсан хэвээрээ байгаа юу?
Ахалж байгаа.
МАХН МАН-тай нэгдээгүй байхдаа БНМУ-ын шинэ дээд Үндсэн хуулийн төсөл боловсруулж байсан. Харин одоогийн танилцуулсан хувилбар нь намуудын саналыг нэгтгэсэн арай өөр хувилбар уу?
Тийм. Монголын улстөрийн намууд анх удаа нэгдэж, дундаасаа төслөө гаргалаа. Нэгдэж, зөвлөлдөж чадаж байна шүү дээ. Үр бүтээлтэй санал гаргаж, мэдлэг оюунаа улс орныхоо хөгжилд зориулж чадна гэдгээ харуулж байна. Дандаа хэрэлдээд л Сонгуулийн тогтолцоо, гишүүдийн тоо гэх мэт жижиг сажиг зүйл яриад явж байдгаа болих хэрэгтэй. Байгалийн баялгаа ард түмэндээ өгье, хоёр танхимтай парламенттай болъё. Хүний эрхийн асуудалд онцгой анхаарал тавьж үзье. Шүүхийн хараат бус байдлыг баталгаажуулж, хараат байдлыг арилгая. Орон нутгийн өөрөө удирдах ёсыг дэмжье гэсэн ач холбогдолтой, гол үзэл баримтлал, агуулгууд багтсан.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах бус, бүхэлд нь өөрчлөлт хийх шаардлагатай гэсэн үг үү?
Тийм. Яагаад гэвэл улс орныг гацаанаас гаргах боломж нь Шинэ Үндсэн хууль. Түүнээс биш нэг, хоёр хүнийг солилоо гээд юу ч өөрчлөгдөхгүй. Маш мухардмал байдал ороод байна шүү дээ. Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулаад засарчихсан юм хаана байгаа юм бэ? Зөндөө олон удаа нэмэлт өөрчлөлт хийлээ шүү дээ. Гол тогтолцоогоо л өөрчлөхгүй бол нэмэлт, өөрчлөлтөөр явахгүй гэдэг нь батлагдчихсан. Хоёрын хооронд, бие биенээ хуурч хэзээ хүртэл явах юм бэ? Одоогийн буруу тогтолцоо УИХ-ын гишүүддээ ашигтай учраас тэд эрх ашгаа хамгаалаад дуугүй байх шиг байна. Буруу тогтолцоондоо гишүүд нь дасчихаад түүнээсээ салах дургүй байна. Нэг аймгийг хувийнхаа өмч болгоод авчихсан юм шиг хандаж байна. Олон жил тойргоо “услаад” явчихсан хүн мэдээж шинэ юм хүсэхгүй. Гишүүд нь өөр өөр юм яриад явчих вий гэж л намын дарга, удирдлагууд болгоомилж байгаа болов уу? Түүнээс биш, улс орны сайн сайхны төлөөх өөрчлөлт шинэчлэлтэд дургүйцэж байгаа асуудал байхгүй л болов уу.
Парламентыг яагаад хоёр танхимтай байх шаардлагатай гэж үзсэн юм бэ?
Бидний боловсруулсан Үндсэн хуулийн төсөл бол маш ач холбогдолтой, гарц гаргалгаа эрэлхийлсэн хувилбар гэдгийг хэлмээр байна. Монголын ард түмэнд хэрэгтэй. Энэ хэрүүл маргааныг цэглэсэн, Монгол хүнийг, нийгмийг хүндэтгэсэн төсөл ч гэж хэлж болно. Парламент хоёр танхимтай байх ёстой.Онолороо ч, практик дээр ч үүний бодитой үндэслэлийг харж болж байна шүү дээ. Нэг танхим өөрийгөө хянах чадваргүй. Хоёр танхимтай үед бие биенээ хянах боломж бүрддэг. Тэгэхээр Монголын нөхцөлд ийм байхаас өөр аргагүй.
Таныг төрийг төлөөлж, хуулийн төслөө ЭСЯ-уудаар тараасан гэх асуудлыг шүүмжлэх нэг хэсэг байна?
Би намуудын нэгдэж боловсруулсан хуулийн төслөө илүү олон хүн уншаасай, мэдээсэй гэж хүсэж байна. Сэтгүүлчдийг ч нухацтай анхаараасай, надаас аваад нэгд нэгэнгүй уншаасай гэж бодож байна. Энэ бол эцэслэн баталсан хууль биш. Хуулийн төсөл. Тиймээс Элчин сайдын яамдууд, судлаач, хуульч гээд бүх хүнд хүргэхийг зорьж байна. Улс орны хөгжлийн амин чухал асуудал хөндөгдөөд байна шүү дээ. Би удахгүй хуулийн төслөө эх хувиар нь тараана. Өргөн хүрээтэй, том асуудлыг хоёулаа дараа нухацтай ярьцгаах уу?
Үндсэн хуулийг шинээр батлах асуудлыг хэзээ эцэслэн батлах хэрэгтэй гэж та бүхэн харж байна вэ?
Өнөө маргаашгүй батлах хэрэгтэй. Ингэхгүй бол улс орон болохоо байлаа. Ард түмэн чинь дампуурлаа, архи тамхинд орлоо. Хууль шүүх нь хараат боллоо, иргэд нь ядуурлаа. Бухимдаад жагслаа, цуглалаа. Хэд дахин уурлуулж, хэдэн удаа жагсааж, хэд дахин ядууруулж байж бид тогтолцоонд гажиг байна гэдгээ ойлгох юм бэ? Хичнээн олон хүнийг Солонгос руу явуулж байж шийдэх гээд байгаа юм, бүү мэд. Цаг битгий алдаасай л гэж бодож байна. Өдөр бүр гадагшаа явъя, төр засгийг тараая, жагсъя гэдэг асуудал хөндөгдөж байна. Төрд гарсан хогнуудыг зайлуулъя гэж иргэд бухимдаж байна. Үүнийг харж суугаад байх хэрэг байгаа юм уу? Мэдэхгүй байгаа юм шиг царай гаргаад асуудлаасаа бултаж зайлах, мэдээд, ард түмэнтэйгээ хамтраад засах хоёр өөр шүү. Улстөрчид асуудлаас айх биш, түүнийг барьж аваад шийдэх тийм л эр зоригтой байх ёстой.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.