“Хэн хөдөлмөрлөж, хийж бүтээж буйд нь бус нам дагасан, танил талтай нэгнийг л шагнадаг боллоо” гэх шүүмжлэл ихэд гарах болсон. Нам, нэр, нөлөө бүхий улстөрчийг “долоож”, сонгуулиар хөлөө холготол гүйн байж рекламдсаныхаа хариуд төрийн дээд шагнал, одон медаль авсан хүний нэрийг жагсаавал уртаас урт жагсаалт гарна. Зарим уран бүтээлч “Би Хөдөлмөрийн баатар, Гавьяат болох ёстой. Намайг шагнасангүй” гэж уурлаж, “агсам тавьсан” нь нэг бус. Нөгөө талд “Энэ маань л шагналын гадуур үлдчихлээ. Бусад нь шагнуулчихсан” гээд заавал шагнах албатай юм шиг хандлага олны дунд гаарлаа.
Энэ хэрээр төрийн шагналын үнэ цэн, нэр хүнд унасаар. Үүнийг эсэргүүцэж, дуу хоолойгоо үгээрээ, үйлдлээрээ илэрхийлж буй уран бүтээлч цөөнгүй. Тэдний нэг нь найруулагч Д.Золбаяр.
Монголын кино урлагийн салбарт 29 жил зүтгэж буй тэрбээр "Ээждээ л үнсүүлэхсэн", "Үхэж үл болно- Чингис хаан", "Аравт" , "Чингисийн хүүхдүүд" зэрэг түмний хүндлэл, талархлыг хүлээсэн, үзэгчдээс өндөр үнэлгээ авсан олон уран бүтээлийг найруулсан эрхэм. Монгол ахуй, зан заншил, өв соёл, монгол дархлаа, үнэт зүйлээ чиг шугам болгож уран бүтээлээ туурвидаг Д.Золбаяр “Алтан гадас” одонгоос татгалзжээ. Энэ талаар түүнээс тодрууллаа.
-“Алтан гадас” одонгоос та яагаад таталзав?
-Би соёлын тэргүүний ажилтнаас өөр шагналгүй. Надад Хөдөлмөрийн хүндэт медаль ч байхгүй. Би “Шагнал авъя” гэж хөөцөлддөггүй. Өнөөгийн шагналын тогтолцоотой би санал нийлдэггүй. Олон жил үр бүтээлтэй ажилласан, хийж бүтээсэн бус хэн танил талтай, зальтай, хөөцөлдлөгөөтэй, мөнгөтэй нь одон, медалиар шагнуулж буй нь шударга бус. Тиймээс би “Алтан гадас”-аас татгалзсан. Төрийн дээд одон, медаль, шагнал үнэ цэнтэй, нэр хүндтэй байх ёстой. Босго нь өндөр байх учиртай. Би ямар ч медаль, одонгүйгээрээ бахархаж явдаг. Хүмүүс хаашдаа “Энэ мөнгөөр, энэ хүнээр хөөцөлдүүлээд шагнал авчихлаа” гэж мэддэг. Манай урлагийнхан СТА цолгүй бол бараг хүн биш болж байгаа юм биш үү. Энэ хэрээр шагналын нэр хүнд унасаар байгаа нь харамсалтай.
-Та 2007 онд СТА болсон. Тухайн үед хаанаас таныг шагналд тодорхойлсон бэ?
-Би 2007 онд СТА болсон. Нэг киноны нээлт дээр надад өгч байсан. Манай найзууд кино урлагийн шинэ ассоциаци байгуулж, “Золоо 10 гаруй жил ажилласан юм чинь” гээд намайг СТА цолд тодорхойлж, хөөцөлдөж байсан юм байна лээ. Би тухайн үед СТА болох сон гэж огт бодоогүй, шагнуулахдаа л мэдэж байв.
-Та Монголын кино урлагт хэчнээн жил зүтгээд байгаа билээ?
-29 жил болж байна. Надаас олон жил ажиллачхаад “Алтан гадас” ч үгүй хүн зөндөө байгаа. Гэтэл миний ажилласны талд ч хүрээгүй атлаа “Алтан гадас”, Гавьяат, Сүхбаатарын одон авчихсан хүмүүс олон байна. Шагналын тогтолцоо надад таалагдахгүй байгаа учраас “Яршиг, яршиг. Би дунд нь хутгалдаад яах вэ” гэж бодлоо. Тиймээс “Алтан гадас” одонгоос татгалзах шийдвэр гаргалаа.
-Монгол түмэн “Шагнал эзнээ оллоо” гэж ярьдаг. Эзнээ олсон шагналын эзэн, шагнал хоёулаа нэр хүндтэй. Өнөө цагт яг шагнуулах учиртай, болзлыг хангасан хүмүүс шагнуулж чадаж байна уу?
-Чадахгүй байгаа учраас би шагналын тогтолцоотой санал нийлэхгүй байгаа юм. Урлагийнхнаас жүжигчид, дуучид л шагнуулдаг болчихлоо. Иргэд “Энэ хүнийг Гавьяат болгох сон. Бусад нь авчхаад байхад ганцаараа үлдчихлээ” гэж халаглан, заавал шагнах ёстой мэт хандлага гаргаж байна. Гэтэл кино урлагийн салбарт олон жил хөдөлмөрлөж яваа, камерын ард ажилладаг уран бүтээлчид, хөшигний ард элдэв ажлыг нь амжуулдаг хүмүүсийг бараг шагнадаггүй. Ийм хүмүүсийг хөдөлмөр, зүтгэлийг үнэлэхгүй орхигдуулж байна.
Миний багш Баттулга гэдэг хүн байлаа. “Тунгалаг тамир”, “Мартагдашгүй намар” зэрэг олон киноны зургийг авсан, Оросын киноны сургуулийг онц дүнтэй төгссөн мундаг оператор байсан юм. Багш минь гавьяат цол хүртэнэ гэж хүлээсээр, горьдсоор байгаад чадалгүй нас барсан. Тэр хүн тийм мундаг уран бүтээлүүд хийчхээд авч чадаагүй. Гэтэл одоо СТА цолыг захын жүжигчин, дуучин авч байна шүү дээ. Тийм учраас би “Хөөцөлдөж хэзээ ч авахгүй. Өгвөл авна. Өгөхгүй бол авахгүй” гэж боддог. Тийм л хүн.
-Шагналд улс төрийн ашиг сонирхол, танил тал хэр их нөлөөлдөг бол. Танд тийм хандлага анзаарагддаг уу?
-Анзаарагдалгүй яах вэ. Зарим хүн “Энэ атаархаад, өөрөө авч чадахгүй болохоороо ингэж байна” гэж магадгүй. Үнэндээ олны танил хүмүүсийг л шагнаад байна. Шагнасан нь улс төрийн зорилготой. Зарим уран бүтээлчийг сонгуульд авч явдаг, тийм биз дээ. Хэн, хэн сонгуулиар яваад гавьяат болсныг хүмүүс мэдэж байгаа. Хөшигний арын хүмүүс сонгуульд ашиггүй учраас шагнахгүй байх шиг байна.
Уг нь төр ямар нэгэн ашиг сонирхлоор шагнах биш зүгээр л “Нээрэн энэ олон жил хөдөлмөрлөсөн. Ийм, ийм чанартай уран бүтээл, нээлт хийн, идэвх санаачилгатай ажилласан” гээд шагнах ёстой. Түүнээс биш “Энэ хүн хэрэгтэй учраас шагная. Тэгвэл дараа нь ингэж ашиглана” гэж хувийн эрх ашиг, ашиг хонжоо харах юм бол шагнал биш наймаа.
Үүнийг би нэг их сүр болгох сонирхол алга. Татгалзчихлаа гээд дуулиан болгох шаардлага ч байхгүй. “Сенсацлаж байгаад шагнал авчихъя" гэсэн бодол надад огт байхгүй.