Төв аймгийн 100 жилийн ойн бэлтгэл ажлын хүрээнд аялал жуулчлалын салбарыг шинэ төвшинд хүргэж, нөөц бололцоогоо бүрэн ашиглах аж. Төв аймгийн аялал жуулчлалын нөөц болон аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд хийх ажлуудын талаар зөвлөх архитектур С.Намжилмаагаас тодрууллаа.
Тэрээр “Одоогийн байдлаар бидний судалгаагаар Төв аймагт сонирхолтой зүйл ажиглагдаж байна. Аялагчид Улаанбаатар хотоос Төв аймгаар дамжаад, баруун аймгууд, Хөвсгөл, Өмнөговь руу явдаг. Төв аймаг зам дагуу үзэгдээд л өнгөрдөг сонин талтай. Гэтэл бид Төв аймгийн аялал жуулчлалын хөгжлийн стратеги төлөвлөгөө хийх судалгааны явцад харахад, Төв аймаг аялал жуулчлалын маш их нөөцтэй юм. Байгалийн болон түүх, археологийн, албан, дөрвөн улирлын, агро аялал жуулчлалын гээд нөөц ихтэй. Мөн Төв аймаг нь Улаанбаатар хотыг сүү, мах, жимс жимсгэнэ, тариа, ногоо зэрэг хүнсний бүтээгдэхүүнээр хангадаг.
Төв аймгийн баруун хойд талд шинээр агро аялал жуулчлал, Туул гол, хойд талын Эрдэнэ, Мөнгөнморьт суманд спорт аялал жуулчлал хөгжих боломжтой. Үүнээс гадна Төв аймаг өв соёлын их нөөцтэй. Түүнийгээ дагаад адууны соёл, айргийн соёл, дуу хуур, яруу найргийн соёлтой. Бид үүнд түшиглээд, Төв аймгийн аялал жуулчлал хөгжүүлэх стратеги боловсруулсан. Үүний хүрээнд том том бүтээн байгуулалтууд эхэлж байна. Жишээ нь Зуунмод хотод угсаатны зүй, археологийн том цогцолбор барьж байна. Энэ нь маш том эрдэм шинжилгээний албан аялал жуулчлал хөгжүүлэх кластерын төв болох юм.
Мөн 100 жилийн ойг тохиолдуулан Төв аймгийн Зуунмод хотод Өв соёлын төв өргөө гээд нэлээн том гэр, хот төлөвлөлтөөр төлөвлөсөн цогцолбор барихаар зураг, төсөл боловсруулсан” гэв.