Өөрийн өвөрмөц төрх, авьяас чадвар, шинэлэг имижээрээ Монголын загварын ертөнцөд үнэтэй хувь нэмэр оруулж буй загвар өмсөгч С.Төгсийг энэ удаагийн “Хөрөг” нэвтрүүлэгтээ урьж ярилцлаа. Тэрээр өнгөрсөндөө харамсахгүйн тулд өнөөдөр эрч хүчтэй, эерэг байж, эрүүл амьдрахыг эрхэмлэдэг тухайгаа манай нэвтрүүлэгт ярьсан юм.
Түүний хувьд шинэ оныг дэлгэцийн уран бүтээлээр угтаад буй. Кино урлагт маш сонирхолтой байгаа бөгөөд цаашдаа киноны санал ирвэл тоглох хүсэлтэй байгаа тухайгаа хуваалцсан юм. Тэрээр өөрийн жүжиглэх ур чадвараа сайжруулахын тулд уран чадварын хичээл авч байгаа бөгөөд хайр дурлалын уянгын киноны гол дүрд тоглох хүсэлтэй гэв.
“ОЛОН ДАГАГЧТАЙ ХҮН БҮР СОШИАЛ ИНФЛҮҮНСЭР БИШ”
С.Төгс “Хүмүүс намайг олон дагагчтай болохоор инфлүүнсэр гэж хараад байдаг. Гэхдээ би инфлүүнсэр биш би топ модел хүн. Гадаадад сошиал инфлүүнсэр гэдэг нь зөвхөн сошиал медиагаа ажил, бренд болгочихсон, сошиал медиагаараа ажлаа хийдэг хүнийг хэлдэг. Харин манай улсад сошиал медиа инфлүүнсэрүүд дөнгөж хөгжиж байгаа болохоор ялгааг нь арай харахгүй байж магадгүй. Жүжигчин хүн бол жүжигчин. Олон дагагчтай байлаа ч инфлүүнсэр биш. Манай моделиуд бол модель. Сошиал инфлүүнсэр биш. Жүжигчин, дуучин, модель учраас л хүмүүс дагадаг. Сошиалаас гадна карьер байхгүй хүүхдүүд эсвэл хүмүүс сошиал инфлүүнсер юм. Хүмүүс ялгааг нь олж хараасай гэж хүсэж байна” гэж хэн нэгэнд нөлөөлөх бус өөрийн ажил мэргэжлээрээ олон дагагчтай хүмүүсийг инфлүүнсер биш гэдгийг ялгаж, салгаж ойлгох тухай хуваалцлаа.
Тэрээр “Хүн сошиал дээр ямар ч гоё амьдралтай харагдаж байж болно. Гэхдээ ямар ч хүний амьдралд ямар нэгэн асуудал байсаар л байдаг. Амьдралынхаа асуудлыг хэсэгхэн хугацаанд бодохгүй байх гэж сошиалаа ухаж эхэлдэг. Ганцхан би ч биш ихэнх хүмүүс ингэдэг байх. Тиймээс сошиалаар заавал нэг нэг рүүгээ дайрах шаардлагагүй гэж бодож байна. Энэ нь улс төрчдөд ямар ч хамаагүй. Улс төрчид бидний амьдралыг бидний өмнөөс шийднэ гэсэн хэр нь хэцүү байгаа шүү дээ. Гэхдээ би цахим орчинд илүү эерэг байхыг хичээдэг. Хүмүүс ч гэсэн тийм байгаасай гэж боддог” гэв.
ХҮНД “ЛАЙ” БОЛОХГҮЙ АМЬДРАХЫГ ХИЧЭЭДЭГ
Түүний ээж нь “Эргэн тойрныхондоо битгий лай болоорой” гэж захидаг нь эмх цэгцтэй, соёлтой, эерэг байхад чухал нөлөө үзүүлдэг тухай хуваалцсан юм. “Сонсоход эвгүй ч ядаж л дэлгүүрт ороод, тооцоо хийх гэж байгаа бол оочир дайрахгүй, гадаа хог хаяхгүй байх зэрэг үүнд багтана. Энэ бүхэн эргэн тойрны хүмүүст лай болно. Аль болох хүнд төвөг удахгүй байхыг хичээдэг.
Ажлын хувьд тууштай, албан ёсны байх их чухал санагддаг. Ямар ч салбарт, ямар ч ажил хийсэн асуудал тулгардаг. Цаашдаа яаж давна аа гэсэн эсвэл давахааргүй даваа ч гарч ирдэг. Асуудлаа давж байж хүн илүү сайжирна. Албан ёсны байна гэдэг нь хувийн амбицаа эсвэл тэр өдрийнхөө асуудлаа эргэн тойрны хүмүүст шингээхгүй ажиллахыг л илүүд үздэг” гэж өөрийн ажил, амьдралдаа баримталдаг зарчмуудаасаа хуваалцсан юм.
ХҮҮХДИЙГ ХҮНТЭЙ ХАРЬЦУУЛАХ НЬ СЭТГЭЛЗҮЙГ ГЭМТЭЭЖ, ӨӨРТӨӨ ИТГЭЛГҮЙ БОЛГОДОГ
Модель С.Төгс нэг охинтой. Тэр охиныхоо сонголт хийх эрх чөлөөнд нь халдахгүй, хүмүүстэй харьцуулахгүй байхыг хичээдэг нэгэн гэв. “Нэгдүгээрт, хувцаслалт, үс засалт зэрэгт нь өөрөө сонголтоо хийх эрх чөлөө олгодог. Тэр тусмаа хурдан биеэ даана. Том болоод юунд ч өөрөө шийдвэр гаргахдаа мундаг болох байх гэж боддог. Манай ээж ч намайг тэгж хүмүүжүүлсэн.
Хоёрдугаарт, охиноо хэзээ ч хүмүүстэй харьцуулахгүй гэж боддог. “Энэ хүүхэд ийм байхад, чи яагаад ийм байгаа юм” гэдэг ч юм уу. Би анзаараагүй байхад манай найзууд, эргэн тойрныхонд тийм асуудал байдгийг сүүлд олж мэдсэн. Манай найзууд “Манай ээж намайг чи эмэгтэй хүн байж даашинз өмсдөггүй юм уу гэсэн” гэдэг. Хэнд ч хэрэггүй, шал балай зүйлсийг хүүхдүүддээ хэлдэг ээж, аавууд байдгийг сүүлд олж мэдсэн. Манай ээж тийм биш. Би хэзээ ч тийм ээж болохгүй.
Манай эмээгийн хэлсэн нэг үг байдаг. “Хувь заяагаа хүнд битгий даатга” гээд. Хувь заяагаа хүнд даатгахгүйгээр, санхүүгээс эхлээд бүх зүйлтэй л холбоотой. Би яг ингэж амьдарч байна. Манай охин ч юу нь ч хүнээс хамааралтай биш. Өөрөө өөрийгөө бүх талаараа аваад явчихдаг эмэгтэй хүн болох байх гэж бодож байна” гэж охиныхоо хүмүүжилд хэрхэн анхаардаг тухайгаа ярьж байв.
ӨӨРТӨӨ ДААЛГАВАР ӨГӨХ БАЙДЛААР АЖИЛЛАХ НЬ СТРЕССГҮЙ, ЭЕРЭГ БАЙХАД ТУСАЛДАГ
С.Төгсийн ажиллах арга нь аливаа зүйлийг илүү хөнгөн байдлаар хийх юм. Энэ нь ямар нэг стресс нэмэхгүй, илүү эерэг байхад тусалдаг байна. “Би моделийн ажлын бүх өнцөгт нь дуртай. Хэцүү ажиллах үеүд зөндөө байдаг. Тэр тусмаа Монгол шиг дөрвөн улиралтай. Өвөл нь маш хүйтэн, их удаан үргэлжилдэг улсад. Сорьсон ажлууд их байдаг болохоор надад гоё байдаг. Өдөр бүр шинэ хүмүүстэй ажиллах, ярилцах, танилцах шаардлага гардаг нь ч таалагддаг.
Урд нэг даалгавар гарч ирээд, түүнийг биелүүлэх дуртай. Ганцхан зүйл хийхээс гадна шинэ ном эхлүүлсэн бол өмнөх номоосоо илүү хурдан уншиж чадах нь уу гэдэг ч юм уу. Өөртөө даалгавар өгөхөөр ямар ч асуудлыг их гоё зугаатай байдлаар давдаг” гэв.
ӨӨРИЙН НҮҮР ЦАРАЙГ ҮНЭГҮЙДҮҮЛЭХГҮЙН ТУЛД ХАМТРАХ БАЙГУУЛЛАГУУДДАА ӨНДӨР ШААРДЛАГА ТАВЬДАГ
Олон дагагчтай, олны танил хүмүүсийг хүмүүсийн шийдвэр гаргалтад шууд нөлөөлдөг гэж үзэн хариуцлага нэхдэг. Түүний хувьд брэндүүдтэй хамтарч ажиллахдаа бүтээгдэхүүний чанараас гадна бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй хүмүүсийн харилцаа, хандлага, мөн чанарыг илүүд үздэг гэв. Тэрээр “Газруудтай хамтарч ажиллахдаа урт хугацаагаар хамтарч ажиллах илүү дуртай. Нэг гоо сайхны бүтээгдэхүүнтэй хамтарч ажиллаад, нэг комынх нь нүүр царай болоод л. Дахиад гурван сарын дараа дахиад өөр газартай хамтраад л. Тэгж болно. Гэхдээ би өөрийнхөө нүүр царайг үнэгүйдүүлэхийг хүсдэггүй” гэсэн юм.
“ҮГҮЙ” ГЭЖ ХЭЛЭХ НЬ АМЬДРАЛЫГ ИЛҮҮ АМГАЛАН БОЛГОДОГ
С.Төгс “Хүмүүс үүнийг ямар эвгүй юм гэж бодож магадгүй. Амьдралд хэрэггүй адал явдал оруулж ирээд, эсвэл хүний энергийг сордог хүмүүс байдаг. Тийм хүн амьдралд минь байвал амьдралаасаа гаргахдаа өөрийгөө их сайн гэж боддог.
Сүүлийн хэдэн жилд хүнд үгүй гэж хэлж сурсан. Багадаа би үгүй гэж хэлж чаддаггүй байсан. Би өөрөө чадахааргүй, боломжгүй зүйлдээ “За, тэгье” гэж хэлснээсээ болж өөрийгөө эвгүй байдалд оруулдаг байсан. Одоо бол сэтгэлийн амар амгаланг олсон. Амьдралд стресстэх асуудал хангалттай их байна. Өөрөө өөртөө стресс нэмэхгүй байхыг эрхэмлэж амьдардаг. Хүрээллээ ч ингэж сонгохыг хичээдэг. Үнэхээр биш байвал хэрүүл хийх биш. Нэг бол ойлгуулж хэлээд, эсвэл бага багаар зайгаа бариад, хүрээллээ аль болох эерэг байлгахыг хичээдэг. Эерэг гэдэг нь хэрэгцээтэй гэсэн үг биш. Ядаж л уулзахад миний энергийг сороод байдаггүй хүмүүстэй нөхөрлөхийг хичээдэг” гэж өөрийн хүрээллээ хэрхэн сонгодог талаараа ярьсан юм.
“СЭТГЭЛЗҮЙГЭЭ ЭРҮҮЛ БАЙЛГАХЫН ТУЛД ИДЭВХТЭЙ БАЙГААРАЙ”
Тэрээр “Өөрийгөө хаях их амархан. Би ч ковидын үеэр жин нэмээд, явж өгсөн. Байнга идэвхтэй амьдралтай, өөрөө өөрийгөө мотивацилаад байх нь их хэцүү. Гэртээ хүүхдүүдээ хардаг ээжүүд ямар хүнд ажил хийж байгаа билээ. Би охиноо дөнгөж гаргаад, эхний гурван сар яг гэртээ байсан. Гурван сараас ажилдаа эргэж орсон. Тэр гурван сар хүртэл хугацаанд би гэртээ яг солиорохоо шахаж байсан. Хүүхдээ хараад, гэртээ байна гэдэг маш хүнд ажил. Гоё байх хэрэгтэй гэдгийг зарим эмэгтэйчүүд нөхөртөө, нэг хар юмандаа л… гэж боддог байх. Өөрөө өөрийгөө хөгжүүлээд, дандаа шинэ хувцас аваад ч юм уу, шинэ зүйл сураад, гоё байх нь өөрийн сэтгэлзүйн эрүүл мэндэд маш хэрэгтэй. Өөрт гоё байвал эрч хүчтэй байна. Өөрөө эрч хүчтэй байх нь гэр бүлийнхэндээ эрч хүчээ түгээх боломжтой. Өөрийнхөө сэтгэлзүйн эрүүл мэндийг эрүүл байлгахын тулд идэвхтэй байгаарай. Өглөө ганцхан цаг илүү унтчих юм сан гэж бодсон ч өөрийгөө яаж ийж байгаад үсдээд босгосон байхад тэр өдрийн төгсгөлд өөртөө маш их баярладаг” гэв.
“ХАРАМСАЛ БОЛ ХАМГИЙН МУУХАЙ МЭДРЭМЖ”
“Тавь, жаран нас хүрэхдээ харамсмааргүй амьдармаар байна. Тавин нас хүрчхээд хорь, гучин настай байхдаа үүнийг хийх байсан юм. Одоо ингэж хийж чадахгүй шүү дээ гэж жаран насандаа харамсахгүйгээр амьдрах ёстой юм байна гэдгээ ойлгосон. Үүний тулд амьдарна. Надад амьдралд харамссан хэд хэдэн тохиолдол байдаг. Хүнд бүх мэдрэмж дундаас харамсах мэдрэмж хамгийн муухай мэдрэмж шиг санагддаг. Тухайн үедээ гутрахаас илүү эргэж харж харамсах л хамгийн муухай санагддаг. Хүн хүний хувьд өөр байх. Гэхдээ миний хувьд харамсахгүйгээр амьдрахыг хичээдэг” гэж өөрийн амьдралын зарчим, ажиллах хэв маяг, үзэл бодлоо бидэнтэй хуваалцлаа.
Видеог дээрээс үзнэ үү.