Ирэх сарын 1-нээс эхлэн иргэдийн цахим сүлжээнд бичсэн үг үсэг бүрийг төр хянаж, зөрчилтэй гэж үзвэл устгах хууль хэрэгжүүлж эхлэх гэж байна. Тодруулбал, өнгөрсөн баасан гарагт олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг УИХ-аар хүч түрэмгийлэн баталсан. Ингэхдээ олон нийтэд танилцуулж хэлэлцүүлэг өрнүүлээгүй, санал аваагүй. Хууль тогтоомжийн тухай хууль зөрчиж, 48 цагийн дотор яаравчлан баталсан. Хүний эрх хамгаалах, хүүхдийн эрх гэх үгсээр халхавчилж, иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хэвлэлийн эрх чөлөөг эрх баригчид илтэд дордуулсан. Товчхондоо энэ хуулиар иргэд цахим сүлжээнд юу бичиж болох эсэхээ төрдөө хянуулж, зөрчилтэй гэж үзвэл шууд устгах боломжийг бүрдүүлсэн. Нөгөө талаар, хэвлэлийн эрх чөлөөг дордуулж, төр олон нийтийн шүүмжлэлээс өөрийгөө хамгаалах, түрэмгий хуулийг өөртөө зориулан батлан авч байна.
ХУУЛИЙГ БАТЛАХ ЧИГЛЭЛИЙГ У.ХҮРЭЛСҮХ, Г.ЗАНДАНШАТАР, Л.ОЮУН-ЭРДЭНЭ НАР ӨГЧЭЭ
Олон нийтийг хамарсан жагсаал цуглааны үеэр интернэт тасалж, сүлжээ унагах, төр цахим сүлжээг хянах агуулгатай хуулийг батлах болсон нэг шалтгаан нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлтэй холбоотой байжээ. Учир нь улс орны геополитикийн асуудалд сөрөг нөлөө гарах үр дагавартай байсан тул ҮАБЗ-өөс чиглэл өгч, УИХ-аар баталсан гэж Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар өчигдөр буюу ням гарагт Парламентын сэтгүүлчдэд тайлбар өглөө. ҮАБЗ-ийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар бүрдүүлдэг. Эндээс харвал У.Хүрэлсүх Ерөнхийлөгч чиглэл өгч, Ерөнхий сайд өөрийн танхимын Н.Учралаар төслөө өргөн бариулж, улмаар Г.Занданшатар гишүүдээ нэг хайрганд оруулж, 40 гишүүний саналаар хүч түрэмгийлэн баталжээ. Товчхондоо, цахим сүлжээг хяналтандаа авъя гэдгийг МАН-ынхан бүх шатандаа хүлээн зөвшөөрч, цахим сүлжээг хязгаарлах хуулийг гагцхүү өөрсдөдөө зориулан баталж аваад байна. Хүний эрх, хэвлэлийн эрх чөлөөг илтэд дордуулсан, дарангуйлал тогтоох хуульд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хориг тавих байх гэсэн олон нийтийн хүлээлт бий. Гэвч Ерөнхийлөгч хориг тавихгүй, хууль хэрэгжих магадлал ихтэй байна. Учир нь, өөрийнхөө гаргасан /ҮАБЗ-өөс/ зөвлөмжийг үгүйсгэж, хориг тавих магадлал маш бага. Одоогоор, 1100 гаруй хүн uih.mn сайтаар дамжуулан Ерөнхийлөгчийг хориг тавихыг хүсэж, цахимаар гарын үсгээ зураад байна.
ШҮҮМЖИЛСЭН ДҮР ЭСГЭСЭН Ч ХУУЛЬ БАТЛАХЫГ ДЭМЖСЭН, ХОЁР НҮҮРТЭЙ ГИШҮҮД
Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хуулийг батлахыг эрх баригч намын 40 гишүүн дэмжсэн. Харин УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд эсэргүүцжээ. Хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг нарын хэд хэдэн гишүүн шүүмжилж “Олон нийтийн сүлжээнд хяналт тавьж болохгүй. Иргэдийн Үндсэн хуулиар олж авсан эрхийг боогдуулж болохгүй” гэх мэтээр ярьж байва. Гэвч санал хураах эцсийн мөчид тэд хуулийн төслийг бүхэлд нь батлахыг дэмжиж саналаа өгсөн юм. Уг нь, тэд иргэдийн дуу хоолойг хамгаалъя гэж бодож байсан бол дор хаяж, зарчмын зөрүүтэй санал гаргах учиртай байлаа. Өөрөөр хэлбэл, заалтыг өөрчилж, өөр саналын томъёоллоор санал хурааж өгөх хүсэлтийг гаргана гэсэн үг. Гэвч тэд УИХ-ын даргынхаа хайрцганд орж, үг дуугүй санал өгцгөөлөө. Эндээс эрх баригч намын гишүүд наанаа хүний эрхийн төлөө гэх мэт гоё үгс хэлдэг ч цаагуураа намынхаа үүрэг даалгаврыг л үг дуугүй биелүүлдэг, зарчимгүй улстөрчид байгааг харж болохоор байна.
Н.УЧРАЛЫН ӨРГӨН БАРЬЖ БАТЛУУЛСАН ХУУЛЬД ЯГ ЯМАР ЗААЛТУУД БАГТАВ?
Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал хуулийн төсөл өргөн барихдаа “Хууль хэрэгжсэнээр нэр нүүрээ нуусан этгээдүүд бусдыг доромжилдог, залилдаг, эрхийг нь зөрчдөг асуудлыг таслан зогсоох ач холбогдолтой. Нийгмийн сүлжээний доромжлол, худал мэдээ, дайралт хэрээс хэтэрсэн” гэж тайлбарласан. Түүний ярьж буй бүхэн зөв. Гэвч яагаад хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хаах зохицуулалт батлав гэдэг нь анхаарал татна. Хуулийн төсөлд жагсаал цуглааны үеэр сүлжээ таслах, иргэдийн цахим хаягийг төрөөс хаах зэрэг ноцтой заалтууд орсон байгаа юм. Хуулиас бид дараах хуулийн заалтуудыг онцолж байна.
ЗӨРЧИЛТЭЙ КОНТЕНТ
6 дугаар зүйл.Зөрчилтэй контент
6.1.Зөрчилтэй контентод олон нийтэд хүргэхээр нийтэлсэн текст, тэмдэг, зураг, дуу, хөдөлгөөнт дүрс болон бусад хэлбэр бүхий дараах мэдээллийг хамааруулна:
6.1.1.Монгол Улсын төрийн бэлгэ тэмдгийг гутаан доромжилсон;
6.1.2.цахим сүлжээ ашиглан залилсан, залилахыг завдсан;
6.1.3.хүүхдийн бие махбод, оюун санаа, зан суртахуунд сөргөөр нөлөөлөхүйц дарамт үзүүлсэн, уриалсан, сурталчилсан;
6.1.4.хүчирхийлэл, садар самууныг уриалсан, сурталчилсан;
6.1.5.хүнийг заналхийлэх, амиа хорлох, бие махбодод нь гэмтэл учруулахыг уриалсан, сурталчилсан;
6.1.6.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэхийг уриалсан, сурталчилсан;
6.1.7.экстремист үйл ажиллагаа явуулах, үндэсний эв нэгдлийг бусниулах, төрийн болон албаны нууцыг задруулах, террорист үйлдэл хийх, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн шинжийг агуулсан, гэмт хэрэг үйлдэхэд өдөөн турхирсан, уриалсан агуулга бүхий;
6.1.8.хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, хөгжлийн бэрхшээл, эрүүл мэндийн байдлаар нь ялгаварлан гадуурхсан;
6.1.9.оюуны өмчийн эрхийн зөрчилтэй;
6.1.10.гэмт хэрэг, зөрчилд тооцогдох үйлдлийг нарийвчлан зааварчилсан, эсхүл гэмт хэрэг, зөрчил үйлдэхийг уриалсан, өдөөн турхирсан, хатгасан, сурталчилсан, дэмжсэн;
6.1.12.хүүхдийг гуйлга гуйх, тэнэмэл, хараа хяналтгүй амьдрахад татан оруулсан, уриалсан, өдөөн хатгасан, сурталчилсан.
6.1.13.мэдээлэл нийтлэгдсэн олон нийтийн сүлжээний нөхцөл, шаардлагыг зөрчсөн” гэж үзэн тус тус хязгаарлахаар зохицуулжээ.
Тус хуулийн төслийг дагалдуулан Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орж байна.
1 дүгээр зүйл. Кибер аюулгүй байдлын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах заалт нэмсүгэй:
1/21 дүгээр зүйлийн 21.2.8 дахь заалт:
“21.2.8.Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн 6.1.7-д заасан агуулга бүхий зөрчилтэй контентыг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор зөрчилтэй контентын тархацыг бууруулах, хуульд заасны дагуу зохих арга хэмжээ авах бөгөөд эдгээр арга хэмжээг хэрэгжүүлэх журмыг Хүний эрхийн Үндэсний Комиссын саналыг үндэслэн Кибер аюулгүй байдлын зөвлөл тогтоох” гэж заажээ.
Үүнээс гадна, Харилцаа холбооны тухай хуульд ноцтой өөрчлөлт орж байна. Үүнд:
1 дүгээр зүйл.Харилцаа холбооны тухай хуульд доор дурдсан агуулгатай хэсэг, заалт нэмсүгэй:
1/23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэг:
“23.2.Кибер аюулгүй байдлын тухай хуулийн 4.1.15-д заасан үндэсний хэмжээний кибер халдлага үүсэж болзошгүй нөхцөл байдлын үед кибер халдлага, зөрчилтэй тэмцэх үндэсний төв, эсхүл нийтийн төвийн саналыг үндэслэн, нийтийн эмх замбараагүй байдал, онцгой нөхцөл үүсэж болзошгүй нөхцөл байдлын үед дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Кибер аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрээр зөрчилтэй контентын тархацыг бууруулах, харилцаа холбооны сүлжээг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хязгаарлах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ” хэмээн хуулийн төслөө батлаад байгаа юм.
Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах нэг хэрэг. Гэвч үүгээр халхавчилж, төрийг шүүмжилсэн хүн бүрийг гэмт хэрэгтэн болгох хуулийн төслийг яаралтай горимоор, хүч түрэмгийлэн баталсан нь олон нийтийн шүүмжлэлд өртөж байна.