Хуульч Ү.Амарбат, Б.Ариунтуяа нар "Цэц хэний төлөө байв" шинэ номоо гаргажээ. Уг номонд Үндсэн хуулийн цэцээр шийдвэрлэсэн 16 кэйсээр жишээ авч, цэцийн шийдвэр иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж байгааг энгийнээр тайлбарласан байна. Үндсэн хуулийн цэцээр маргаан шийдвэрлэх явц, цэцийн хараат бус байдлын талаар хуульч Ү.Амарбаттай ярилцлаа.
Тойруулахгүйгээр шууд асууя. Таны дүгнэлтээр өнгөрсөн хугацаанд Үндсэн хуулийн цэц хэний төлөө ажиллаж ирсэн байна вэ?
Үндсэн хуулийн цэц 1992 оноос хойш Үндсэн хуулийн нэлээд олон тооны хүсэлт хүлээн авч, шийдвэрлэсэн байдаг. Номоо бичихийн тулд ҮХЦ-ийн ихэнх шийдвэрийг шүүж үзлээ. Хоёр үндсэн шалгуур тавьж, 16 маргааныг сонгон авч оруулсан. Нэгдүгээрт, эрх зүйт ёсыг бэхжүүлэхэд тухайн шийдвэр ямар ач холбогдолтой байв гэдгийг харгалзсан. Хоёрдугаарт, Монгол улсын, ард иргэдийн амьдрал ахуй, хувь заяанд тухайн шийдвэр яаж нөлөөлөв гэдгийг бодолцсон. Алдаа нь ч байна, оноо нь ч байна. Цөөн хэдэн жишээгээр цэц иргэний эсвэл, төрийн талд ажилладаг гэж дүгнэх учир дутагдалтай.
Цэцийн шийдвэр иргэдийн талд гарсан, эерэгээр нөлөөлсөн ямар жишээг номондоо онцлов?
Үндсэн хуулийн цэц хэний төлөө ажиллав гэдэг агуулгаас ном маань эхэлж байна. Цэц Үндсэн хуулийн цэцийн тухай хууль, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хууль гэсэн хүрээ хязгаарт ажиллах учиртай. Өнгөрсөн жилүүдэд иргэддээ ялгавартай хандсан, хүний суурь эрхийг хангаж чадаагүй төрийн шийдвэрүүдийг Үндсэн хуулийн цэц хүчингүй болгосон байдаг. Жишээлбэл, бага насны хүүхдээ асарч байгаа эцэг эхчүүдэд тэтгэмж олгох тухай хууль батлагдсан. Энэ хуулийг анх батлахдаа 0-3 насны хүүхдээ асарч байгаа эх, 3-аас дээш насны хүүхдээ асарч байгаа эцэг эхэд тэтгэмж олгоно гэж хуульчилсан. Үүнд холбогдох маргааныг цэц хэлэлцэж үзээд, 0-3 насны хүүхдээ асарч байгаа аавууд ч тэтгэмж авах ёстой. Энэ нь хүйсээр ялгаварласан дүгнэлт байна гэдэг шийдвэр гаргасан. Мөн ипотекийн зээлтэй холбоотой 4-5 шийдвэрийг ҮХЦ хянан хэлэлцсэн байдаг. Банк болон банк бус байгууллагууд иргэний барьцаанд тавьсан эд зүйлийг зээлээ төлөөгүй маш маш хурдан хугацаанд зарж борлуулдаг. 2015 онд баталсан хуулиар барьцаанд байгаа эд зүйлээ бусдад түрээслэх бол зээлд хамрагсдан банкнаасаа заавал зөвшөөрөл авах ёстой гэх заалтыг тусгасан байдаг.ҮХЦ цэц иргэдийн гомдлыг хэлэлцээд "Иргэн банкны барьцаанд байгаа байраа бусдад түрээслэхдээ банкнаас заавал зөвшөөрөл авах шаардлагагүй гэж үзсэн. Гэхдээ тухайн үедээ цэцийн шийдвэрээс болж, ҮХЦ иргэдийн орон байртай болох эрхэнд халдчихлаа гэж буруутгагдаж байсан. Гэхдээ эргээд харахад иргэдийн эрх ашигт нийцсэн шийдвэр болсон байгаа юм. Түүнчлэн, 2004 онд УИХ-ын даргаар ажиллаж байсан хүн Үндсэн хууль зөрчсөн байна гэх дүгнэлт гараад, ажлаасаа чөлөөлөгдөж байсан кэйсийг ч номондоо багтаасан. Энэ мэтчилэн цэцийн шийдвэр иргэдийн амьдрал ахуйд эерэгээр нөлөөлсөн тохиолдлуудыг номондоо багтаалаа.
Үндсэн хуулийн цэц эрх баригч намын нөлөөлөлд автаад байна, тэднээс хамаарч шийдвэрээ гаргаж байна гэх шүүмжлэл гардаг. Цэцээр шийдвэрлэсэн хэрэг маргааныг нягтаад үүнийг олж анзаарав уу?
Үүнийг ганц хоёрхон шийдвэрээр төлөөлүүлж дүгнэхэд бэрх. Цэцийн түүхэнд нэг асуудлаар гурван цаг үед гурван өөр шийдвэр гаргаж байсан түүх ч байгаа юм. Энэ нь ямар асуудал байсан бэ гэхээр 2011 онд УИХ сонгуулийн холимог тогтолцоог сонгож авсан байдаг. 2012 онд иргэд энэ асуудлаар ҮХЦ-д хандахад "Үндсэн хууль зөрчөөгүй байна" гэж үзээд, сонгууль холимог тогтолцоогоор явсан. Гэтэл 2016 оны дөрөвдүгээр сард буюу УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлж дуусаад, дараагийн сонгууль болох гэж байсан үед ҮХЦ холимог тогтолцоо Үндсэн хууль зөрчсөн байна гэдэг шийдвэр гаргачихсан. Дахиад 2022 оны намар Холимог тогтолцоо Үндсэн хууль зөрчөөгүй байна гэдэг шийдвэр гаргасан. Шийдвэр яагаад зөрүүтэй гарав гээд аваад үзэхээр гомдлыг хянан шийдвэрлэж байгаа бүрэлдэхүүн нь өөр өөр байж таарсан. Цэцийн гишүүд өөрчлөгдөхөд шийдвэр дагаад өөрчлөгдсөн байна гэж харж болохоор. Энэ мэтээр эргэлзээ дагуулсан шийдвэрүүдийг ч цэц гаргаж ирсэн нь анхаарал татаж байна. Үүнээс гадна, ҮХЦ-ийн тухай хуулийг УИХ-аар батлах үед өөртэйгээ хамаарах заалтыг маш хурдан хугацаанд түүвэрлэж авч, хүчингүй болгуулж байсан тохиолдлууд ч бий.
Үндсэн хуулийн цэцийн хараат бус ажиллах нөхцөлийг хуулиар яаж бүрдүүлэх хэрэгтэй гэж та харж байна вэ?
Энэ бол хамгийн чухал асуудал. "Цэц хэний төлөө байв" номыг бичих суурь шалтгаан ч гэж хэлж болно. Хуулиар дамжиж шударга ёс бий болж байх учиртай. Шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ бие даасан, хараат бус байх ёстой. Бие даасан байна гэдэг нь ҮХЦ байгууллагынхаа хувьд бие даасан байна гэсэн үг. Аль нэг институц энэ байгууллага руу нөлөөлж болохгүй гэсэн үг. Хараат бус байна гэдэг нь цэцийн гишүүн тодорхой шийдвэр гаргахдаа хөндлөнгийн нөлөөнд автахгүй байх хэрэгтэй гэсэн үг.
Үүнийг хуулиар л шийднэ. Анхнаасаа 1992 онд Үндсэн хуулийг батлааад, цэцтэй холбоотой зохицуулалтыг хийхдээ нарийвчилсан бус, хэт сийрэг зохицуулалтууд хийсэн. Жишээлбэл, цэцийн гишүүнээр хуульч хүн ажиллах юм уу, эсвэл өөр хүн ажиллах уу гэдэг нь бүрэн дүүрэн тодорхой болоогүй. Ер нь шүүх юм уу, биш юм уу гэдэгт ч шууд утгаараа хариулт өгөөгүй. Ямар маргааныг авч хэлэлцэх вэ гэдэг нь олон улсын жишгээсээ өөр. Үндсэн хуулийн цэцийн гишүүн зургаан жилээр хэдэн жилээр ч сонгогдож болдог нь хараат байдлыг бий болгодог. Яагаад гэвэл дахин сонгогдохын тулд анх сонгосон субъекттэйгээ харилцаа холбоотой болдог. Өөрөөр хэлбэл, ачийг нь хариулах, үгэнд нь орох байдлаар ажиллаж болзошгүй. Одоо ч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийх үү гээд зөвлөлдөх санал асуулга явж байна. Хэрэв Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийгдвэл ҮХЦ-тэй холбоотой хэд хэдэн заалтууд хөндөгдөөсэй гэж хүсэж байгаа. Нэгдүгээрт, цэцийн гишүүний эрх зүйн байдал. Ерөөсөө цэцийн гишүүн нэг л удаа сонгогддог болгох хэрэгтэй. Харин хэдэн жилээр сонгох вэ гэдэгт өөрчлөлт оруулж болно.
Хоёрдугаарт, цэцийн гишүүнд тавигддаг шаардлагуудыг нарийвчлах шаардлагатай болж таарч байна. Насны хувьд 40-өөс дээш байх уу гэдэг асуудалд анхаарах чухал. Цэцийн гишүүнээр хэн ажиллаж болох вэ гэхээр хуулиндаа "Хууль зүй, улстөрийн өндөр мэргэшилтэй байна гээд заачихсан байдаг. Нарийвчлаагүй. Уг нь суурь нь хуульч хүн байна. Үүн дээр нэмээд улстөрөөр мэргэшсэн байна гэж ойлгох болох боловч энэ нь эргэлзээ дагуулдаг. Тэгэхээр хуулийн заалтыг илүү тодорхой, шалгуурыг нарийн болгох хэрэгтэй. Ялангуяа, Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд "ширүүн"" зохицуулалт тусгаж өгөх цаг нь болсон.
Үндсэн хуулийн маргаан хянан шийдвэрлэх тухай хуульд ямар шинэ зохицуулалт хэрэгтэй вэ? Маргааныг хүлээн авч, хуваарилж, шийдвэрлэж байгаа нь ил тод, шударга ёсны зарчимд нийцэж чадаж байна уу? Цэцийн гишүүд нь "Энэ хүний гомдлыг чи авчих, тэр хүнийхийг би авъя" гээд хоорондоо ярьж суухаар ямар үр дүн гарах вэ дээ гэж ярьдаг?
Шүүх хэрэг маргааныг санамсаргүй оноолтын зарчмаар хуваарилдаг. Аль шүүгч, аль маргааныг авах вэ гэдгийг систем шийдчихэж байна. Гэтэл ҮХЦ одоог хүртэл гараар хуваарилалт хийдэг. Үндсэн хуулийн цэцийн даргад гомдол мэдээлэл очингуут тухайн хэрэг маргааныг аль гишүүнээрээ шийдүүлэхээ дарга нь өөрөө мэддэг. Ингэхээр хараат бус байдал, ашиг сонирхлын зөрчлийн асуудал ч хөндөгдөөд ирнэ. Энэ мэтээр жижгээсээ авахуулаад том хүртлээ асуудлаа эргэж харах цаг болсон. Хамгийн гол асуудал нь, Монгол улсын Үндсэн хуулийн хоёрдугаар бүлэгт Хүний эрх, эрх чөлөөний тухай заасан байдаг. Нийт 18 заалтад хүний үндсэн эрхийг томъёолж өгсөн. Иргэний эдэлж болох маш олон эрхээс Үндсэн эрхийг сонгож аваад оруулсан. Энэ эрх нь зөрчигдсөн бол иргэд ҮХЦ-д хандаад зөрчлөө шийдүүлдэг. Энэ нь тухайн хүний асуудлыг шийдэхээс гадна тухайн үндсэн эрхийн асуудлаар хамгаалалт болж өгч байдаг, ийм жишиг рүү л орох ёстой. Ингэх юм бол Цэц хэний төлөө байв гэдэг асуултын хариулт гарч ирнэ. Цэц бол зөвхөн дарга нарын маргааныг шүүх биш, Иргэний үндсэн эрхийг хамгаалдаг Үндсэн хуулийн шүүх байгаасай гэж хүсэж байна.
Хүмүүсийн "Би ч гэсэн Үндсэн хуулийн цэцэд хандаж болох юм байна" гэдэг ойлголт нь дутмаг юм шиг санагддаг.
Үндсэн хуулийн цэцийн бусад шүүхээс ялгагдах гол ялгаа нь энэ. Хэн ч хандаж болдог. Монголд Үндсэн хуулийн цэцээс гадна, гурван дагнасан шүүх байна шүү дээ. Захиргааны, Эрүүгийн, Иргэний шүүх. Энэ шүүхэд өөрөө хохирсон хүн л хохирлынхоо тухай нэхэмжлэл гаргана. Холбогдож байгаа нь хүн нь л ажиллагаанд оролцоно. Харин Үндсэн хуулийн цэцэд гурван үндсэн асуудлаар хэн ч хандаж болно. Таван төрлийн шийдвэр Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзвэл тэр талаар бичээд өгөхөд л хангалттай. Хоёрдугаарт, долоон албан тушаалтны үйл ажиллагаа Үндсэн хууль зөрчвөл Үндсэн хуулийн цэцэд хандах боломжтой. Дөрвөн төрлийн албан тушаалтныг огцруулах болоод эгүүлэн татах үндэслэл байна гэж үзвэл мөн хандаж болно. Өөрийнх нь эрх тухайн асуудлаас болоод зөрчигдсөн байвал өргөдөл гаргана. Зүгээр л Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзвэл мэдээлэл гаргаад явдаг. Жишээ татаж ярья. Бидний сонгож авсан нэг маргаан байгаа юм. Уг маргаанд 60 настай хүн хүүхэд үрчлэхээр хандсан ч түүнд хүүхэд үрчлүүлээгүй байдаг. Учир нь Гэр бүлийн тухай хуульд 60 наснаас дээш хүн хүүхэд үрчилж болохгүй байна гээд заачихсан байна. Гэтэл би хүүхэд өсгөж, хөрөнгөө өвлүүлэх гэж байна. Эх орондоо нэг иргэн бэлдэх гэж байна гэж өргөдлөө гаргасан. Энэ тохиолдолд бол иргэн өргөдөл гаргасан байх нь. Нөгөө талд нь УИХ-ын гишүүний халдашгүй байдал гэдэг бол ялгаварлан гадуурхалт байна гэж иргэн ҮХЦ-д хандсан. Тухайн иргэн өөрөө хохироогүй учраас ҮХЦ-д мэдээлэл гаргаж байна гэсэн үг. Ийм ялгаа заагаа иргэд мэдэж, эрхээ эдлэх хэрэгтэй.
Таны номыг уншаад, иргэд, шийдвэр гаргагчид юу олж хараасай гэж хүсэж байна вэ?
Номоор өгөх гэсэн санаа нь Үндсэн хуулийн цэцийн шийдвэр иргэдээсээ хол байна гэдгийг харуулахыг хүссэн. Гаргасан шийдвэрээ тайлбардаггүй, байгууллагаа сурталчилдаггүй гэх мэтээр олон асуудал байна. Номыг уншсанаар ҮХЦ гэдэг ямар байгууллага вэ гэдгийг ойлгож, иргэний амьдралд шууд нөлөөлөх шийдвэр гаргадаг шүү гэдгийг олж харах байх гэж бодож байна.
1994 онд гаргасан Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулиар Буддын шашны болоод Исламын шашнаас бусад бүх шашин зөвхөн сүм хийдээр дамжуулж шашнаа сурталчилна гэдэг заалт тухайн үед орж байсан. Үүнийг Үндсэн хуулийн цэц хүчингүй болгосон байдаг. Хэрэв заалт хэвээрээ явсан бол би шашны тухай ярих ч боломжгүй. Сүмд л очих ёстой болж таарахаар байсан байж ч мэднэ. Мөн жагсаал цуглаанд хүүхэд орох боломжгүй байсан байгаа юм. Үүнийг ҮХЦ хүүхдийн эрхийг зөрчсөн байна гээд хүчингүй болгосон. Түүнчлэн, тэтгэвэрт гарсан хүн ажил хийж болохооргүй заалт орсныг хүчингүй болгосон гээд цэцийн шийдвэр бидний амьдралд шууд нөлөөлж байгааг харж болно. Тиймээс иргэд ингэж хандаж, шийдвэрлүүлж болох юм байна гэдгээ ойлгох, нөгөө талдаа хуулийн хүрээнд ҮХЦ-ийг хараат бус байдлыг хангах ажлуудыг хийгээсэй гэж харж байна. Энэ бүхнийг номондоо маш энгийн, ойлгомжтой байдлаар, 16 жишээнд тулгуурлаж харуулсан.