Нүүрсний хулгайчдыг ил болгохыг шаардсан иргэдийн жагсаал 11 дэх өдрөө үргэлжилж байна. Бид улс төр судлаач болон мэргэжилтнүүдээс энэхүү жагсаалыг хэрхэн үр дүнтэй байлгах, шударга ёсыг тогтоохын тулд ямар арга хэмжээ авбал зохих талаар тодрууллаа.
Энэ талаар "МЭК" судалгааны төвийн захирал, судлаач Л.Золбаатар, “Хөдөлмөрлөж биш, хулгайлж баяжсан хүмүүсийг л бид эсэргүүцээд байгаа юм. Жагссанаар бид юу хүсээд, цаашаа юуны төлөө тэмцээд байна вэ гэдгээ мэдэх хэрэгтэй. Яаж шийдэж болох вэ гэдэг том асуудал. Одоогийн УИХ-ыг тараана гэхээс илүү УИХ нь өөрөө тарах ёстой юм. Ингээд хуулийн дагуу 60 хоногийн дараа сонгууль хийнэ. Мэдээж сонгуулийн зардал гарна. Гэхдээ энэ зардлын хэмжээ нь бидний алдаж байгаа боломжийн хажууд жаахан зүйл юм. Шинээр сонгогдсон их хурал ганцхан зорилготой байх хэрэгтэй. Энэ нь үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийгээд буцаад тарах. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр нэгдүгээрт гишүүдийн тоог нэмэх зайлшгүй шаардлагатай. Хоёрдугаарт их хурлын гишүүдэд зориулж байгаа зардлыг бууруулах боломжтой. Одоогийн байдлаар нэг гишүүн 3-4 зөвлөх, туслахтай яваад байдаг. Тийм шаардлага байна уу үгүй юу. Бодох асуудал мөн. Дараагаар нь сонгуулийн холимог тогтолцоог хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ тогтолцоо нь сонгуулийн хамгийн боломжит сайн хувилбар гэж харагдаж байгаа. Магадгүй үүнийг үндсэн хуульд оруулах шаардлагатай.
Харин ХҮН-ын удирдах зөвлөлийн гишүүн Б.Найдалаагийн ярьж буйгаар, “Асуудлын шийдэл нь жагсаж байгаад хулгайчийг шийтгэ, нэрсийг зарлаад дуусах биш. Дараа нь хулгайчийг үрждэггүй, дэмждэггүй, гаргадаггүй тогтолцооны шинэчлэлийг хийх ёстой юм. Үүнийг өөрчилж шинэчлэхгүй бол хулгайчид цөөрөхгүй. Хулгайч хаанаас гарч ирж байгаа вэ гэвэл, сонгуулиар гарч ирж байна. Тэгэхээр сонгуулийн тогтолцоог яаралтай засахгүй бол их хурлыг тараагаад маргааш сонгууль боллоо гэхэд яг өнөөдрийн хүмүүс дахиад сонгогдоно. Тэрийг гаргадаг тогтолцоо нь одоо хэрэгжиж байна. Жинхэнэ ардчилсан сонгууль болохгүй байна гэсэн үг. Холимог тогтолцоо заавал хэрэгтэй байна. Монгол улсыг нэг тойрог гэж үзээд сонгох, талыг нь яах вэ тойргоосоо байж болно. Холимог тогтолцооноос бие биеийнхээ алдааг нөхөөд үр дүнтэй болж таарна.
Эрх барьж байгаа МАН үүнийг ойлгож ухаараад, залуучуудын хүсэл тэмүүллийг нь ойлгоод, энэ шинэчлэлийг цагт нь хийхгүй бол магадгүй дараагийн долоодугаар сарын нэгэн болж таарна. Үүн дээр жинхэнэ улс орон жоомоо алах гэж байгаад гэрээ шатаах үлгэр болоод гаднын элдэв сонирхол бүлэглэл оролцож улс орныг самарч магадгүй.