“Тэг Ковид” бодлогыг эсэргүүцсэн жагсаал Хятадад болсны дараа тус улс гурван жил гаруй мөрдөж ирсэн ковид-19-ийн эсрэг чанга бодлогынхоо зарим хязгаарлалтуудыг цуцалсан. Ингэснээр хөнгөн шинж тэмдэгтэй болон шинж тэмдэггүй тохиолдолд заавал тусгаарлах байранд бус, гэртээ тусгаарлагдах боломжтой болсон.
Түүнчлэн гадуур ихэнх үйлчилгээний газрууд ковид-19-ийн сөрөг гэсэн шинжилгээний хариу шаардахааргүй болжээ. Гэвч Хятадад өдөрт илрэх ковид-19-ийн тохиолдлын тоо 4-р сарын оргил үетэйгээ харьцуулахад 10 мянгаар нэмэгдсэн. Тиймээс цар тахлын оргил үедээ “Тэг Ковид” бодлогоо сулруулж байгаа нь тус улсад дараагийн томоохон сорилтуудыг авчирна гэж мэргэжилтнүүд таамаглаж байна.
Тухайлбал, ковид-19-өөс шалтгаант нас баралтаас хамгаалах явдал юун түрүүнд бичигдэж байна. Сингапур дахь Олон улсын стратегийн судалгааны институтын гүйцэтгэх захирал Жеймс Крабтригийн хэлснээр "Хятад улсад одоо тулгамдаж буй томоохон эрсдэл бол хүн амыг өргөнөөр вакцинжуулаагүй байж Ковид 19-тэй тэмцэх явдал юм” гэсэн.
Ялангуяа, өндөр настнуудын дунд вакцинжуулалтын түвшин муу байгааг Хятадын хэвлэлүүд онцолж буй. БНСУ, Сингапур зэрэг бусад орнууд ковид-19-ийн хязгаарлалтаа цуцлах үед тус улсын иргэдийн ихэнх нь Pfizer, Moderna, Astrazeneca зэрэг вакцинуудыг хийлгэсэн байсан ч халдварын өсөлтөөс сэргийлж чадаагүйг мэргэжилтнүүд сануулсаар байна. Одоогоор мэдэгдэж байгаа тоо баримтаас харахад Хятадад 60-аас дээш насны хүмүүсийн 69%, 80-аас дээш насны хүмүүсийн 40% нь нэмэлт тун хийлгэсэн байна. Ахмад настнуудын дунд вакцинд үл итгэх байдал хэвээр байгаа тул вакцинжуулалтыг түргэсгэх нь сорилт хэвээр байх болно гэж хэвлэлүүд мөн үзэж байна.
"Олон хөгшин хүн суурь өвчтэй байдаг. Вакцин хийлгэх нь аюултай гэж тэд үзэж байна. Гэвч үнэн хэрэгтээ аюулгүй шүү дээ" гэж Хятадын судлаач BBC-д хэлжээ. Тиймээс Лхагва гарагт Хятадын эрх баригчид вакцинжуулалтын түр болон явуулын цэгүүдийг байгуулах төлөвлөгөө гаргаж, орон нутгийн эрх баригчдыг ахмад настнуудын вакцинд хамрагдах үйл явцыг идэвхжүүлэхийг уриалжээ.
SOURCE: BBC