Өчигдөр буюу энэ сарын 5-нд Сүхбаатарын талбайд болсон жагсаалын үеэр цөөнгүй иргэн сайн дураараа аарц буцалгаад ирээд, хүмүүст өглөө. Жавар тачигнасан хүйтэнд, гадаа олон цаг зогсоод жагсаж буй иргэдэд чамгүй дэмжлэг, тус болсон нь мэдээж. Тэдний төлөөлөл болох МУИС-ийн оюутан Алтанзул, Нямхүү нартай ярилцлаа.
-Манай уншигчдад өөрсдийгөө танилцуулна уу?
-Намайг Алтанзул гэдэг. МУИС-ийн хоёрдугаар курсийн оюутан.
-МУИС-ийн оюутан Нямхүү байна.
-Аарц буцалгаж ирээд жагсаж буй иргэдэд өгөх санаа хэрхэн төрсөн бэ?
Алтанзул: МУИС-ийн харьяа клубүүд ярилцан, гэртээ аарц буцалгаж, жагсаж буй хүмүүс өгөхөөр шийдсэн. Тэгээд өнөөдөр ингээд явж байна. Нэргүй: Энэ санааг өчигдөр гаргасан.
Нямхүү: Даарч байгаа иргэдэд туслах, дэмжих зорилгоор энэ санааг гаргасан. Хүйтэнд жагсаж байгаа хүмүүсээ дэмжиж байна гэдэг нь бас нэг төрлийн дэмжлэг.
-Өнөөдрийн жагсаалд залуус, оюутнууд түлхүү оролцож байна. Та хоёр байр сууриа илэрхийлэхгүй юү?
Алтанзул: Ер нь өчигдөр бас ирсэн. Өчигдөр нэг их хүн байгаагүй. Бүгд талд, талд өөр, өөр юм яриад, хашгираад байсан. Өнөөдөр (өчигдөр) яг нэг зүйлийн төлөө жагсаж чадах эсэхийг сайн мэдэхгүй байна. Хэрвээ нэг зүйлийн төлөө тэмцэж чадахгүй бол хаврынх шиг ямар ч үр дүнгүй жагсаал болно.
Монголдоо аймар цөөхүүлхнээ. Тийм атал иргэдээ гоё амьдруулж чадахгүй байгаад нь гомддог.
-Төр засгийн буруу шийдвэр таны амьдралд, сурч боловсрохрод яаж сөргөөр нөлөөлж байна вэ?
Алтанзул: Одоо жишээлбэл, сургалтын төлбөрөөс авхуулаад л. Сургалтын төлбөр жил бүр нэмэгдэх жишээний. Байр түрээсэлж буй оюутнууд байгаа. Түрээсийн төлбөр өндөр. Хүнсээ цуглуулах гэхээр юмны үнэ ямар байгаа билээ. Хичээлийнхээ хажуугаар ажил хийх хэцүү байдаг, цалин нь бага. Иймэрхүү асуудал зөндөө бий.
-Монголын төр засаг залуучууддаа хэр ээлтэй байна вэ?
Нямхүү: Залуучууддаа ээлгүй. Том хүмүүс, ахмад настнууд ч гэсэн залуучуудынхаа үгийг сонсох дургүй байдаг. Залуучуудынхаа үгийг сонсоорой гэж хэлмээр байна.
-Төр засаг сайхан болно, Монголдоо сайхан амьдарна гэх итгэл хэр байна вэ?
Нямүү: Итгэл ер нь бараг байхгүй дээ.
Алтанзул: Ер нь ихэнх, 10 оюутны ес нь гадаад руу явахын төлөө сурч байгаа. Эндээс харахад, төр засагт итгэх итгэл маш бага байгаа.
-Энийг л засаасай, шийдээд өгөөсэй гэж хүсэж буй зүйлүүд юу байна вэ?
Нямхүү: Нийгмийн даатгалаа бууруулаад, залуучуудынхаа үгийг сонсдог болоод, авлигын асуудлыг шийдмээр байна.
Жагсаалд идэвхтэй оролцоод, зорьсондоо хүрээсэй гэж бодож байна.
Жагсаалыг эргүүлэх зорилготой хүмүүс энд, тэнд маш олон байх шиг байна. Тэдний нөлөөнд битгий автаарай гэж хэлье.
Алтанзул: Ерөнхийдөө системээ л өөрчлөх нь зөв байх. Угаасаа татвар, нийгмийн даатгал гээд бүгд л иргэдээ шулах зорилготой. Тэдгээрийг өөрчлөөсэй гэж хүсэж байна.