Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нөөцийн махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, махны үнийг бууруулах чиглэлээр тодорхой шийдвэр гаргасныг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан танилцуулав.
Нийслэлийн хүн амын 2022 оны хаврын улирлын хэрэгцээнд зориулан 23 аж ахуйн нэгж 12.7 мянган тонн мах нөөцөлсөн. Нөөцийн махыг нийслэлийн 9 дүүргийн 468 хүнсний дэлгүүрээр худалдаалж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 10.4 хувийг борлуулсан. Махны нөөц 2022 оны 04 сарын 25-ны өдрийн байдлаар үхэр 3600, хонь 6800, ямаа 1150 тонн үлдэгдэлтэй байна. Хонины махыг 8300, ямаа 7100, үхэр 8900 төгрөгөөр борлуулж байна.
Улаанбаатар хотын инфляцид хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт 34 хувиар нөлөөлсөн байна. Тиймээс өнөөдрийн хуралдаанаар нөөцийн махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, үнэ хямдруулах, иргэдэд очих үнийн өсөлтийн дарамтыг тодорхой хувиар бууруулах чиглэлээр дараах шийдвэрийг гаргав. Үүнд:
- Нөөцийн махны 60 хувийг бүрдүүлж байгаа хонины махны кг тутмын үнийг Засгийн газраас 250 төгрөгөөр, бэлтгэн нийлүүлэгч нийгмийн хариуцлагын хүрээнд 100 төгрөгөөр, нийт 350 төгрөгөөр бууруулах шийдвэр гаргалаа. Ингэснээр нөөцийн хонины махыг 7950 төгрөгөөр, амралтын өдрүүдэд борлуулж буй хонины гулууз махыг 7750 төгрөгөөр худалдан авах боломж бүрдэж байна.
- Нөөцийн махыг борлуулж буй худалдааны цэгийн тоог 20 хүртэл хувиар нэмэгдүүлж, сүлжээ дэлгүүр, супермаркет, захын дүүргийн хүнсний дэлгүүрээр борлуулахаар шийдвэр гаргалаа.
- Хүн амын 2022-2023 оны хүнсний хэрэгцээнд зориулан нөөцийн мах бэлтгэн нийлүүлэгчдэд 130 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг шийдвэрлэлээ. Махны бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгжтэй махны нөөцийг эрт бүрдүүлж, хэрэглэгчдэд хямд үнэтэй мах нийлүүлэх Хариуцлагын гэрээ байгуулж, хэрэгжилтэд ШӨХТГ-аас хяналт тавьж ажиллана.
- Гурил үйлдвэрлэгч болон дотоодын мах бэлтгэлийн аж ахуйн нэгжүүдэд 230 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг 3 хувийн хүүтэй зээлээр олгохоор болов. Хөнгөлөлттэй зээлийн хүүгийн зөрүү болох 10.6 хувийн хүүг Засгийн газар төсвөөсөө дэмжлэг болгож гаргахаар шийдвэрлэснээр нийтдээ 25 орчим тэрбум төгрөгийн хүүгийн зөрүүг төр хариуцна. Энэ нь иргэдэд очих мах болон гурилын үнийн дарамтыг бууруулах зорилгоор Засгийн газраас гаргаж байгаа дэмжлэг юм.
- Дээрх шийдвэрүүдийн хүрээнд маргааш Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ махны үйлдвэр, худалдааны сүлжээ дэлгүүрийн төлөөлөлтэй уулзаж, санал солилцохоор боллоо.