Нүүрс тээврийн нөхцөл байдлын талаар Монгол тээвэр нэгдлийн гүйцэтгэх захирал Б.Гантулгатай ярилцлаа.
-Засгийн газрын 362-р тогтоол гарч, ЭТТ ХК-д Бүрэн эрхт төлөөлөгч томилсноос хойш НЭГ сар хагас орчим хугацаа өнгөрлөө. Нүүрс тээврийн нөхцөл байдал дээрдэв үү?
-Нүүрс тээвэрлэлт урьд өмнөх байдлаараа, хэвийн үргэлжилж байгаа. Асуудал ирэх жилийн эхээр л гарах гээд байна. Учир нь ЭТТ ХК-д нүүрс тээврийн С зөвшөөрлийг олгох эрхийг шилжүүлснээр үндэсний эрх ашигт хохиролтой нугалаа, завхралууд гарах шинж тэмдэг илт ажиглагдаж байна. Монголын тээвэрчид өөрсдийн дуу хоолойг хүргэх гэж ЭТТ ХК-ийн БЭТ-д удаа дараа хандсан боловч одоогоор бидэнтэй уулзаагүй байна. Уулзахыг хүсэхгүй байгаа төлөвтэй. Дотооддоо “монголчуудаар тээвэр хийлгэхгүй ээ, нүүрс худалдан авч байгаа хятад компаниудад С зөвшөөрлийг олгоод тэд өөрсдөө учраа олох байдлаар шийдвэрлэх нь бидэнд амар. Бүх асуудлыг шийдэх эрхийг бидэнд өгсөн юм чинь, өөрсдөдөө амраар явуулна” гэх хандлагатай зүйлс ярилцаад байгаа юм байна лээ. ЭТТ ХК бол монголын нийт иргэдийн өмч болох Таван толгойн уурхайн баялгийг захиран зарцуулж байгаа компани. Төрийн өмчит компани. Өмчлөгч нь монголын ард түмэн, монгол улс, монголын Засгийн газар. Засгийн газар өмчийн эзэн монголчуудын эрх ашгийг хойно эрэмбэлэх эрхгүй. Тэд татвар төлөгчдийнхөө эрх ашгийг нэгд тавих ёстой болохоос худалдан авагчийнхаа эрхээр ажлаа зохион байгуулах, үндэсний эрх ашгаас ухрах эрхийг "Эрдэнэс таван толгой" ХК-д олгоогүй гэж бодож байна.
-Зам, тээврийн хөгжлийн яам гэж салбарын бодлого хариуцсан төрийн бүтэц байдаг. Тэд нүүрс тээврийн асуудлаас гадуур үлдчихэж байгаа юм уу?
-Тэгж ойлгогдохоор нөхцөл үүсээд байна. Тээврийн бодлогыг нэг аж ахуйн нэгжийн түр удирдлагад (БЭТ үүрд удирдахгүй) шилжүүлээд өнөөх нь үндэсний эрх ашгийг бус өөрт амар байдлыг эрхэмлэж суугаа байдал харагдаж байна. Аж ахуйн нэгж хэзээ ч нийгмийн асуудал, үндэсний хэмжээний бодлого, үндэсний эрх ашгийг бодохгүй. Худалдан авагчаа тойгдох, тэдний үзэмжээр асуудлыг шийдвэрлэх дуртай болчихдог. Нүүрс бол шавхагддаг баялаг. Монголчууд нэгэнт гаргаж, зарж байгаа шавхагдаж байгаа баялгаасаа илүү өгөөж хүртэх ёстой. Үүний тулд монголчуудын ажлын байрыг хадгалах, монгол хүн бүр баялгийн өгөөжөөс хүртэх боломжыг хангах учиртай. Үүнийг төр, Засгийн газар салбарын яамаараа дамжуулан хэрэгжүүлнэ үү гэхээс хувьцаат компанид түр томилогдсон хүн шийдэхгүй шүү дээ.
-Худалдан авагчийнхаа эрхшээлд орох вий гэж мэргэжилтнүүдийн байнга анхааруулдаг хүчин зүйлийг ЭТТ, БЭТ огт хэрэгсэхгүй байна гэсэн үг үү?
-Тогтоол гараад, БЭТ ажлаа аваад сар гаран болж байхад уулзахаас зайлсхийж байгаад өөр тайлбар одоогоор өгч чадахгүй л байна. Mongolian mining сэтгүүлд энэ талаар тодорхой бичсэн байна лээ. Сэтгүүлд “хятад голдуу эзэдтэй тээврийн, зууч компаниуд тээврийн С зөвшөөрлийг авснаар тээврийн үнийг үндэслэлгүй өсгөдөг зовлон бий” гэж анхааруулсан байгаа. Портерийн эффект гэж эдийн засгийн түгээмэл онолд яг энэ талаар онцгой анхааруулдаг. Худалдан авагчийн наймаацах эрх мэдэлд (Bargaining Power of Buyers) нийлүүлэгч компани орчихвол нүүрсний үнэ дээр төдийгүй тээврийн үнийг хятадын компаниуд өөрийн дураар жолоодох, бидэнд юу хийхийг заах нөхцөл шууд үүснэ. Одоо ч бараг тэр нөхцөл рүү орчихоод үндэсний тээвэрлэгчдийг гадуурхаад, алгасах гээд эхэллээ л гэж харж байна. Үүний цаана маш ноцтой тохиролцоо, нөлөөлөл ч байж болохыг үгүйсгэхгүй. Ирээдүйд учирч болох эрсдлийг бууруулахын тулд худалдан авагчийн эрх мэдлийг бууруулах, тэнцвэржүүлэх чиглэлд л ЭТТ ажиллах ёстой. Үгүй бол үндэсний эрх ашгаас урвасан гэж л үзнэ. Шаардлагатай нөхцөлд төрийн хянан шалгах байгууллагууд анхаарлаа хандуулах хэрэгтэй л байх. Бид С зөвшөөрөл авах гээд үүнийг яриад байгаа биш монголын тээврийн компаниуд цаашид оршин тогтнох уу, үндэсний тээвэрлэгчид өсөж томрох, бяр сууж өрсөлдөх түвшинд хүрэх эсэх тухай асуудлыг дэвшүүлж байна. Худалдан авагчийн эрх мэдлээр тээвэрлэлтийг шийдвэрлэбэл үндэсний тээвэр шууд мөхөх болно.
-Засгийн газрын 362-р тогтоолтой холбоотойгоор нүүрс тээврийн компаниуд ямар байр суурьтай, саналтай байгаа юм бэ?
-Хариултаа тодорхой болгохын тулд хэдэн тоо дурдъя. Өнөөдрийн байдлаар 454 гаруй нүүрс тээвэрлэгч байгаагаас 110 нь гаднын (аль улс нь тодорхой) хөрөнгө оруулалттай. Тэд 11 мянга гаруй задгай тэвш, 10 гаруй чингэлэг тээврийн хэрэгслээр нүүрс тээвэрлэж нийт тээврийн 90 гаруй хувийг хянаж байна. Үндэсний хөрөнгө оруулалттай тээврийн компаниуд тээврийн хэрэгслийн 10 хүрэхгүй хувийг л бүрдүүлдэг. Тэгэхээр эндээс хятадын том худалдан авагч компаниуд тээвэрт монополио тогтоосон нь ойлгомжтой харагдах байх. Тийм байхад дахиад үндэсний тээвэрлэгчдийг шахаж гаргах бодлогыг ЭТТ ХК явуулах шинж тэмдэг ажиглагдаж байгаа. Одоо байгаа тээврийн хэрэгслүүд бүрэн ашиглагдахгүй байхад нэмж 4000 тээврийн хэрэгсэл шинээр улсын хилээр орж ирсэн байна. Тэдний цаана улс төрчид, УИХ-ын гишүүд байдаг гэдэг. Тэд “2024 оны сонгуулийн зардлаа үүгээр босгоно” гэж ил тод ярьдаг юм гэнэ лээ.
Монгол тээвэр нэгдлийн байр суурь тодорхой. Засгийн газрын 362-р тогтоолын 5 дахь заалтыг Үндэсний тээвэрчдийн эрх ашиг нөхцлийг муутгах, хохироох байдлаар хэрэгжүүлэх ёсгүй. Монголын тээврийн компаниуд бүгд шахуу банкны зээлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа. Төрийн өмчит компанийн явцуу зорилго, ялгаварлах байдлаас болж үйл ажиллагаа нь тасалдах, доголдоход хүрвэл зээл шууд муудна. Ийм эрсдлийг манай санхүүгийн систем даахгүй. Цаашилбал 25 мянган тээвэрчний ар гэр, олон айл өрхийн амьжиргаа эрс доройтох гээд эрсдлүүд дагалдах учир бид Засгийн газарт тогтоолын хэрэгжилтэд ултай хандаж, өргөн өнцгөөр харж шийдвэр гаргахыг хүсэж байгаа. ЭТТ ХК нийтийн эрх ашгийг эрхэмлэхгүй нь тодорхой боллоо. Угаасаа аж ахуйн нэгжид төрийн бодлогыг тодорхойлох үүрэг байхгүй. Тийм учраас Эрдэнэс Монгол ХК, ЗГХЭГ, Зам тээврийн хөгжлийн яам хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх, ЭТТ ХК-д төрийн бодлогыг хэрэгжүүлэхийг даалгах л үлдлээ.
Хятадын талын “тэг ковид” бодлогын шаардлагад нийцүүлж битүүмжилсэн тээврийн зохион байгуулалтыг өнгөрсөн 2 жилийн туршид монгол компаниуд хийж, нилээдгүй хөрөнгө оруулалт оруулж, хятадын талын горимд зохицож ажиллаж сурсан. Одоо энийг эвдэх, үймүүлэх бол нөгөө талаас хориг тавих, тээврийг зогсоох гээд олон хүндрэл үзүүлэх магадлал шууд үүсдгийг сайн мэдэж авсан. Тийм болохоор Хятадын удирдлага тэг ковид бодлогоо цуцлах хүртэл нэгэнт бий болсон горимдоо орсон бүтцийг эвдэх бусниулах зүйл гарах вий гэж санаа зовж байна. Үүсэх эрсдэл, гарз хохиролыг ЭТТ ХК үүрэхгүй, монголын эдийн засаг, монголчууд л амсах болно.
Бидний санал бол:
- УИХ-ын 2015 оны 4 дүгээр сарын 8-ны 10 дугаар тогтоолын 1.3-д “Монгол Улсаас экспортлох нүүрс, уул уурхайн бусад бүтээгдэхүүний тээвэрлэлтийн 50-иас доошгүй хувийг үндэсний тээврийн компани, консорциумаар гүйцэтгүүлэх” гэж заасныг хэрэгжүүлэх.
- “Нүүрс тээвэрлэлтийн бүртгэл, хяналтын нэгдсэн систем”-ийг бий болгох замаар нүүрс тээвэрлэлтийн салбарт байгаа далд эдийн засгийг хумиж улсын төсөвт төвлөрөх орлогыг нэмэгдүүлэх.
- “АТҮТ” ТӨҮГ-ын “Тээврийн нэгдсэн систем”-д бүртгэлтэй ААНБ-уудын тээврийн хэрэгсэл, жолооч нь бичиг баримт болон техникийн бэлэн байдлыг хангах. Монгол Улсын “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль”, “Автотээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэх дүрэм” болон “Автотээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэх ба тээвэрлэлтэд зуучлах үйлчилгээ – MNS 5346 : 2007” стандартын шаардлагуудыг ханган ТОХИРЛЫН ҮНЭЛГЭЭ-ний гэрчилгээ авсан байх.
- Цар тахлын өмнөх болон дараах нөхцөл байдлаас харахад нүүрс тээвэрлэлтийг оновчтой, тасралтгүй, үр ашигтай зохион байгуулахад БИТҮҮМЖЛЭГДСЭН ТЭЭВРИЙН БАГ (БТБ)-ийн зохион байгуулалт ХАМГИЙН ОНОВЧТОЙ ХУВИЛБАР болох нь харагдаж байгаа тул онцгой дэглэмийн нөхцөл байдал дууссан ч цаашид хэвээр үргэлжлүүлэх.
Дараах шаардлагыг хангасан Үндэсний тээвэрлэгч аж ахуйн нэгжийг дэмжих:
- Тээвэрлэгч аж ахуйн нэгж байгууллагууд тухайн жилдээ тээвэрлэсэн нүүрсний тонн хэмжээгээр орлогоо компанийн санхүүгийн тайландаа үнэн зөв тусгадаг байх.
- Тээвэрлэгч аж ахуйн нэгж байгууллагууд тээврийн хэрэгслээ компанийн санхүүгийн тайлангийн балансад тусгадаг байх.
- Тухайн тээвэрлэгч аж ахуйн нэгж байгууллагуудын жолооч компани дээрээ НДШ, ЭМДШ-ээ заавал төлдөг байх.