Бид "Good foundation forming" сургалтын төвийн захирал О.Энхмөрөнтэй ярилцаж англи хэл хэрхэн үр дүнтэй сурах талаар зөвлөгөө авлаа. Түүний хувьд өдөрт гурван үгийг ижил утгатай үгсийн хамт цээжлэн өгүүлбэр зохиогоод дадчихвал хоёр сарын дотор чөлөөтэй ярих чадвартай болдог талаар өөрийн туршлага дээр суурилан ярьсан юм.
Тэрбээр, Англи хэл бол дэлхийн хэл гэдгийг бүгд мэднэ. Найман тэрбум хүмүүстэй хөл нийлүүлж амьдаръя гэвэл үүнийг сурахаас өөр арга байхгүй. Бүхий л судалгаа шинжилгээ англи хэл дээр гарч байна. Англи хэл сурах хэцүү гэж олон хүн ярьдаг. Энэ нь эхлэлээ буруу тавьсантай холбоотой гэж би боддог. Бидний зайлшгүй хэрэгцээ бол Англи хэл сурах явдал мөн.
Залуучууд, хүүхдүүд “яаж сурах аргаа олохгүй байна” гээд л хэсэг хичээж байгаад шантардаг. Энэ бол монгол “зан чанар”-аас л болж байгаа. Бидэнд үнэндээ өрсөлдөөн бага байна. Гэтэл гаднын оронд, хэрвээ та мөнгөгүй бол амьдарч чадахгүй. Хамаатан садан, ах, дүү нар чинь ч туслахгүй гэж ойлгож болно. Монголд амьдрал хэцүү гээд байгаа боловч автобусны мөнгөгүй байлаа гэхэд хэн нэгэн торох юмгүй л өгчихнө. Танихгүй хүнээс гуйсан ч өгнө. Бид жинхэнэ хөдөлмөрч амьдралын хүнд хэцүүг туулаагүй учраас л хойш суудаг, залхуурдаг. Маш шантрамтгай байдаг. Уг нь яг л шантрах гээд байгаа үедээ “би чадна аа” гээд явчих юм бол маш хурдан сурна.
Англи хэл сурах хүсэл байвал youtube гэх мэтчилэн платформуудаас сурах арга барилаа олж болно. Миний хувьд сурагчдадаа нэг л зөвлөгөө өгдөг. Өдөрт доор хаяж гурван үг цээжил. Зүгээр нэг цээжлэх биш ижил утгатай үгнүүдийг нь олох хэрэгтэй. Олж бичээд тэдгээр үгсээрээ өгүүлбэр зохиох нь чухал. Ингээд давтаад байх юм бол сарын дотор л сайн үр дүн гарна. Хоёр сарын дотор чөлөөтэй яриад сурчихна.
Нөгөөтэйгүүр хувь хүн бүр өөр өөрийн чадваруудтай байдаг. Үүн дээрээ түшиглээд өөрийн арга барилаа бий болгох хэрэгтэй. Жишээ нь бид хараагүй хүнд англи хэлийг уншиж байж сурдаг гэж хэлээд нэмэргүй. Гэхдээ хамгийн чухал нь та үгээ мэддэг болоод, жижигхэн орчуулга хийхэд л байгаа юм. Хэрвээ сууриа зөв тавьж чадвал дараа нь ярих, бичихэд ямар ч асуудалгүй болно. Англи хэл хэцүү сурахад хүнд байна гэж бодож байгаа бол эхлээд оюун ухаантайгаа тэмцээрэй. Маш жижиг зүйлийг хэтэрхий томруулж харах нь бидний сурах хүслийг унтрааж байдаг. Эхэлж байгаа бол жижиг зүйлээс эхлэхийг миний хувьд зөвөлнө.
Дуу, кинонд дургүй хүн гэж байхгүй шүү дээ. Эдгээр зүйлсээр англи хэлнийхээ суурийг тавьж болно. Орчин үеийн хүүхдүүд PUBG тоглож, youtube их үзэж байна. Хэн ч заагаагүй байхад сураад байна шүү дээ. Энэ бол дуртай зүйлээ хийнгээ, өөртөө дарамт өгөхгүйгээр сурч буй арга барил. Юу юугүй том ном барьчхаад орчуулах гээд суудаг олон тохиолдол мэднэ. Ингэхээр шантрахаас өөр аргагүй.
Мөн эцэг эхчүүдийн гаргадаг алдаа бий. Хүүхдээ нэг хоног сургалтад явуулчхаад л, “чи юу сурсан юм” гээд шалгаадаг. Бид монголд төрсөн, монгол хэлээр ярьдаг хүмүүс. Гэхдээ бид монгол хэлний шалгалтад унадаг шүү дээ. Тэгэхээр хоёрдугаар хэлэндээ бүдэрч болно. Гол нь тууштай байдал гэж хэлмээр байна.
Миний хүсэл бол хүүхдүүдийг тэтгэлгээр сургах. Гэтэл монголд ямар нэг намтай хамаарал бүхий хүмүүс л тэтгэлэг аваад байдаг.
Би англи хэлийг нэг сар бэлдсэн. Шөнө хоёр цагт босож дөрвөн цаг хүртэл хичээлээ хийгээд унтдаг байсан. Ямар ч ар тал байхгүй. Ажил хийж, мөнгөө цуглуулан шалгалтаа өгч тэтгэлэг авч сурсан. Яг над шиг хичээдэг хүүхдүүдэд зориулж Дэлхийн хэмжээнд тэтгэлэг олгох удирдамж А-Я номоо гаргасан. Үүн дээр дэлхийн дээд боловсролын түүх хаанаас үүссэн, ямар шалгалт өгч тэтгэлэг авдаг, ямар үйл явцаар хүүхдүүдийг шалгаруулдаг, монголын хэмжээнд зарлагдаж байгаа тэтгэлгээс гадна дэлхийн аль оронд ямар тэтгэлэг байна гэх мэтчилэн мэдээллийг багтаасан байгаа. Тэтгэлгээр сурах хүсэлтэй яах аргаа олохгүй хүүхдүүд их байдаг. Тэдэнд л зориулсан гэсэн үг гэлээ.