Иргэдийн худалдан авах чадвар өдөр өдрөөр буурсаар цайны боорцог тансаг хэрэглээ болжээ. 6-7 мянган төгрөгийн боорцог худалдаж авдаг хүн ховор болсон учраас жижиг дэлгүүрүүд алдагдал хүлээх болсон байна. Учир нь “Талх чихэр” зэрэг томоохон компаниуд буцаалтын бараа авахгүй гэх шаардлага тавьдаг байна. Ингээд борлуулж амжчих болов уу гэж горьдоод авсан хэдэн уут боорцгоо лангуун дээр нь хөгцрүүлж, хаяхаас өөр аргагүйд хүрч байгаа талаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн 16-р хороонд хүнсний дэлгүүр ажиллуулдаг иргэн Б.Мягмарсүрэн ярилаа. Иймээс эднийх голдуу талх авч, борлуулах болжээ.
БАРААНЫ ҮНЭ ХОНОГООР ӨСӨЖ, НАПОЛЕОН ТОРТ 1700 ТӨГРӨГ БОЛЖЭЭ
Цар тахлаас хойш юмны үнэ өдөр хоногоор өсөх болсныг иргэд хэлж бухимдаж байна. Тухайлбал, дэлгүүрт 500-700 төгрөгөөр борлуулдаг байсан наполеон торт 1700 төгрөг болж, үнэ нь гурав дахин нэмэгджээ. Лангуун дээр бараа байгаа ч худалдаж авах хүн алга хэмээн дэлгүүрийн худалдагчид хэлсэн юм. Улаанбаатар хотын төв цэг Сүхбаатарын талбайгаас 15 километрийн зайд байрлах энэ хороо 20 мянга орчим хүн амтай. Гэр хороолол, орон сууц хосолсон хороолол аж. Арай дундаждаа орохоор бүс хэдий ч хаа сайгүй л байдал хэцүүдэж, илүү дутуу юм авч мөнгөө үрэхээ байсан, хоолоо авах мөнгө байхгүй юм чинь аргагүй ээ гэх. Сонгиныг хүртэл ширхгээр л авдаг боллоо шүү дээ хэмээн ярьцгааж байсан юм. Түүнчлэн “Цалингаасаа илүү мөнгө гарахаар хүүхдэдээ амттай шимттэй юм авч өгдөг байсан бол одоо боломжгүй болсон. 20 мянга гараад л ирэхээр мөнгө байхгүй. Авах юмаа хасъя гээд л. Орж ирсэн хүн болгон хэцүү байна. Хэцүү байна. Цалин орлого бага болохоор. 1 кг банана 7 мянган төгрөг, ганц талх үйлдвэрээсээ 2000-аар ирнэ” хэмээн худалдагч аргаа баран хэллээ.
ГАНЦХАН ДЭЛГҮҮРТ НЭГ САЯ ТӨГРӨГИЙН ӨР ХУРИМТЛАГДЖЭЭ
Үнэ 2-3 дахин өссөн мөртлөө иргэдийн цалин орлого урьдын хэвээр байгаад л гол учир нь байна. Тиймээс айлууд дэлгүүрт өр тавьж, хүнсээ авах нь улам л нэмэгдсэн байна. 16-р хорооны ганцхан жижиг дэлгүүрт л гэхэд нийт НЭГ сая төгрөгийн өр хуримтлагдаж, 36 хуудастай зээлийн дэвтэр дүүрсэн тухай худалдаа эрхлэгч Б.Мягмарсүрэн хэллээ. “Ихэвчлэн таньдаг хүндээ л зээл өгдөг боловч, учир байдлаа хэлээд гуйсан хүнийг хоосон гаргаж чаддаггүй юм. Иргэний үнэмлэхээс авхуулаад барьцаалж болох ойр зуурын юмыг нь аваад л, хоногийн хүнсийг нь өгөөд гаргадаг. Өндөр орлоготой тансаг айл биш л бол хаа хаанаа хэцүү байна. Бүх хүн үнийн өсөлтийг бодитоор мэдэрч байна шүү хэмээн дэлгүүрээр орж гарсан иргэд ярьж байлаа. Төр засаг нь “Цалин, тэтгэврээ нэмээсэй. Төрийн үйлчилгээний алба хаагчид бүр л хэцүү байна. Зээлээ төлнө. Тэгээд үлдсэнээр нь амьдрахад чанга болж байна шүү дээ. Корона гарахаас өмнө бид хэцүү байна гэцгээдэг байсан. Гэтэл тэр чинь харин ч гайгүй байж. Одоо бүр тартагтаа тулсан” гэж ярих хүн энэ буйдхад гудманд олон таарлаа.
ЖИЖИГ ДЭЛГҮҮРҮҮД Ч ХОХИРОЛТОЙ БАЙНА
Үйлдвэрлэгчид буцаалтаа авдаггүй, дээрээс нь цахилгааны үнэ нэмэгдсэн, татвар өссөн зэргээс болж, жижиг дунд бизнес эрхлэгчид ашиг муутай болжээ. Гүйлгээ муутай, орж ирсэн хүмүүс нь “За, бичүүлчихье” гэдэг тул эргэлтийн мөнгөгүй хэцүүхэн байгаагаа учирлав. Энэ сараас эхлээд аж ахуйн нэгжүүдийн цахилгааны үнийг хэрэглээнээс нь хамааруулан 14-28 хувиар нэмэгдүүлэхээр болсон. Ингэснээр жижиг компаниудын зарлага өсөж, алдагдал хүлээх болсон байна. “Худалдаа эрхлэгчид зээлээс зээл дамжиж, орлого олдог. Дундаас нь хэдэн төгрөг унагаж бизнес хийж байгаа улс. Ашиг олоод л, хурааж хумиад байгаа юм алга. Төр үнийн өсөлтийн эсрэг бодлогоо эргэн хармаар байна. Бас үндэсний томоохон компаниуд ёс зүйтэй, наанатай цаанатай баймаар байна. Авахгүй гээд л хаачдаг юм гээд л дураараа үнээ нэмж байна шүү дээ. Мэдээж, үнэ нэмэх зайлшгүй шаардлага байгаа л байх. Ойлгож байна. Арай л дэндүү л байна” гэлээ.
Ийнхүү иргэдийн худалдан авах чадварын талаар сурвалжлаад гарч иртэл урд дэлгүүрээс хэдэн төмс аваад харьж буй нэгэн эмэгтэй бидэнтэй таарав. Ярилцлага өгөөч хэмээн асуутал “Би юугаа ярьдаг юм. Хаа сайгүй л дордож байна. Өлсөж байна шүү дээ. Би чамд ярилцлага өгсөн өгөөгүй бүх хүн л мэдэж байна” гэчихээд явж одлоо. Нээрээ ч тийм дээ хэмээн машиндаа суутал “Цалин орлоо” гэх мессеж ирэв. Хэдийг нь хэрэглээндээ, хэдийг нь өрөндөө гэж дотроо бичил тооцоо хийсээр ажлын зүг хөдөлцгөөлөө. Бидний зорилго нэг. Цалингаа аль болох олон хонуулчих гэж ухаан зарцуулдаг болсон шүү дээ”.
Видео хувилбарыг дээрээс үзнэ үү.