Дайны нөхцөл байдлын улмаас ОХУ-аас Монголд олон мянган иргэн түр оршин суухаар ирээд байгаа билээ. МҮХАҮТ-аас цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан Монголд ирсэн ОХУ-ын жуулчдад тулгарч буй саад бэрхшээл, манай улсаас ямар дэмжлэг авах хүсэлтэй байгаа талаар судлагаа авчээ.
Судалгааг энэ сарын 10-25-нд цахим болон ярилцлагын хэлбэрээр авч, Монголд ирсэн ОХУ-ын нийт 426 жуулчдыг хамруулсан байна.
Судалгаанд оролцсон иргэдийн 83 хувь нь эрэгтэй, 17 хувь нь эмэгтэй байжээ. Мөн тэдний 65 хувь нь буриад, 25 хувь нь орос, 10 хувь нь бусад үндэс угсааны иргэд байсан байна. Судалгааны тайлангаас онцолж хүргэе.
ОРОС ИРГЭДИЙН 21 ХУВЬД ДАЙНААС ДҮРВЭЖ ИРЖЭЭ
Судалгаанд оролцогчдын 28.8 хувь нь аялал жуулчлалаар, 21.2 хувь нь Орос Украины мөргөлдөөнд оролцохоос татгалзан дүрвэж ирсэн, 18.3 хувь нь ажил хийх, 12 хувь нь суралцах зорилгоор ирсэн байна. Эдгээр иргэдийн 34.8 хувь нь Англи хэлээр ярьдаг, ойлгодог, 42.1 хувь нь Монгол хэлийг ямар нэг хэмжээнд ярьж ойлгодог бол 24 хувь нь Монгол хэл мэдэхгүй байна.
Бизнес эрхлэх, хөрөнгө оруулалт хийх зорилгоор ирсэн иргэдийн 75 хувь нь худалдааны салбарт, 12.5 хувь нь мэдээлэл технологи, харилцаа холбооны салбарт ажиллах сонирхолтой байгаа ба 43.8 хувь нь 10 мянган ам.доллар хүртэлх дүнгээр, 31.3 хувь нь 11-100 мянган ам.долларын дүнгээр, 25 хувь нь 100 мянган ам.доллароос дээш дүнгээр хөрөнгө оруулалт хийх төлөвлөгөөтэй байна.
ОРОС ИРГЭДИЙН 97.9 ХУВЬ НЬ УЛААНБААТАРТ БАЙРЛАЖЭЭ
Судалгаанд оролцсон иргэдийн 97.9 хувь нь Улаанбаатар хотод байрлаж байгаа ба 40.2 хувь нь түрээсийн байранд, 39.8 хувь нь зочид буудалд, 15.5 хувь нь найз нөхөд, гэр бүлийнхээ гэрт амьдарч байна гэжээ.
ӨДӨРТ ДУНДЖААР 166 МЯНГАН ТӨГРӨГ ЗАРЦУУЛЖ БАЙНА
ОХУ-ын иргэд Монгол улсад байх хугацаандаа нэг өдөрт дунджаар 161.6 мянган төгрөгийн, медиан утгаар 106 мянган төгрөгийн зардал гаргаж байна. Нэг өдөрт хамгийн их зардлыг байрлаж буй байрны түрээс болон зочид буудлын төлбөрт дунджаар 55.8 мянга, хоолны зардалд дунджаар 39 мянга, тээвэрт 12 орчим мянган төгрөг зарцуулж байна.
ОРОС ИРГЭДИЙН 82 ХУВЬ ВИЗЭЭ СУНГУУЛАХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА
Цаашид Монгол улсад хэр удаан хугацаанд байх төлөвлөгөөтэй байгааг тодруулахад 28.3 хувь нь нэг сараас дээш хугацаанд, 28.3 хувь нь Монгол улсад байнга оршин суух төлөвлөгөөтэй байгаа бол 34 хувь нь тодорхой хэлж мэдэхгүй гэжээ. Иргэдийн 82.6 хувь нь визээ сунгуулах хүсэлтэй байна.
90 ОРЧИМ ХУВЬ МОНГОЛД АЖИЛ ХИЙХ СОНИРХОЛТОЙ
-Ажиллах нөхцөл байдал бүрдсэн тохиолдолд судалгаанд оролцсон иргэдийн 90 орчим хувь нь ажиллах сонирхолтой байгаа ба мэдээллийн технологи (программ хангамжийн чиглэлээр), худалдаа үйлчилгээ, барилга, боловсролын салбарт илүү олон хүн ажиллах боломжтой бөгөөд судалгаанд оролцогчдын 17 хувь нь инженер, 9.3 хувь нь мэдээллийн технологи, программ хангамжийн инженер, 8.3 хувь нь багш, 5 орчим хувь нь эдийн засагч хуульч, 4 хувь нь эмч мэргэжилтэй байна.
ТЭДЭНД ТУЛГАРЧ БУЙ ХАМГИЙН ТОМ ХҮНДРЭЛ НЬ ВИЗ СУНГУУЛАХ, АЖИЛ ХИЙХ
Гадаадын иргэн ажиллуулахад компаниуд өндөр татвар төлдөг учир ажил олж хийх орлого олох, орон сууц түрээсийн төлбөр өндөр ба найдвартай түрээслэх байр олох, оршин суух зөвшөөрөл авах, виз сунгах зэрэг нь Монгол улсад байрлах хугацаанд тулгарч буй хамгийн гол хүндрэлүүд байна гэжээ. Түүнчлэн Монгол улсад банкны данс нээлгэн карт авах, гүйлгээ хийхэд бэрхшээлтэй байна гэсэн байна.
28 ХУВЬ НЬ МОНГОЛД НЭГ САРААС УДААН ХУГАЦААНД БАЙХ ХҮСЭЛТЭЙ
Монгол улсад ирээд ямар хугацаанд байгаа тухайд, 21.9 хувь нь 10 хоног дотор, 41 хувь нь 11-14 хоног, 36.9 хувь нь 14 хоногоос дээш хугацаатай байна гэжээ.
Цаашид Монгол улсад хэр удаан хугацаанд байх төлөвлөгөөтэй байгааг тодруулахад 9.3 хувь нь нэг сар хүртэлх хугацаанд, 28.3 хувь нь нэг сараас дээш хугацаанд оршин суух төлөвлөж байгаа бол 24.3 хувь нь Монгол улсад байнга оршин суух төлөвлөгөөтэй байна. Харин 34 хувь нь тодорхой хэлж мэдэхгүй байна гэжээ.
70 ОРЧИМ ХУВЬ НЬ МОНГОЛД БУЙ НАЙ НӨХӨД, ТАНИЛААСАА САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ АВЧ БАЙНА
Судалгаанд оролцогчдоос Монгол улсад байх хугацаандаа шаардагдах дэмжлэгээ хэнээс авч байгаа тухайд тодруулахад 70 орчим хувь нь Монгол улсад амьдардаг найз нөхөд, танилуудаас авч байна гэжээ. Шаардлагатай мэдээллээ хаанаас авч байгаа тухайд 83 хувь нь нийгмийн сүлжээгээр, 13 хувь нь танил найз нөхөд, 4 хувь нь веб хуудсаар авч байна гэжээ.
Цаашид монгол улсад байрлахад ямар дэмжлэг хэрэгтэй байгаа тухайд 28.3 хувь нь ажил хийж орлого олоход дэмжих, 16.7 хувь нь хямд үнэтэй түрээсийн орон байр олоход дэмжих, 20 хувь нь оршин суух зөвшөөрөл авах визний хугацааг сунгахад дэмжлэг хэрэгтэй байна гэжээ.