Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн цахим уулзалт саяхан болсон. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “гурван улсыг холбосон Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн хурдны авто зам барих төслийн урьдчилсан ТЭЗҮ бэлэн болсон гэдгийг мэдэгдээд энэ асуудлаар БНХАУ болон ОХУ-ын удирдлагуудтай ойрын хугацаанд уулзаж ярилцах хүсэлтээ илэрхийлсэн. Иймээс бид 2011 онд Төрийн өмчийн хорооноос зарласан “Азийн авто замын сүлжээний АНЗ хурдны авто замын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт орж шалгаран, 2012 онд концесс эзэмшигч болсон “Чингис Лэнд Девелопмент Групп-Шинэ хөгжлийн зам” ХХК -ийн ерөнхий захирал Эрдэнэ-Очирын Золзаяатай уулзаж ярилцлаа.
-Та бүхний “Алтанбулаг –Улаанбаатар-Замын Үүд” чиглэлд барих 1000 км хурдны авто замын ажил бараг 11 жилийн дараа эхлэх нь гэж ойлгож байгаа. Олон жил яригдсан гурван улсыг холбосон хурдны зам баригдаж эхлэх нь ээ?
-“Чингис Лэнд Девелопмент-Шинэ хөгжлийн зам” ХХК нь Алтанбулаг-Улаанбаатар-Замын Үүд” чиглэлд хурдны авто зам барих ажлаа эхлүүлэхэд аль хэдийн бэлэн болчихсон. Та бүхэн мэдэж байгаачлан манай компани бол Алтанбулаг-Улаанбаатар-Замын Үүд чиглэлийн хурдны авто зам барих тендерт 2011 онд ТӨХ-с зарласан тендерт орж 2012 онд шалгарсан. 2014 онд Эдийн Засгийн Хөгжлийн Яамтай 30 жилийн хугацаатай концессын гэрээг “Барих-Ашиглах-Шилжүүлэх, нөхцөлтэйгээр байгуулсан.
Гэрээнийхээ дагуу энэхүү 1000 км авто замын ТЭЗҮ, нарийвчилсан зураг төсөл, инженер, геологи, геодизи, гидрометрологийн судалгааны ажлыг Италийн PIZZAROTTI, английн STORM HARBOUR олон улсын зөвлөх компаниудтай хамтраад хийж гүйцэтгэсэн. Монгол улсад хурдны авто замын стандарт байхгүй учраас Стандарт Хэмжил Зүйн Үндэсний төвөөс зөвшөөрөл авсны үндсэн дээр уур амьсгал, байгалийн тогтоцын хувьд ижил төстэй Канад улсын Алберто мужийн стандартыг авч хэрэглэсэн. Тиймээс анх удаа бүтээн байгуулах гэж буй энэ ажилд бид маш хариуцлагатай хандсан. Бүхэл бүтэн 11 жилийн хугацаанд бид асар их хөрөнгө мөнгө зарж маш олон ажил амжууллаа. Хөрөнгө оруулалтаа ч шийдчихсэн.
-Нэгэнт хөрөнгө мөнгөө босгочихсон бол эхлэх нь тодорхой юм бишүү? Гэхдээ Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн цахим уулзалтын үеэр МУ-ын Ерөнхий сайд энэ хурдны замыг барих урьдчилсан ТЭЗҮ бэлэн болсон хэмээн хэлсэн. Урьдчилсан ТЭЗҮ гэхээр танайхыг хэлсэн үү?
-Ерөнхий сайд ямар учир шалтгааны улмаас ийм зүйл ярьсаныг мэдэхгүй юм. Гэхдээ урьдчилсан ТЭЗҮ гэдэг дээр тайлбар өгөх нь зөв болов уу. Яг үнэндээ урьдчилсан ТЭЗҮ-ээр санхүүжилт босгох боломжгүй. ОУ-н санхүүгийн байгууллагууд санхүүжилтийн хүсэлтийг нь ч хүлээж авахгүй. Учир нь урьдчилсан ТЭЗҮ гэдэг бол зүгээр төсөөлөл төдий зүйл, өөр юу ч биш. Жишээлбэл барилга барих гэж байгаа хүн цаасан макет үзүүлээд, ийм байшин барина гэж хэлэх нь урьдчилсан төсөөлөл.
Харин нарийвчилсан ТЭЗҮ гэдэг бол тухайн байшинг барих материал, ажлын зураг, цахилгаан дулаан дэд бүтцийн холболт, барих газрынх нь хөрснийх бүтэц, байгалийн тогтоц, инженерийн маш нарийн тооцоолол,ажлын тоо хэмжээ, хөрөнгө мөнгө гээд бүгд бэлэн болсоныг хэлээд буй. Энэ тохиолдолд банк хүлээн авч, хөрөнгө мөнгө яригдана гэсэн үг. Тэрнээс биш урьдчилсан ТЭЗҮ барьж очоод,”ЗГ өөрөө санхүүжилт авч уг төслийг хийнэ, ОУ-н тендер зарлана… “гээд ямар ч логикгүй зүйлс яриад санхүүгийн байгууллага дээр очвол Монгол улсын нэр хүндэд муугаар нөлөөлнө ш дээ. Ядаж улсынхаа нэрийг бодох хэрэгтэй юм.
Манай компани 2012 онд ТӨХ-с зарласан тендерт шалгарч, 2014 онд тухайн үеийн Эдийн Засгийн Хөгжлийн Яамтай гэрээ байгуулснаас хойш өөрийн болон өөрсдийн боломжоор олсон хөрөнгөөрөө нарийвчилсан ТЭЗҮ-г хийж, батлуулж, улсаас ямар нэгэн дэмжлэг авалгүйгээр, ажлуудаа амжуулчихсан. Олон улсын санхүүгийн байгууллагууд манай компаний гаргаж өгсөн нарийвчилсан материалуудыг түшиглэн мэргэжлийн экспертүүдийн багаараа санхүүгийн болон техникийн нарийвчилсан судалгаа шинжилгээ тооцоололуудыг иж бүрнээр нь хийж, эрсдэлийг тооцож байж дүгнэлтийг гаргасны үндсэн дээр хөрөнгө оруулалт хийх шийдвэр гаргасан билээ.
-Тэгвэл нэгэнт хийх ажлаа хийчихсэн танай компани ажлаа эхлэх нь цаг хугацаа, гарах зардал мөнгө, ашиг тусын хувьд ч илүү л юм байна шүү дээ. Би зөв ойлгож уу?
-Яг тийм. Хийх ёстой бүх ажлаа хийсэн бэлэн компани байхад дахин тендер зарлана гэж байхгүй байлгүй дээ. Манай компани бол Концессын гэрээтэй. Хэрэв энэ гэрээг цуцалж байгаа юм бол хоёр талаасаа дүгнэх учиртай. Тэгээд ч өөр төсөл хэрэгжүүлэгч гаргахыг зорьж байгаа бол өнгөрсөн хугацаанд бидний гаргасан хөрөнгө, мөнгийг төлөх ёстой. Энэ бол Монгол Улсын Үндсэн хууль болоод Концессын тухай хууль, манай концессын гэрээнд ч тусгагдсан байгаа. Концессын гэрээний 6,5: 6,6-рт тодорхой бий л дээ.
-Дэлхий даяар цар тахлын улмаас эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа. Энэ цаг үед дахин тендер зарлаж, дахиад л хөрөнгө мөнгө цацсан ажил хийхгүйгээ эрх биш энэ улс орны удирдагчид тооцоолж байгаа байлгүй дээ. Бүх ажлаа хийчихсэн, өнөөдөр ч ажлаа эхлэхэд бэлэн танай компанид боломж олгох биз?
-Бид гадны зээл, баталгаа, батлан даалтаар хөрөнгө оруулалтын асуудлаа шийдвэрлэчихсэн гэдэг бол том давуу тал мөн. Өнгөрсөн хугацаанд бид бүхэл бүтэн 1000 км хурдны зам барих судалгааны ажлуудыг хийхдээ олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын өндөр шаардлагын дагуу ажилласан. Мөн эдийн засгийн нарийвчилсан тооцооллуудыг ч давхар хийж байж ТЭЗҮ -ээ хийсэн гэдгийг онцлон хэлмээр байна.
Манай ТЭЗҮ бол нарийвчилсан ТЭЗҮ бөгөөд 2014 онд Зам Тээврийн Яамны Шинжлэх Ухаан, Технологийн Зөвлөлөөр баталгаажуулсан. Энэхүү ТЭЗҮ-ээ бүхэл бүтэн найман жилийн хугацаанд уйгагүй арчилж, update хийж, асар их хөдөлмөрлөсний эцэст Азийн Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтын Банк болоод бусад хөрөнгө оруулалтын сангуудын консерциумаас санхүүжилтээ босгоод байна. Манай компанийн хийсэн ТЭЗҮ бол маш нарийн, өндөр шаардлага, зарчмын дагуу хийгдсэн, нарийвчилсан ТЭЗҮ гэдгийг дахин хэлэхийг хүсч байна.
-Яг үнэндээ өнөөдөр манай улс орны эдийн засаг сайнгүй байгаа. Ямар нэгэн том төсөл, хөтөлбөрт батлан даалт гаргах хэмжээнд итгэл даах нь юу л бол. Гэтэл та бүхэн төрийн ямар нэг батлан даалт, бичиг сэлт гэхгүйгээр бүхэл бүтэн 1000 км хурдны зам барих хөрөнгөө өөрсдөө босгож чадсан гэж ойлгож байна. Зөв үү?
-Манай компани инженер-геологи, инженер-геодези, инженер гидромитрологийн судалгааг иж бүрнээр нь хийж дуусгасан. ОУ-н банк болон Хөрөнгө Оруулалтын сангууд нарийвчилсан судалгааны ажлуудыг, маш их нарийвчилж авч үздэг. Монгол Улсын босоо тэнхлэгийн дагуу 1000 км зам барихад манай улсын байгалийн тогтоц сонирхолтой л доо.
Тодруулбал, Алтанбулагийн эхлэх цэгээс 330 км хэсэг хангайн бүс, Мааньтаас урагшлаад 330 км орчим нь тал хээрийн бүс, тэндээсээ 340 км нь говь хээрийн бүс гэсэн байгалийн өвөрмөц, онцгой тогтоцтой. Эдийн засгийн тооцоололуудыг хийхэд эдгээр хөрсний болоод байгалийн тогтоцыг маш нарийн тооцоолсон. Ингэж тооцоолсны үндсэн дээр банк санхүүгийн байгууллага энэ хэсэгт энэ орчим хөрөнгө мөнгө орно, тэнд тийм хэмжээний хөрөнгө хэрэгтэй гэж тооцоолсны үндсэн дээр санхүүжүүлэхээр болсон гэж ойлгож болно. Найман жил уйгагүй хөдөлмөрлөж, ажилласан учраас санхүүжилтээ босгож чадсан юм шүү дээ.
Мөн БНХАУ-ын “Бүс ба Зам” хөтөлбөрт 2014 онд “Талын зам” нэрээр бүртгүүлсэн гээд бид өнгөрсөн 11 жилд маш олон ажлын ард гарсан. Яг үнэндээ “Чингис Лэнд Девелопмент Групп – Шинэ хөгжлийн зам” ХХК олон улсын хөрөнгө оруулалтын сангууд, банк санхүүгийн байгууллагуудтай урт хугацаанд ажилласны үр дүнд санхүүжилт авах хэмжээнд хүрсэн. Итгэл үнэмшил, урт хугацааны яриа хөөрөө, хэлэлцээ хийсний эцэст л хөрөнгө оруулалтаа татаж чадаж байгаа.
Хүний амьдралын нэг жил, нэг сар, бүр нэг хоног ч үнэтэй шүү дээ. Ийм байхад бид энэ төсөл дээр бүхэл бүтэн 11 жил зарцуулсан учраас ажлаа эхлэх нь шударга хууль ,ёсны ойлголт мөн биз (Инээв).
-Түүнээс гадна Монгол улсын ГХЯ-р дамжуулан UNESCAP (НҮБ-н Ази Номхон Далайн Бүсийн Орнуудын Нийгэм Эдийн Засгийн Комисс)-н сайт дээр “Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хурдны авто замын төсөл”-д хөрөнгө оруулагч хайж байна гэсэн зарыг бас л урьдчилсан ТЭЗҮ хийсэн гээд байгаа хүмүүсийн тавьсан зар байх нь тийм үү?
-Манай компани өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн ТЭЗҮ болоод судалгааны бусад ажлууддаа Монгол Улсын оюуны өмчийн газраар батлуулж зохиогчийн эрхийн гэрчилгээ авсан байгаа. Иймд оюуны өмчөөс маань хуулбарлан тавьсан зарыг бид харсан. Тухайн зарыг санхүүгийн шинжээч маань :
- Манай компаний Оюуны өмчийг хуулбарлан тавьсан байна.
- Урьдчилсан ТЭЗҮ гэгчдээ хурдны замын стандарт шаардлагат огт нийцэхгүй зүйлсийг багтаажээ. Тухайлбал: хурдны замын эгнээг 6 байхаар тооцсон манай тооцоог 4-н эгнээ болгож өргөнөөс нь хасч, хучилтийн хийцийн зузаанаас 60 см-г хасч тооцсон мөртөө хөрөнгө оруулалтын дүн нь бараг хэвээр нь байхаар зар тавьсан нь ”замыг нимгэлж, нарийсгаж иддэг технологи“ -иор хийгджээ гэж дүгнэсэн .
Ерөнхий сайдын “урьдчилсан ТЭЗҮ”-ний талаархи яриа болон энэ “зар” нь хууль бус зүйл бөгөөд мега төслийн санхүүжилт ийм явуургүй аргаар огт олдохгүй гэдгийг ухаарах хэрэгтэйг хэлмээр байна. Гадаадын өндөр хөгжилтэй орны төр засгийнхантай Монгол улсын төрийн өндөр албан тушаалтан улс төрийн яриа хэлцэл хийх явцдаа хариуцлагагүй, мэдлэггүй, мэдээлэлгүй яриа хийсэн нь харамсалтай. Ерөнхий сайдад зөвлөхүүд болон ажлын алба байдаг гэж ойлгож байгаа. ”Өөрийгөө бодож өнөөдрийг аргацаах биш ирээдүйг бодож алсыг харж ажиллах нь ухаалаг удирдлагын шинж“ гэж нэрт хуульч Б.Чимэд агсан эшлэснийг бодууштай санагдана.
-Тэгэлгүй яах вэ. Таньтай санал нэг байна. Хөрөнгө мөнгөө босгочихсон, ажлаа эхлэхэд бэлэн юм чинь замаа эхлүүлэх замдаа орох нь гэж ойлголоо. Зөв үү?
-Зам дагаж хөгжил ирнэ гэж бид ярьдаг. Хурдны авто зам баригдсанаар Монголчуудын хувьд бол дэлхийтэй энэ зэрэгцэхүйц хэмжээний хөгжил дэвшлийг авч ирнэ гэж бид харж байгаа. Манай ТЭЗҮ-д тооцоолсноор зам барилгын ажлын хугацаанд (2.5-3 жилийн хооронд) замын дагуух бүтээн байгуулалтууд хийгдэж шууд болон шууд бус нөлөөлөлийн үр дүнд 35000-45000 хүний ажлын байр шинээр гарч ирнэ.
Замын ажил цэгцэрсний дараа замын дагуух шинэ суурьшлын бүсүүд бий болж, 150-300 мянган хүн амтай дагуул хотууд бий болно гэж харж байгаа. Ингэснээр Монголчуудын хувьд бол гадаадад гарч ажиллах бус өөрийн эх орондоо, өөрийн гэр орон, хань ижил, үр хүүхдүүдийнхээ хажууд байж бүтээн байгуулалтын ажилд хүчин зүтгэж амьдралаа өөд нь татах боломж бүрдэнэ. Яг үнэндээ Монголчууд бүгдээрээ эрвийж дэрвийхээрээ зүтгэхэд сайхан амьдарч болох цаг үе ирж байна.
Хурдны замыг дагаад худалдаа үйлчилгээний олон цэг, амралт, аялал жуулчлал бизнесийн цогцолборууд, хэд хэдэн газарт шинэ суурьшлийн бүс, орчин үеийн эко хотууд байгуулагдана. Түүнчлэн Алтанбулаг, Замын-Үүд, Хөшигийн хөндийд худалдаа ложистикийн том төвүүд байгуулагдана. Энэ мэтчилэн бид хийх ажил, төлөвлөлт, бүх л зүйлээ бэлэн болгоод байгаа нь давуу тал юм.
Бид аливаа ажил хэргээ төрийнхөө шударга хуулийг дагаж мөрдөж ирсэн зарчмаараа үргэлжлүүлэх болно. Шударга хууль бол түмэн олны хүсэл зориг, төрийн ой санамж, залгамж чанарын дээд илэрхийлэл гэж ойлгож, биширч, хүндэтгэдэг.
-За бидний ярилцлага өндөрлөх дөхлөө. Танд нэмж хэлмээр зүйл байгаа юу ?
-“Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хурдны авто зам төсөл”-ийн зам барилгын ажлаа эхлүүлэх гэж байгаадаа баяртай байна. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.