Алдаа гаргасан бол хариуцлага хүлээх нь зүйн хэрэг. Алдаагаа ухамсарлаж, уучлалт гуйх нь улс төрийн соёл. Өнөө цагт Монголд эмэгтэй хүн аль ч салбарт дүр болоод, дүүлж явах боломж нөхцөл хаалттай, хаагдмал байна. Ялангуяа, улс төрд. Бид хэтэрхий субьектив хараад, эмэгтэйчүүдээ “балбаад” байх шиг. Эрэгтэй сайд, дарга нар үргэлж шахам гаргадаг үг, үйлдлийг эмэгтэй улс төрчид хийнгүүт олноос онцгойлж хараад, элдвээр шүүмжлээд байгаа юм биш үү.
Эмэгтэй хүн өнгөтэй, өөдтэй, манлайлагч, тэргүүлэгч явж яагаад болохгүй гэж. Дүр болж, хөрөнгөтэй, өндөр албан тушаалтай болсон эмэгтэйчүүдийг хэн нэгэн томоохон албан тушаалтантай нэр холбодог, элдвээр хэлдэг, шүүмжилдэг хандлага жирийн л зүйл мэт боллоо. Эмэгтэй хүн яагаад өөрийн хүчээр амжилтад хүрч болохгүй, чадахгүй гэж. Энэ хандлага салбартаа цойлж буй олон, олон лидер, дүр болж яваа эмэгтэйчүүдийн амжилт, хөдөлмөр, зүтгэлийг үнэгүйдүүлээд байх шиг. Тухайлбал, Б.Болор-Эрдэнээр жишээ татъя. Тэрбээр Харилцаа, холбоо мэдээллийн технологийн газрын даргаар сайн ажилласан гэж салбарынхан нь үнэлдэг. И-Монголиаг нэвтрүүлсэн нь жин дарах ажлын үр дүн мөн үү мөн. Дарга болонгуут нь түүнийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн “нууц амраг” гэх яриа гарах болсон. Нөгөө л нэг манлайлагч эмэгтэйчүүдийг үгүйсгэх, харлуулах “технологи”-ийн золиос болсон нь энэ.
Олон улсын хуралд оролцохдоо өмнөх үеэ үгүйсгээд ярьсан нь түүний буруу юу гэвэл буруу. Гэхдээ Дэд сайдын албан тушаалаас нь буулгах хэмжээний алдаа мөн үү гэвэл эргэлзээтэй. Хийе, бүтээе гэсэн сэтгэлтэй, боловсролтой эмэгтэйчүүдээ монголчууд бид сошиалд балбаж, “мишок” болгож буйн горыг Б.Болор-Эрдэнэ амслаа.
Эрэгтэй улс төрчид энэ байтугай алдаа гаргадаг, гэтэл тэднийг Д.Сарангэрэл, Б.Болор-Эрдэнэ нарыг сошиалд “балбасан” шиг шүүмжилж, эсэргүүцсэн нь хэд билээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннантай уулзаад ирлээ гээд өнгөрсөн жил ярилцлага өгч байсан. 2018 онд нас барсан хүнтэй уулзаад ирлээ гээд 2021 онд ярилцлага өгч зогссон нь “Арай ч дээ” гэмээр зүйл мөн үү мөн. Ийм хариуцлагагүй яриа өгсөндөө У.Хүрэлсүх хариуцлага хүлээсэн үү, хүлээгээгүй. Эрэгтэй улс төрчид ёс зүйн алдаа гаргасан ийм жишээ олон.
Эмэгтэй хүн болж төрсөн нь бүсгүйчүүдийн буруу биш. Адилхан л хүн. Амжилт гаргавал эрэгтэйчүүдтэй адил үнэлье, дэмжье. Алдаа гаргавал эрчүүдтэй адил хариуцлага хүлээлгэе. Үнэндээ бид эмэгтэйчүүдээ санаатай, санамсаргүйгээр “Малена”-даад, түүнээсээ таашаал аваад дасчихлаа. Үүнийгээ анзаарахгүй байгаа хүн олон байх шиг.
Бүхий л салбарт эрэгтэйчүүд л манлайлж, лидер байх албагүй. Мэдлэгтэй, боловсролтой, супер эмэгтэйчүүд цойлж чадвал хүлээн зөвшөөрье. Эмэгтэй хүн гэдэг өнцгөөс харж, өө хайх бус адилхан л хүн гэж хандъя.