Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 километр хатуу хучилттай авто замын эхний хоёр эгнээ замыг дөрвөн жилийн дараа нээлээ. Салбарын хариуцсан мэргэжилтнүүд нь “Бид амласандаа хүрлээ” хэмээн мэдэгдлээ. Гэвч үүнийг шинэ бүтээн байгуулалт гэхэд хэцүүхэн. Өөрөөр хэлбэл, эрх баригч намынхан аль 2016 оноос л дөрвөн эгнээтэй зам тавина хэмээн мунгинасаар эхний хоёр эгнээг нь дөрвөн жилийн дараа дөнгөн данган, шахаанд орсны эцэст нээж байна. Тэд Дарханы замыг нурааж хаячихаад, дахин хуучин хэвэнд нь оруулах гэж бүхэл бүтэн зургаан жилийг зарцууллаа.
Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 километр авто замыг өргөн шинэчлэх ажил 2016 он буюу Ж.Эрдэнэбатын Засгийн үеэс л яригдаж эхэлсэн. Гэвч сунжирч явсаар өдийг хүрлээ. Тус чиглэлийн замын эхний хоёр эгнээн Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр, дараагийн хоёр эгнээг нь Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр тус тус тавихаар болсон. Гэвч цар тахлаас шалтгаалсан хил гаалийн гацаа, барилгын материалын хомсдол, хариуцлагагүй компани сонгон шалгаруулсан зэрэг хэд хэдэн алдаа дутагдлаас болж, ийнхүү таван сайдын нүүр үзэж, 2023 онтой золгох гэж байна.
Дарханы замыг хуулснаас хойш тус замаар зорчиход хүндрэлтэй, хэт их тоосжилттой, үүнээс үүдэж осол гардаг зэрэг осол асуудал давтагдаж байна. Тээврийн цагдаагийн албанаас гаргасан мэдээллээр Монгол улсад жилд 500 орчим хүн зам тээврийн ослын улмаас амь насаа алдаж байна. Үүнээс яг хэд нь Дархан-Улаанбаатар чиглэлийн зам дээр болсон бэ гэдгийг тооцоолж гаргасан зүйл байхгүй хэдий ч сэтгэл эмзэглэм тоо, дүр зураг эндээс гарч ирэх нь ойлгомжтой юм. Эндээс, иргэд “Дарханы замыг яарч сандран хуулчихаад, замаа барьж чадаагүй. Үүнээс үүдэж олон хүн өнчрөл хагацал үзлээ. Хариуцлагаа хүлээ” хэмээн ам асууж байна.
Ийнхүү таван жилийн өмнө Дарханы замыг дөрвөн эгнээтэй болгохоор эхэлсэн эрх баригчид хийх ёстой ажлынхаа 50 хувьд нь ирж байна. Одоо дахин хоёр эгнээ замыг хэрхэн тавихыг иргэд анхааралтай ажиглаж байна. Дарханы зам бол бүхэл бүтэн тусгаар улс 200-хан километр зам тавьж чадахгүй асар удаан хугацаанд мунгинасан томоохон алдаа учир дараа дараагийн удаад ийм асуудал гаргахгүй байхад анхаарах хэрэгтэй болжээ.