УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны энэ оны аравдугаар сарын дөрөвний өдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
- "Хөгжлийн зорилтот хөтөлбөр батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Төслийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.
Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 6.5-д Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэхэд чиглэсэн Дунд хугацааны буюу арван жилийн хугацаанд хэрэгжих хөгжлийн бодлогын баримт бичиг нь дараах Хөгжлийн зорилтот хөтөлбөр байна гэж заасан байдаг. Үүнд:
1. хүний хөгжлийн зорилтот хөтөлбөр;
2. нийгмийн хөгжлийн зорилтот хөтөлбөр;
3. эдийн засгийн болон дэд бүтцийн хөгжлийн зорилтот хөтөлбөр;
4. байгаль орчны зорилтот хөтөлбөр;
5. засаглалын зорилтот хөтөлбөр;
6. бүсийн хөгжлийн зорилтот хөтөлбөр;
7. үндэсний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилтот хөтөлбөр юм.
Үүний дагуу Монгол Улсын дунд хугацааны Хөгжлийн зорилтот хөтөлбөрийн төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулж нийт 1000 гаруй хүн төслийн хэлэлцүүлэгт оролцож, саналаа тусгасныг Ч.Хүрэлбаатар сайд танилцуулгадаа онцлов.
Мөн “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг нь Монгол Улсын ирээдүйн 30 жилийн хөгжлийг тодорхойлсон, Монголын Эзэнт гүрний түүх, нүүдэлчин соёл иргэншил, үндэсний давтагдашгүй онцлогт суурилж, дэлхийн хөгжлийн дэвшилтэт үзэл баримтлалтай хослуулсан “Монгол хөгжлийн загвар” юм. “Алсын хараа-2050” нь 2030, 2040, 2050 он хүртэл 3 үе шаттайгаар хэрэгжих бөгөөд Хөгжлийн зорилтот хөтөлбөрүүдийг боловсруулахдаа “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод туссан эхний арван жилд хүрэх зорилго, зорилтуудыг бүх салбарын оролцоотойгоор хангахад чиглүүлж, нийгэм, эдийн засаг, байгаль орчны асуудлыг цогцоор авч үзэн, хөгжлийн үр шимийг иргэн бүрд тэгш, хүртээмжтэй хүргэх зарчмыг баримтлан боловсруулсан гэлээ.
Хөгжлийн зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 2030 онд эдийн засгийн жилийн дундаж өсөлтийг 6 хувьд хадгалах, хүний хөгжлийн индексийг 0.74-өөс 0.85 оноонд хүргэх, дундаж наслалтыг 70.7-оос 78 болгож нэмэгдүүлэх, мөн ядуурлын түвшнийг 28.4-өөс 15 хувь болгож бууруулах, засаглалын үр нөлөөний үзүүлэлтийг 45.7-оос 71.9 нэгж болгон өсгөх, үндэсний өрсөлдөх чадварын индексээр дэлхийд эзлэх эрэмбийг 20 байраар урагшлуулах, бүтээмжийг нэмэгдүүлэх зэрэг томоохон зорилтуудыг тусгасныг салбарын сайд танилцууллаа.
Ингээд Монгол Улсын Засгийн газраас энэ оны долдугаар сарын тавны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Хөгжлийн зорилтот хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь дэмжлээ.
Тогтоолын төслийг хэлэлцсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн Х.Булгантуяа танилцуулахаар болов.
- "Төрөөс мөнгөний бодлогын талаар ирэх онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Үргэлжлүүлэн “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” төслийн талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцууллаа.
Ирэх жилд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэл нь цар тахлын сөрөг нөлөө бүрэн арилаагүй, дэлхий нийтэд геополитикийн хямрал нүүрлэж, тодорхой бус байдал туйлын өндөр, амаргүй цаг үед боловсруулагдсан. Иймд эдийн засгийн дунд хугацааны тогтвортой байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс сэргийлэх, түүнтэй уялдуулсан бодлогыг төрийн эрх бүхий байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх зорилтуудыг дэвшүүлж байгаа. Дэлхий нийтэд тодорхой бус байдал өндөр үед төсөв, мөнгөний бодлого нь харилцан уялдаатайгаар эдийн засгийг тогтвортой байдлыг хангаж, бизнесийн орчны тогтвортой байдал, иргэдийн амьжиргааг хамгаалахад чиглэсэн гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч онцлов.
Төв банкнаас ирэх онд эрдэс бүтээгдэхүүний экспорт хэвийн түвшинд хүрч, уул уурхайн салбарын өсөлт нэмэгдэж, уул уурхайн бус салбар тогтворжино. Экспорт сайжирч, 2023 онд эдийн засаг 4-5 хувиар өснө гэсэн тооцооллыг хийсэн байна.
Түүнчлэн 14.4 хувьтай байгаа инфляцыг ирэх оны эцэст нэг оронтой тоонд хүрж, инфляцын зорилтын дээд интервалд дөхөх хүлээлттэй байгаа бөгөөд цаашид инфляцыг 6%-ийн голчтой +/-2 хувийн интервалтай түвшинд тогтворжуулах дунд хугацааг харсан мөнгөний бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөж буйгаа Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэллээ.
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн С.Чинзориг танилцуулахаар тогтсоноор хуралдаан өндөрлөлөө хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.