УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн бодлогын хэрэгжилт, үр дүн” Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн тайлан хэлэлцэх үеэр Ц.Идэрбат
- Хүнсний /талон/
- Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар ийн ярилаа.
Эдийн засаг сэргэж байж сая ажлын байр нэмэгдэнэ. Ажлын байр нэмэгдсэнээр бусад салбар ч мөн сайжирдаг зүй тогтолтой. Бид цар тахал, дайн байлдаан, түүнтэй холбоотой тээвэр ложистик гээд маш хүнд үеийг дэлхий нийтээрээ туулж байна. Энэ үед халамжийг тодорхой хэмжээнд багасгах ёстой. Гэхдээ өнөөдөр тохиромжтой цаг үе нь биш.
ТАЛОН АВЧ БАЙГАА ИРГЭДИЙГ АЖИЛЛАХ НӨХЦӨЛӨӨР ХАНГАХ ХЭРЭГТЭЙ
Гэхдээ манай ажиллах хүчний нэлээдгүй хэсгийг эзэлж байгаа хүнсний талон авч буй 130 мянга гаруй иргэдийг хөдөлмөрийн зах зээлтэй уялдуулах талоноос нь шууд хасах биш, ажиллах нөхцөлөөр хангах хэрэгтэй.
Энэ тогтолцоог хөдөлмөр халамжийн ерөнхий газар хийх бус анхан болон дунд шатад нь зохицуулалтыг хийж чадвал маш хурдтайгаар өөрчлөлт хийгдэнэ.
ИРГЭД ХӨДӨЛМӨРӨӨ ШУДАРГААР ҮНЭЛҮҮЛДЭГ ТОГТОЛЦОО ХЭРЭГТЭЙ БАЙНА
Хөдөлмөрийн хууль өнөөдрийн хөдөлмөрийн зах зээл дээр ямарваа нэгэн ахиц авчрахгүй байна. Шинэ эрх зүйн орчин бий болоод иргэд 14 цаг биш найман цаг ажиллах боломжтой болсон. Гэтэл энэ тухай иргэд мэдэхгүй хэвээр байна. Үүний хэрэгжилтийг хангах тал дээр салбар дундын холбоо харилцаагаа сайжруулах хэрэгтэй гэж үзэж байна.
Хөдөлмөр шударга үнэлэгддэг, хүний хөдөлмөрийг бодитойгоор үнэлдэг тогтолцоо манайд дутагдаж байна. Үүнийг бүрэн хийж чадвал олон ажлын байр эзэнтэй болно.
Солонгос улс руу яагаад залуус явж байгаа нь нэгт тэнд цалин өндөр. Хоёрдугаарт хөдөлмөр шударга үнэлэгдэж байна.Тэнд залуусын ажил эхлэх цагтаа эхэлж, дуусах цагтаа дуусдаг.Илүү цаг ажиллах бол илүү цагийн хөлсөө авахаар тохирон үргэлжлүүлэн ажилладаг.
Гэтэл Монголд 14 цаг ажиллуулаад найман цагийн хөлс өгч байгаа нь энэ ажлын байранд хүн ажиллах боломжгүй байдлыг бий болгож байна.
Мөн хөдөлмөрийн маргаан, цалин хөлстэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд одоогийн хуулиар 120 өдөр шаардлагатай. Үүнийг түргэвчлэх өөрчлөлтийг хийх шаардлагатай байна.